Сангийн сайд Ж.Эрдэнэбат албаны бусад хүмүүсийн хамт өчигдөр /I.28/ Гаалийн ерөнхий газарт ажиллажээ.
Сангийн сайд гаальчидтай уулзахдаа хамгийн сүүлд явуулсан судалгаагаар гаалийн байгууллагыг хүнд сурталтай, авлига авдаг, гаалийн ажилтнууд ёс суртахууны болон зан харилцааны доголдол гаргадаг гэж дүгнэснийг дурдаад “Үнэхээр ийм хүнд суртал гаргаж гадаад худалдаанд оролцогч нарт хүндрэл чирэгдэл учруулдаг, авлига авдаг нөхцөл байдал байгаа бол хамгийн түрүүн үүнээсээ салах шаардлагатай”-г анхааруулсан байна. Тэрээр цааш нь, “Хүнд суртал, авлига авах нөхцөл бүрдэх гол шалтгаан нь гаалийн ажилтан, гадаад худалдаанд оролцогч нарын нүүр тулсан харилцаа байдаг. Иймд нүүр тулсан харилцааг аль болох багасгаж мэдээллийн автоматжуулалт, цахим бүрдүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах шаардлагатай. Хилийн боомтод ерөнхий газраас томилогдсон групп очиж ажиллахад тухайн өдрийн татварын орлого хоёр дахин нэмэгддэг, томилогдсон групп буцахад татварын орлого эргээд буурдаг гэсэн мэдээллийг сайд миний бие хүлээн авлаа. Ийм нөхцөл байдал үнэхээр байдаг бол шуурхай таслан зогсоо” гэсэн үүрэг даалгавар өгчээ.
Энэ онд гаалийн байгууллагаас улсын төсөвт төвлөрүүлэх татварын орлогын төлөвлөгөөг харьцангуй бодитой тогтоосныг дурьдаад, Монгол Улсын төрийн санг арвижуулахын төлөө хамтдаа хичээн ажиллаарай гэдгийг захижээ.
Д.ЦЭЦ