Онгоцыг хоёрдугаар нисгэгч жолоодож байжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

Онгоцыг хоёрдугаар нисгэгч жолоодож байжээ

Францын туслах нисгэгч Реми Эммануэл Плесел

 

“AirAsia” компанийн “QZ8501” нислэг өнгөрөгч арванхоёрдугаар сарын 28-нд Ява тэнгист унаж сүйрэх үед “Airbus A320-200” онгоцыг хоёрдугаар нисгэгч жолоодож байсан гэнэ. Сүйрсэн онгоцны хар хайрцагны мэдээллийг тайлж унших явцад “QZ8501” нислэгийг ахмад Ириянто биш Францын туслах нисгэгч Реми Эммануэл Плесел жолоодож явсныг тогтоожээ. Индонезийн Тээврийн аюулгүй байдлын хорооны  (NTSC) шинжээч Марджоно Сисвосуварногийн мэдээлснээр ахмад Ириянто хоёрдугаар нисгэгчийг жолоон дээр суулгаад хажуунаас нь хянаж байсан аж.

 

Индонезийн ахмад нисгэгч Ириянто

 

Онгоцны ахмад Ириянто нь 20500 гаруй цаг нислэг үйлдсэн туршлагатай нэгэн бол хоёрдугаар нисгэгч Реми Эммануэл Плесел 7000 орчим цагийг агаарт өнгөрүүлжээ.

 

“AirAsia” компанийн “QZ8501” нислэг Индонезийн Сурабая хотоос Сингапур хүрэхээр ниссэнийхээ дараа шуургатай таарснаас тэнгист унаж сүйрсэн юм. Индонезийн аврах албаныхан сүйрсэн онгоцны 162 зорчигчийн 70-ынх нь цогцосыг тэнгисээс олж гаргаад буй юм. Гэхдээ сүйрсэн онгоцны их биеийг татан гаргах ажил гурван өдөр дараалан бүтэлгүйтсэнээр ажиллагааг зогсоогоод байгаа билээ. Үүний зэрэгцээ Индонезийн албаныхан сүйрсэн онгоцны хар хайрцагны мэдээллийг бүрэн тайлж, эцсийн дүгнэлтээ гаргахад 6-7 сар хэрэгтэй хэмээн мэдэгджээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж