Боловсролын талаарх бодлогыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

Боловсролын талаарх бодлогыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганаар Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-аас “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг 1995 онд баталсан бөгөөд энэхүү бодлого нь боловсролын салбарт өнгөрсөн хугацаанд үүргээ гүйцэтгэсэн ч одоо боломжгүйд хүрч байгаа гэж үзэж буй аж.

Төсөл боловсруулагчдын үзэж буйгаар өөрийн орны үндэсний онцлог, уламжлалыг шингээсэн боловсролын хөгжлийн олон улсын хандлагад нийцсэн боловсролын тогтолцоог хөгжүүлэх менежментийн орчин үеийн сайн туршлагуудыг нэвтрүүлэх, санхүү хүний нөөцийн чадавхийг сайжруулах шаардлага тулгарч, хөгжлийн шинэ эрэлт хэрэгцээнд суурилан боловсролын чанар, үр өгөөжийг тогтмол сайжруулах замаар боловсролын чанарыг олон улсын стандартад ойртуулах шинэ зорилт тавигдаж байгаа гэнэ.

Уг бодлого батлагдсанаар боловсролын үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ, чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, үр дүнг үнэлэх, судалгаа шинжилгээнд суурилсан стратегиуд хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянах, үнэлэх, механизмыг хөгжүүлэх, боловсролын үйл хэргийг чанарын шаардлагын түвшинд хэрэгжүүлэх, зохион байгуулах боломжтой болно Мөн нийгэм, эдийн засагт ямар нэгэн сөрөг үр дагавар гарахгүй. Харин бодлогод тусгагдсан стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх талаар боловсролын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, шинээр хууль тогтоомж, хөтөлбөр, төсөл, мастер төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тодорхой зохицуулалт, санхүүжилт шаардлагатай болно хэмээн төсөөлж буй юм.

Уг бодлогоос онцловол “Монгол хүүхэд бүр сургуульд элсэхээс өмнө сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдсан байна. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль нэг ээлжээр хичээллэх боломжийг бүрдүүлнэ. Монгол Улсын дөрвөөс  доошгүй их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд хүргэнэ” гэхчлэн заалтууд багтжээ.

Бодлогыг хэлэлцэх явцад “Сургуулийн өмнөх боловсролыг төрөөс санхүүжүүлж, эцэг эх хоолны зардлаас хуваалцах” гэх агуулгыг гишүүд тодруулахыг хүссэн бөгөөд “Хоолны зардлыг 2600 төгрөгөөр бодож байгаа. Гэхдээ хэдэн хувиар хуваалцах, ямар айлын хүүхдийг чөлөөлж болох вэ гэдгийг нь тухай бүрт нь өөрчлөөд явах боломжтой тул бодлого дээр “хуваалцах” хэмээн ерөнхий байдлаар оруулж ирсэн” гэв.

УИХ-ын дарга З.Энхболд мөн энэ талаар тодотгон “Өмнө 2006 он хүртэл хуваалцдаг байсан. Гэнэт мөнгөтэй болонгуутаа даана гээд сүүлдээ дааж дийлэхээ болилоо л гэж байгаа хэрэг” хэмээсэн юм.  Хуваалцах тухай уг заалтыг гишүүдийн олонх дэмжсэн байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж