УИХ: Б.Батзоригийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

LiveУИХ: Б.Батзоригийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

УИХ: Б.Батзоригийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ
11 : 12
2018-11-7

Гишүүдийн 86.8 хувь нь Б.Батзоригийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх Монгол Улсын Ерөнхий прокурорын хүсэлтийг чуулганаар хэлэлцэж, гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-2015 онд Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулж баталсан. Тухайн үед Хуульзүйн, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжингийн удирдлага дор баталсан. Тус эрүүгийн хуулийн гол арга ясыг барьж батлуулсан хүн бол таны орлогч УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат гэж хүн бий. Эрүүгийн хуультай хамт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль мөн батлагдсан. Харамсалтай нь, эцсийн найруулга сонсож чадаагүй гэдэг шалтгаанаар уг хуулийн төсөл хэрэгжээгүй байсан. Ингээд 2016 онд дахин тус хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах  төсөл УИХ-дээр орж ирсэн. Үйлийн үртэйгээрээ би л ахалсан. Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх хуулийн гол зорилго нь хэргийг мөрдөгч биш танай прокурор байгууллага анхнаас нь хөтөлж шалгах  мөрдөх үүрэг хүлээсэн. Гэтэл би ял шийтгэлийн бодлогыг бууруулсан мэт Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан над руу  хэлж болохгүй. Өнөөдөр Монголын шоронд найман мянга гаруй хүн ял эдэлдэг байсан бол шинэ Эрүүгийн хуулийн үр нөлөө өгөөжөөр гурван мянга гаруй хүн ял эдэлж байна.

Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн:

-Хуулийн буруутай гаргалгаа бидэнд байсныг үгүйсгэхгүй. Эдийн засгийн ил тод байдлын тухай гээд балай хууль гаргасан. Бүх гэмт хэргийн үйлдлээ дарагдуулах боломжийг уг хуулиар бий болгосон. Мөн үүнтэй зэрэгцүүлээд Өршөөлийн тухай хуулийг баталсан. Нуун дарагдуулсан хэрэг дээр эрүү үүсгэж болохгүй гээд  заачихсан. Мөн нөгөө талаар томоохон гэмт хэргүүд болох эх орны эрх ашгаас урвана гэдэг бол аюултай зүйл. Дээр үед бараг хадаас хулгайлсан хүн шоронд ордог байсан юм. Гэтэл одоо эх орноо зарж болохоор болчихсон.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин:

-УИХ-ын баталсан хуулийн дагуу яваад ийм болчихлоо гэж хэлж байна. Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хоёрын яриа зөрж байна. Улсын Ерөнхий прокурорт бүх эрх мэдлийг хангалттай өгчихсөн гэж хэлж байна. Гэтэл Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Хууль зүйн яам бүгдийг гацаагаад байна гэх юм. Асуудлыг бие бие рүүгээ чихсээр байх уу. Үүнийгээ засъя л даа. Мөн гишүүдийн яриад байгаа өмнөх том хэргүүд одоо хүртэл шийдэгдэхгүй байгаа нь үнэн. Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланг заавал хүн барих тухай асуудал оруулж ирэхийг таны ажил гэж бид дүгнэхгүй. Гол нь яригдсаар байгаа томоохон хэргүүдийн үнэн, худал эсэх асуудлыг нэг талд нь гаргамаар байна. 60 тэрбумын хэрэг хоёр жил, таван сар боллоо. Ямар хэргүүд нь ийм хурдан, ямар нь удаашралтай байгаад байдаг юм бэ. 

Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-Б.Батзориг сангийнхаа төлөө хийсэн хэрэгт нь улстөрийн хариуцлага хүлээлгэчихлээ. УИХ-ыг тараах ажил сүүлийн нэг жил зохион байгуулалттай явагдаж байна. Тарна гэж энэ индэр дээрээс хүртэл мэдэгдсэн. Үүний дараа нэвтрүүлэгт хүртэл ороод дараа нь уг асуудал УИХ-д орж ирж байгаа байдлыг харж л байгаа шүү дээ. Энэ төр хаашаа яваад байна вэ. Засаглалын тогтолцоог ингэж хийж болохгүй.

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Батзориг ямар нэгэн тайлбар хэлсэнгүй. Гишүүд үг хэлж дууссаны дараа Б.Батзоригийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 86.8 хувь нь үзлээ.

10 : 31
2018-11-7

М.Энх-Амгалан: Та нарын баталсан хууль бидэнд саад болж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар Монгол Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэж байна.

 Уг асуудлаар өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг мөн Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Байнгын хороодын санал дүгнэлтийг УИХ-ын чуулганаар танилцуулсантай холбогдуулан  гишүүд үг хэлж байна.


УИХ-ын Д.Оюунхорол:

-Монголын улс төрд бий болсон өнөөгийн нөхцөл байдал нийгмийн бухимдуулж байгаа. Монголын улс төрд ард түмэн итгэл алдарсан. Зарим гишүүн аливаа асуудал үүсмэгц улс төржүүлж асуудлыг өөр тал руу нь хандуулдаг  нь харамсалтай.  Сонгууль болоход богино хугацаа үлдсэн. Иргэдийн гомдлыг тооцоолж байна уу. УИХ-ын Л.Болд гишүүн улс төрийн нэмэх оноо авах гэж дандаа чуулганы индэр дээрээс ард түмэн рүү турхирдаг. Монголын парламент харьцангуй сайн ажиллаж байгаа. Бид аливаа төсөл хөтөлбөрийг гацаалгүйгээр явуулж байгаа. Бидэнд алдаа байхыг үгүйсгэхгүй. Үүнийгээ засаж залруулах шаардлага бий.

2015-2016 онд үйлдэгдсэн томоохон хэргүүд болох  бондууд, Хөгжлийн банктай холбоотой асуудлуудыг шалгаж байгаа юу. Шалгалтын явц хаана  байна вэ.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан:

-Хөгжлийн банктай холбоотой хэргийг шалгаад шүүхэд шилжүүлээд  шүүхээс мөрдөн байцаалтад буцаасан. Прокуророос дахиад шүүхэд шилжүүлчихсэн байгаа 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:   Тогтолцоог бүхлээр нь өөрчлөхгүйгээр нэг хоёр хүнийг сольсноор асуудал шийдэгдэхгүй гэдгийг сүүлийн 27 жил харлаа. Сүүлийн үеийн ноцтой хэргүүд болох “Эрдэнэт”, бондууд, Асем, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн шалгалт юу болж байна. Зарим асуудлыг маш түргэн оруулж ирэх атлаа хэдэн жил болсон асуудлын хажуугаар яагаад таг дуугүй байдаг юм бэ?

Мэдээж УИХ-ын гишүүд өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан нь маш буруу. Энэ сангаас зээл авах хүсэлтэй хүмүүс надад ханддаг. Энэ асуудал гэнэт өнөөдөр бий болсон асуудал биш. Өнгөрсөн хугацаанд байсан асуудал. Нийгэм шударга байдлыг хүсч байна.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан:

-Тогтолцооны асуудлыг өөрчлөх нь  миний асуудал биш. Төрийн эрхийг барьж байгаа та бүгдийн асуудал.Таны ярьж байгаа бүх хэргүүдэд хэрэг үүсгээд шалгаж байгаа. Та нарын баталсан хууль бидэнд саад болж байна. хуулиа нарийн болгомоор байна. Та нар дандаа Хууль зүйн сайдаас асуух юм. Хууль зүйн сайд энэ хэргүүдийн талаар юу ч мэдэхгүй. Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтад Хууль зүйн сайд оролцдоггүй юм. Хоорондын ялгаа заагаа харж яримаар байна. Шударга ёс гэдгийг энэ танхимаас эхлэх ёстой. Тэр шударга ёс чинь хаана байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Цагдаагийн байгууллага ажлаа хийж байгаа. Асуугаад байгаа хэргүүдэд хууль хяналтын байгууллагууд нь шалгаж байгаа . Хуулийн хайч хөдөлгөдөг газар нь цагдаа. Цагдааг ёс зүйгүй байдалдаа оруулахгүй шүү. Цагдаад ажиллаж байгаад хэрэгт холбогдсон бол хайр найргүй хандана шүү. Цагдаад ажиллах хүч нөөц нь байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

-Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан та  баатар байна. УИХ-д орж ирээд биднийг загнаад л танд асар их эрх мэдэл өгсөн юм байна. Угтаа та бидэнд ажлаа тайлагнах ёстой.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Би загнаагүй шүү. Миний ярьж байгаа байдал ийм ойлголт төрүүлсэн болов уу. Уучлаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж