“Ард санхүүгийн нэгдэл” компанийн гуравдугаар улирлын тайлан гарчээ. Энэ талаар тус компанийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Б.Золбоотой ярилцлаа.
-“Ард санхүүгийн нэгдэл”-ийн гуравдугаар улирлын тайлан гарчээ. Тайлангийн үр дүн болоод хувьцаа эзэмшигчдэд хувь хүртээх асуудлын талаар?
-“Ард санхүүгийн нэгдэл” энэ жил нэлээд төсөлд хөрөнгө оруулалт хийсэн. Энэ оны гуравдугаар улирлын тайлангаар манай компанийн нийт ашиг 3.5 тэрбум төгрөгт хүрсэн. Мөн энэ жилийн нэг онцлох үйл явдал нь “Ард даатгал”-ын IPO-г хөрөнгийн биржид гаргаж нэгж хувьцаагаа 700 төгрөгөөр үнэлсэн. Ингэхдээ 5.25 тэрбум төгрөг татахаар төлөвлөсөн боловч долоон тэрбум төгрөгийн захиалга ирсэн. 1300 гаруй харилцагч Ард даатгалын IPO-д оролцсон байна. Энэ хугацаанд манай хувьцааны ханш өсч байгаа.
Ард санхүүгийн нэгдлийн хувьд өсөлтийн шатанд явж байгаа бизнес. Тиймээс олсон ашгаа үйл ажиллагаагаа өргөжүүлж илүү ашиг олохын төлөө явна. Ингэснээр хувьцаа эзэмшигч илүү ашиг хүртэх боломж бүрдэх юм. Хэрэв компанийн эрхэлж буй бизнесийн зах зээл тулсан гэж үзвэл олсон ашгаа хувьцаа эзэмшигчдээ ногдол ашиг хэлбэрээр тараах болно. Магадгүй шинэ бизнес эрхлэхийг зоривол ашгаа хөрөнгө оруулалт болгох боломж бий.
-Тэгвэл танай компани хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараалгүй шинэ төсөлд санхүүжилт хийж хувьцааныхаа үнэлгээг өсгөхийг эрмэлзэж байна гэж ойлгож болох уу?
-Манай компани санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Одоогоор 14 охин компанитай. Бид санхүү болон технологийн салбарт хөрөнгө оруулдаг. Тиймээс финтекийн салбарт хөрөнгө оруулалт хийхийг зорьж байгаа. Дашрамд дурдахад, бид ажиллаж буй салбарынхаа үйл ажиллагааг хооронд нь уялдуулж шинэ төсөл эхлүүлэхээр ажиллаж байгаа. Тун удахгүй танилцуулах болно.
-Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлийн лангуун дээрээ шинэ бараатай болсноор хөгжих боломж бүрдэж байгааг мэргэжилтнүүд онцолдог. Гэхдээ жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах тал нь хэт сул байна гэх шүүмжлэл бий. Тухайлбал, танай компанийн гуравдугаар улирлын тайлангаас харвал хувьцаа эзэмшигч ногдол ашиг хүртэх нь гэсэн хүлээлт үүсэх бололтой?
-Манай компани улирлын тайлангаар байгууллагын пэйж хуудсаар шууд бичлэг хийсэн. Мөн вэб хуудастаа байршуулсан. Тэгэхээр хувьцаа эзэмшигчид маань компанийнхаа үйл ажиллагаатай танилцах, ашиг орлого зэрэг бүхий л мэдээллийг нээлттэйгээр авах боломжтой. Ногдол ашиг өгөх эсэх шийдвэрийг хувьцаа эзэмшигчийн хурлаар гаргах бөгөөд хувьцаа эзэмшигчид бүгд оролцож болно. Магадгүй жижиг хувьцаа эзэмшигч санал өгөх боломжгүй гэж бодож байгаа ТУЗ-ийн хараат бус гишүүд жижиг хувьцаа эзэмшигчийг төлөөлж байдаг учраас түүнд өөрийн санал бодлыг хэлж дамжуулах хэрэгтэй. Ер нь засаглалыг харж байгаад хөрөнгө оруулалт хийх нь илүү зөв шийдэл болно. Санхүүгийн үйлчилгээ цэвэр итгэлцэл дээр тогтдог. Хэрэв ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд нэгдсэн эсвэл тухайн бизнесийн талаарх мэдээлэл хомс, ойлгомжгүй бол тухайн хөрөнгө оруулагч сонголт хийж болно. Өөрөөр хэлбэл, бизнес төлөвлөгөөтэй танилцан хэдий хугацааны дараа ашиг хүртэх, цаашид хэрхэн өргөжих вэ гэдгээс нь шалтгаалж санхүүжүүлэх эсэхээ шийд гэсэн үг. Мэдээж их, бага хэмжээгээр хөрөнгө оруулж байгаа бол түүнийгээ хэрхэн өсгөх вэ гэдэг хамгийн гол зорилго. Тэгэхээр санхүүгийн салбарт бизнес оруулах гэж байгаа бол судалгаа хийхийн зэрэгцээ компанийн засаглалыг нь сайтар судлах хэрэгтэй юм.
-Танай компани хөрөнгийн зах зээл дээр нэлээд идэвхтэй ажиллаж байгаа. “Монгол шуудан”, “Жинст Увс”, “Ард даатгал” гээд компаниудын үр өгөөж болоод жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрхэн хамгаалах вэ?
-IPO хийнэ гэдэг санхүүгийн зах зээлээс хүүгүй мөнгө босгож буй хэлбэр. Гэхдээ үйл ажиллагаа нь нээлттэй байж олсон ашгаа хөрөнгө оруулагчидтайгаа хуваалцана шүү дээ. Нөгөөтэйгүүр IPO-гоор дамжуулан хөрөнгө оруулагчдыг хохироох вий гэсэн болгоомжлол гарахыг үгүйсгэхгүй. Гэвч IPO хийхийн тулд олон шалгуур давдаг. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хорооноос тавьж байгаа шалгуурыг давсны дараа эрх нь нээгддэг. Хамгийн наад зах нь тухайн компанийн ажлын тайлан аудитаар баталгаажуулсан. Хуулийн фирмээр үйл ажиллагаагаа хянуулсан байх зэрэг шаардлага бий. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн зах зээлийн хамгаалах зорилготой учраас залилангийн төрлийн IPO хийгдэх боломжгүй гэдгийг хэлмээр байна.
-Манай улсын хөрөнгийн зах зээлд оролцогчид хөрөнгөө эргэлдүүлэхээс илүүтэй ногдол ашиг авахыг чухалчилдаг гэж болно. Тэгэхээр хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл хүргэх, мэдлэг түгээх талд танай компани ямар ажил хийж байна вэ?
-“Ард академи”-аар дамжуулан долоо хоног бүрийн бямба гаригт сургалт зохион байгуулдаг. Хэрэв хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийг зорьж байгаа бол зайлшгүй мэдлэг, мэдээлэл түгээх шаардлага бий. Судалгаанаас харахад хөрөнгийн зах зээлд ажиллаж байгаа оролцогчдын 20 мянга нь мэдээлэлтэй байх бөгөөд түүнийгээ сайтар боловсруулан хөрөнгө оруулдаг. Харин бусад хэсэг нь сэтгэл хөдлөлөөр ажилладаг юм байна. Мөн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах, тараахгүй, хувьцааны ханш их, бага гэх мэтчилэн асуудал гардаг. Ер нь хөрөнгө оруулна гэдэг бол ирээдүйд өсөлттэй байх хувьцааг сонговол хуримтлал үүсгэх боломж бүрдэнэ. Эсвэл ногдол ашиг тараах төслийг санхүүжүүлж улирал тутам ашгаа хүртэж бас болно. Энэ мэтчилэн хөрөнгийн зах зээл дээр сонголт бий. Хамгийн гол нь хүмүүс мэдээлэлтэй байх ёстой. Үүний тулд тухайн зах зээлд ажиллаж байгаа компаниуд анхаарлаа хандуулах хэрэгтэй юм.
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН
Холбоотой мэдээ