"Монголбанк валютын захад капитал контрол хийхийг дэмжихгүй"

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

"Монголбанк валютын захад капитал контрол хийхийг дэмжихгүй"

"Монголбанк валютын захад капитал контрол хийхийг дэмжихгүй"

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн Ц.Мөнхбаяртай ярилцлаа. 

-2019 оны мөнгөний бодлогод эдийн засгийн өсөлтийг 5-8 хувьтай гарна гэж таамагласан байна. Эдийн засгийн өсөлт энэ хэмжээнд хүрэх бодитой боломж байгаа юу, үүнээс гадна мөнгөний бодлого төсвийн бодлоготой  хэр уялдах бол?

Зөвхөн Монголбанк төдийгүй олон улсын санхүүгийн байгууллагууд ирэх онд Монголын эдийн засгийн өсөлтийг 6-аас дээш хувьтай байхаар төсөөлж байгаа. Тэгэхээр бидний тооцоогоор эдийн засгийн өсөлт энэ хэмжээнд хүрэх боломжтой. Ирэх оны мөнгөний бодлогыг боловсруулахдаа гурван асуудалд анхаарсан. Эхнийх нь бидний жил болгон оруулж ирдэг макро менежмент буюу мөнгөний бодлого маань юм. Үүнд инфляци, валютын ханш, макро зохистой бодлого гэсэн гурван зүйл агуулагдсан. Хоёрдугаарт, санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах чиглэлийн асуудал. Үүнд банкны өөрийн хөрөнгийг яаж нэмэгдүүлэх, банкны хяналт, шалгалтыг яаж боловсронгуй болгох зэрэг бүлэг хэсгүүд бий. Гуравдугаарт, санхүүгийн зах зээл үр ашигтай ажиллахын тулд ямар арга хэмжээ авах вэ. Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх вэ, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг сайжруулах, эрх зүйн орчныг сайжруулах зэрэг зорилтууд байгаа юм. Тэгэхээр манай мөнгөний бодлого дээрх гурван зүйлд л анхаарч байна гэсэн үг. Харин төсвийн бодлогын тухайд нааштай өөрчлөлтүүд нэлээд байна. Наад зах нь иргэдэд зориулсан төсвийн номыг харвал гаалийн шинэчлэлийн хөтөлбөр, хүний хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулахын тулд боловсрол, эрүүл мэндийн салбарт юу хийх вэ гэх зэрэг чухал асуудлуудыг тайлбарласан байгаа. Гэхдээ том зургаар нь харвал мэдээж зөрүү бий. Монголбанкны хувьд ирэх оны эдийн засгийг төсөөлөхдөө бидэнд боломж байгаагийн зэрэгцээ басхүү эрсдэлүүд байна гэж харж байгаа. Гадаад орчны эрсдэлүүд байна. Мөн дотоодын эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахын тулд зарим чиглэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэж байгаа. Харин төсвийн бодлогыг харвал хэт өөдрөг тал ажиглагдаж байгаа. Үүнийг Сангийн яамныхан ч хэлж байгаа. Орлогыг өөдрөгөөр төсөөлсөн, үүнд хүрэх боломжтой гэж. Нөгөө талаар орлого хэчнээн өндөр тусгалаа гээд бидний потенциал хязгаарлагдмал шүү дээ. Үйлдвэрлэлийн хүчин чадал ч юм уу. Сургууль, эмнэлэг барих асуудалд мөнгө нь байсан ч эдийн засгийн потенциал гэдэг зүйлээр хязгаарлагддаг учраас бидний хувьд боломжийн л гэж үзэж байгаа.

-Мөнгөний бодлогыг ярихад валютын нөөцийг асуухаас өөр аргагүй. Төслийг харвал дунд хугацаанд валютын нөөцийг 6.5 тэрбум ам.долларт хүргэнэ гэсэн байна. Энэ зорилгод хүрэх боломж юу байна вэ, зорилго биелэгдэхгүй байх гол эрсдэлүүдийг хэрхэн харж байна вэ? 

Валютын нөөц нэмэгдүүлнэ гэхээр нэг арга хэмжээ аваад, богино хугацаанд хийх юм шиг хараад байгаа. Уг нь валютын нөөц юугаар нэмэгдэх вэ гэхээр нэгдүгээрт, манай улсын урсгал тэнцлийн ашиг. Бараа, үйлчилгээний худалдааны илүүдлээр манай банкин дахь харилцах, төв банкин дахь нөөц өснө. Хоёрдугаарт, санхүүгийн урсгал буюу гаднаас орж ирж байгаа шууд хөрөнгө оруулалт, гадны зах зээлээс татаж байгаа бонд болон үнэт цаасны хөрөнгө оруулалт. Гуравдугаарт, Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа бодлого буюу алт худалдан авалтыг нэмэгдүүлэх зэрэг юм. Тэгэхээр валютын нөөц нэмэгдүүлэх бодлого маань төв банк гэхээсээ илүү Засгийн газраас илүү хамаарна. Яагаад гэвэл нийлүүлэлтийн талын асуудлыг мөнгөний бодлогоор зохицуулах боломжгүй. Засгийн газар төсөв дээрээ эдийн засгийн өсөлтийг хязгаарлаад байгаа төмөр зам, боомт зэрэг асуудлыг шийдэж байж, валютын урсгалыг бий болгоно. Дотооддоо экспортлогч аж ахуйн нэгжүүддээ дэмжлэг үзүүлж байж, экспортын орлого нэмэгдэнэ. Энэ бүх арга хэмжээний үр дүнд валютын нөөц нэмэгдэнэ. Валютын нөөцийг нэмэгдүүлэхэд зорилт гэхээсээ илүүтэйгээр ер нь л нэмэгдүүлэх ёстой. Богино хугацаанд гадаад зээлийн төлбөр төлөхөд валютын нөөц хүрэлцэхээр байна уу. Импортынхоо дор хаяж 6 сарын хугацааг хангах түвшинд байна уу. Гэх зэрэг үзүүлэлтээр валютын нөөцийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлдог.

-Ирэх оны мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд гол эрсдэл нь юу байх бол. Бодлогын хүүг бууруулвал бодит эдийн засагт том дэмжлэг болох байх. Нөгөө талаас бодлогын хүүг нэмэгдүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал бий болох вий.

Өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан хямрал маань өрх гэр дээр очоод, өрхүүдийн өрийн түвшин нэмэгдсэн байгаа. Энэ тал дээр дарамт бий. Хоёрдугаарт, гадаад зах зээл өмнө нь тодорхой бус байдаг байсан бол одоо маш хурдацтай өөрчлөгдөж, хувьсдаг болчихоод байна. Өмнө нь бид глобалчлал гэж ярьдаг байсан бол одоо бүсчлэл гээд ярьж байна. Гэх зэргээр гадаад талд эдийн засаг маань өөрчлөгдөж байгаа учраас тэр талын эрсдэлүүд байна гэж харж байгаа. Гадаад зах зээлээс гадна дотоод зах зээлд төсөв талын нөлөө байна. Цалингийн өсөлт, хөрөнгө оруулалтын өсөлт нь эрэлтийг өдөөж, инфляцийг бий болгож магадгүй юм.

-Валютын зохицуулалтын тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Монголбанк капитал контрол хийх нь гэх шүүмжлэл өрнөж байгаа. Ийм боломж Монголбанкинд байгаа юу?

-Валютын зохицуулалтын тухай хууль дээр хоёр заалт бий. Нэгдүгээрт, макро зохистой бодлого хэрэгжүүлэх, тогтвортой байдлыг хадгалах зорилгоор арилжаа, гүйлгээнд хяналт тавина. Хоёрдугаарт, төв банкинд томоохон стратегийн төслүүдийн дансыг байршуулах гэсэн хоёр заалтын тухай л яриад байгаа юм. Монгол Улс маань валютын ханшийн уян хатан дэглэмтэй. Мөн инфляцийг онилсон мөнгөний бодлого хэрэгжүүдгийн хувьд боломжгүйн гурвалжин гэж ойлголт бий. Энэ утгаараа нэгдүгээрт валютын урсгалыг хянах боломжгүй. Түүнчлэн Монголбанкны хувьд валютын урсгалыг хянах буюу капитал контрол хийхийг дэмждэггүй. Энэ талаар судалгаа, бодлогын саналуудыг гаргаж байсан. Томоохон төслүүдийн дансыг Монголбанкинд байршуулах гэж байгаа. Үүний санаа нь зөв. Өөрөөр хэлбэл, экспортын орлогодоо хяналт тавих гэх ч юм уу. Гэхдээ хэрэгжүүлж байгаа арга нь буруу юм. Анхны төв банк байгуулагдаад 350 жил болж байна. Монгол Улс хоёр шатлалтай банкны системд шилжээд хэдэн жил болж байгаа билээ. Тэгэхээр Монголбанк аж ахуйн нэгжийн төлбөр тооцооны үйлчилгээг үзүүлдэггүй. Хоёрдугаарт, Оюутолгойтой байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хязгаарлалтууд бий. Тухайн компани валютын дансаа гадаадад байршуулж болно. Монгол дахь дансны хэмжээ хамгийн ихдээ тэд байна гэх ч юм уу. Энэ утгаараа бидний нэгэнт байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ зөрчигдөх магадлалтай байгаа юм. Гуравдугаарт, хэрвээ Монголбанкинд байршууллаа гэхэд энэ маань өөрөө Оюутолгойн худалдан авалтын 81 хувь дотоодоос, үлдсэн 19 хувь нь гадагшаа хийгддэг. Тэгэхээр төлбөр тооцоо талаасаа, Монголд валютын урсгал орж ирэх хэдий ч эргээд гарна. Тоног төхөөрөмжийн худалдан авалт, зээлийн төлбөр гэх мэтчилэн. Энэ утгаараа дансыг Монголбанкинд байршуулах гэдэг нь оновчтой хувилбар биш. Үүний оронд бид хөрөнгө оруулагчтайгаа яриа хэлэлцээр хийгээд оновчтой хувилбарыг гаргаж ирж болно шүү дээ. Тухайлбал, арилжааны банкинд мөнгөө байршуулаад, тэр мөнгө нь 2-3 жилийн хугацаанд тогтвортой хадгалагдах нөхцөлтэй байх. Эргээд арилжааны банк нь Монголбанкинд байршуулах хувилбар байж болно. Ингэж чадвал бидний хүсч байгаачлан валютын урсгалыг нэмэгдүүлэх боломжтой.

-Оюутолгойн хөрөнгө оруулалт ирэх оны төсвийн төсөөллөөр бол 1 тэрбум гаруй ам.доллар гэж байгаа. Оюутолгойгоос орж ирж байгаа урсгал Монголын валютын зах зээл дээр хэр их нөлөөлж байна вэ?

-Том экспортлогч учраас мэдээж валютын захад нөлөөлж байгаа. Өнгөрсөн жилүүдэд банкаар дамжихгүйгээр шууд худалдан авалт хийсэн тохиолдол гарч байсан. Тэгэхээр валютын зохицуулалтын тухай хуульд тусгаж байгаа нэг бүлэг нь валютын захтай холбогдож байгаа. Валютын зах үр ашигтай ажиллах эрх зүйн зохицуулалтыг хийхийн тулд л хуульд тусгаж өгч байгаа юм. Түүнээс биш хуулиар хяналт, хориг тавих гэж байгаа зүйл биш. Хэрвээ том дүнтэй валютын урсгал орох юм уу, гарснаас үүдэлтэй савлагаа үүсвэл Монголбанк интервэнцээрээ зохицуулаад л явна.

-Ярилцсанд баярлалаа.   

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж