Энэтхэгийн хойд хэсгийн мужууд болон Балба улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Тихар” буюу гэрлийн баяр Даваа гаригт /2018.11.05/ эхэллээ. Тус баяр нь нийт гурван өдөр үргэлжилдэг бөгөөд нэг өдөр нь үхэр, нөгөө өдөр нь нохой, гурав дахь өдөр нь хэрээ зэрэг амьтныг баярлуулж, буян үйлддэг уламжлалтай ажээ.
Өчигдрийн хувьд /2018.11.06/ нохдын өдөр болж өнгөрсөн байна. Тус өдөр нохдыг баярлуулан, духан дээр нь “Тика” хэмээн нэрлэгддэг улаан тэмдгийг тавьж, цэцгэн титэм зүүлгэн, цадтал нь хооллодог аж.
Хинду шашинд нохойг үхлийн бурхан Ямаражийн улаач гэж үзэн, тэдэнд сайн хандсанаар үхлийн бурхныг тайтгаруулдаг гэж үздэг. Тус баярын үеэр зөвхөн гэрийн тэжээвэр нохдоор зогсохгүй гудамжны золбин нохдыг ч бас алагчлалгүй баярлуулдаг ажээ. Энэ өдөр нохойг сайн чанарын мах болон бусад хүнсээр хооллодог уламжлалтай аж.
Түүнчлэн үхэр, хэрээг ч бас баярлуулан, хооллож, арчлан баярын нэг хэсэг болгон хамтдаа тэмдэглэдэг байна. Хинду шашинд хэрээ нь уйтгар гунигийг бэлгэддэг бөгөөд тэднийг хооллож, сайн хандсанаар өөрийгөө уй гашуу, зовлон хагацлаас хамгаалдаг гэж үздэг.
“Тихар” фестивалийн гурав дахь өдөр буюу өнөөдөр “үхрийн өдөр” болж байна. Үхэр нь хиндуизмд хөгжил цэцэглэлт, баян тансаг байдлыг бэлгэддэг бөгөөд түүнийг эд баялгийн бурхан Лакшмийн элч гэж үзэн ихэд дээдэлдэг аж. Энэ өдөр үхрийн бие дээр будаг түрхэн ёслол үйлдэж, хамгийн сайн чанарын өвсөөрөө хооллодог байна.
Бас нэгэн сонирхолтой зүйл нь “Тихар” баярын үеэр Балбад хүмүүсийг мөрийтэй тоглоом тоглохыг зөвшөөрдөг байна. Гэхдээ жилийн бусад үед мөрийтэй тоглоом тоглох нь хууль бус үйлдэл ажээ.
Эх сурвалж: ВВС