Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан бага хүүтэй, урт хугацааны зээлийг төрийн өндөр дээд албан тушаалтнууд хувийн компанидаа авсан нь илэрч, хариуцсан сайд нь эхнээсээ огцорч дараагийн хариуцлагууд ч яригдаж байна. УИХ-ын гишүүд, сайдууд, Монголбанкны Ерөнхийлөгч, ТЕГ-ын дарга, Үндэсний аудитын дарга, прокурорынхон гээд Монголын төрийг түшиж байгаа эрхмүүд, хууль хүчнийхэн эрх мэдлээрээ түрэмгийлээд жижиг, дундын бага хүүтэй зээлийг тэрбум тэрбумаар нь авчихаар жирийн иргэдэд яаж ч олдох билээ. Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж яваа, хийхээр төслөө гаргачхаад зээл олдвол хөгжүүлчихнэ дээ гэсэн мөрөөдөлтэй хүмүүс ч цөөнгүй. Хамгийн эмгэнэлтэй нь тэд зээлийг авчхаад талхны цех байгуулсан нь ховор харин хувийн хадгаламж зээлийн хоршоодод нийлүүлж мөнгө угаасан гэж дуулдаж байна.
Уг нь эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор л ЖДҮ-ийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох хуультай. Хуулийг гууль болгон эрх мэдэл, албан тушаалаа ашиглан төрийн мөнгөнөөс хумсалж байгаа эдгээр хүмүүс ЖДҮ-ийн дуулианыг дараагийн шуугианаар дарах гэж, өөр зүйл рүү олны анхаарлыг хандуулах гэж янз бүрээр үзэж байна. Гэхдээ үүнийг намжааж чадсангүй. Намжих ч учиргүй. Эрх мэдэлтнүүд жижигхэн хувийн эрх ашгаар энэ асуудалд хандсанаа нуух гэж төрөл бүрээр оролдож байгаа нь тогтолцооны ялзрал ямарт хүрснийг харуулж байна. Энэ талаар тогтмол бичиж мэдээлж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийг дарамталж, зээл гурван жил дараалж авсан улстөрч өөрийгөө өмөөрүүлэх гэж оны тэнэг хүн гэсэн бичвэр хүртэл бичүүлж, уурласан нэг нь зээлээ буцаагаад өгчихье л дөө бид нар биш та нар хохирно гэж айлгаж, зарим нь уучлал гуйхгүй хэмээн томорч дуртай дургүй уучлал гуйхчаан болж байна. Ерөнхийдөө авсан хүн бүр ямар нэг аргаар өөрсдийгөө өмгөөлүүлэхээр янз бүрээр л үзэж байна. ЖДҮ-ийн зээл жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэгчдэд хэрэгтэй байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ УИХ-ын увайгүй гишүүдийн балгаар хаагдах нь нэгэнт тодорхой болж байна. Ингэж эрх мэдлээрээ далайлган зээл авагсад байдаг нөхцөлд байхгүй нь дээр л дээ. Бас балагтай нөхдийн нөлөөгөөр концессийг үгүйсгэх хандлага нийгэмд гарч ирж байгаа нь ажиглагдаж байна. Тэнэг хүний тухай бичвэрт гэхэд л үхрийн баас цэвэрлэж их ажил хийхийн оронд концесс шаах байсан юм гэж бичсэн нь бий. Ер нь ЖДҮ-ийн дуулианыг дарах гэсэн олон оролдлогын нэг нь концессын тухай яриа байсан юм. ЖДҮ-гийн шуугианыг дарахын тулд концессын гэрээгээр их мөнгө идэх гэж байна хэмээн нэгэн шинэ шуугиан гаргахыг хүссэн ч тэдний хүссэнээр газар аваагүй нь хүмүүс наана цаадхыг ялгаж чаддаг болсонтой холбоотой биз ээ. Гэхдээ худлыг мянга давтахаар үнэн болдог гэдэг шиг худал мэдээллийг үнэн мэт бичээд байхаар дагаж итгэх хүмүүс ч гарна. “Галсан мээрэнгийн авгай гэдэг чинь хөгшин чавганц байдаг юм” гэгчээр Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох зээлээс хулгай хийх, Концессийн гэрээгээр ажил гүйцэтгэх хоёр тэнгэр газар шиг ялгаатай. ЖДҮ бол хүүгүй шахам зээл авчхаад ажлаа босгох, концесс бол улсын хийж амжихгүй, чадахгүй байгаа ажлыг хувийн компаниуд өөрсдөө мөнгөө гарган бүтээн байгуулчхаад эргээд мөнгөтэй болох үед нь авч байгаа хэрэг.
Үндэсний том бүтээн байгуулалтыг үндэсний хэмжээний компаниудынхаа тусламжтай хийдэг дэлхийн жишгээс бид ангид байх учиргүй. Европод аль XVII дугаар зууны үеэс Концессийн гэрээгээр зам, төмөр зам, усны сувгийн ажлуудыг хийлгэдэг байв. Үүнээс эхлэн улс орнууд эрчим хүч, төмөр зам, зам зэрэг стратегийн бүтээн байгуулалтаа үндэсний том компаниудаараа хийлгэж, тэднийг дэмжиж, нөгөөдүүл нь ч үйлдвэрлэлээрээ дэлхийд нэр нөлөөгөө тогтоон, улсынхаа эдийн засгийн том хөдөлгөгч хүч нь болдог. Гэхдээ өөр зориулалтын мөнгийг амин хувьдаа ашиглаж, хялбар аргаар зээл авчхаад концессын бүтээн байгуулалтыг харлуулж, тэрэнд нь ард түмэн итгээд эхэлбэл Монголд хөгжил дэвшил ирэх боломжгүй болно. Төрөөс хийж амжихгүй зүйлээ хувийн хэвшлүүдийн дунд тендер зарлаж хийлгэдэг шударга зарчим бий. Дундаж компаниуд хэр таарсан ажлаа өөрсдөө аваад явчихдаг. Том хэмжээний төслүүдэд хөрөнгөө гаргаад, эрсдэлээ хүлээгээд ордог компаниуд Монголд гарын хуруунд багтана. Заримдаа зарлаад зарлаад хувийнхан орж ирэхгүй үе ч бий. Тэр үед нь төрөөс бараг л нийгмийн хариуцлага ярьж, гуйж гувшиж байгаад цахилгаан сүлжээ татуулах, төмөр зам бариулах ажлаа өгчихдөг. Тэгснээ эргээд улстөрждөг, ой санамж нь мартагдах байдлууд гаргаж хувийн хэвшлийнхээ үргээх нь бий. Байдал ийм байхад ЖДҮ-ийн дуулианыг дарахыг хүсэгчид том бүтээн байгуулагчдыг, том бүтээн байгуулалтыг харлуулж өөрсдийгөө нуух гэж оролдож байгаа нь харамсалтай. Нөгөө талаас иргэдийн нарийн мэдээлэлгүй байдлыг далимдуулан хамтдаа унах, нэгийгээ татдаг тамын тогооны үлгэр харагдаж байна.
Манайхан ч сүүлийн үед Концессийн гэрээгээр аль л том гэсэн бүтээн босголтоо хийж байна. Ярианы сэдэв болоод байгаа “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл” дээр багахан жишээлж үзье л дээ. Энэ төсөл бол Монголын цахилгаан шугамыг битүү хэлхээнд оруулах том бодлогын нэг хэсэг гэж байгаа. Хэрэв бид битүү хэлхээнд орсон цахилгааны шугамтай болж чадвал нэг газар нь цахилгаан доголдоход бусдаасаа шууд аваад явж чаддаг болно гэж энгийнээр ойлгож болно. Бас Оюутолгойг Хятадаас биш Монголоос цахилгаанаа авдаг болгохын тулд Монголын төрөөс хийсэн ажлын нэг. Аль аль зорилгод алхам ойртуулсан ажил бол энэ төсөл. Бүр 2010 онд Засгийн газраас Концессын зүйлийн жагсаалтад оруулж, 2012 оноос хоёр ч удаа тендер зарласан байсан ч орж ирэх хувийн компаниуд байгаагүй гэдэг. Эрчим хүчний том бүтээн байгуулалтыг манайд МCS, МАК, Алтай трестинг энэ тэрээс өөр хийх газрууд үнэндээ байхгүй л дээ. Тэдэн дундаас МАК Цагаан суварга гээд хамааралтай байсан учраас энэ ажилд тунаж үлдэж, концессыг авсан байх. Гэвч энэ дуулиан Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед нэлээд газар авсан. Хэд хэдэн сайдууд концессын гэрээтэй холбогдсон дуулиан тухайн Засгийн газрын унах шалтгаан ч болсон. Ард нь нэлээд шалгалтууд явагдаж, аль нь ямар учиртайг тогтоосон байдаг. Ажлын хэсэг гаргаж шалгаж, МАН-ын бүлгийн хурал дээр танилцуулахад, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахад идэвхтэй оролцож, Н.Номтойбаяр ба МАК-ынхны булайг дэлгэнэ гээд явж байсан зарим нэг гишүүн хүртэл “Оюутолгой, Цагаансуваргын асуудал бол тусдаа юм байна аа. Дээрээс хэрэгжиж ирсэн, эднийхээс өөр газар хөрөнгөө ч гаргаж хийх боломжгүй эд юм байна” гээд хүлээн зөвшөөрсөн яриа дуулдаж байсан. Мэдээж сайд эрх мэдлээ далайлгаж хувийн компанидаа давуу тал олгосон бол байхын аргагүй асуудал. Гэхдээ бодит байдал аль нь вэ гэдгийг ялгаж байхаас аргагүй. Хувийн компани хөрөнгөө гаргаж, цахилгааны шугам татсан. Тэр шугам нь хувийн компанийн биш Монголын төрийнх. Угаасаа 1999 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан баримт бичигт эрчим хүчний дамжуулах сүлжээ төрийн өмчид байхыг заагаад өгчихсөн байдаг. Харин Эрчим хүчний тухай хуульд цахилгаан дамжуулах зориулалт бүхий 110 кВ түүнээс дээш хүчдэлийн шугамыг цахилгаан дамжуулах сүлжээ гэдгийг онцолсон байдаг. Ийм ойлгомжтой зүйл дээр саяын ЖДҮ-ийн дуулианыг дарах гэж, хөөсөргөх гэж үзээд хувийн шугамынхаа мөнгийг төрөөс гаргуулах гэж байна гээд амжилт олсонгүй. Угаасаа хувийн биш төрийн мэдлийн шугам байхад яах ч билээ. Энэ талаар 2019 оны төсвийн ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол гишүүн ярихдаа “МАК” компани Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумдыг эрчим хүчинд холбосон юм билээ. Ажил нь дуусаад бараг хоёр жил болчхоод байхад нэг ч төгрөг улсаас аваагүй юм байна. Хувийн хэвшлийнхэн ажлаа дуусгасан бол төр мөнгийг нь өгөх ёстой биз дээ. Төр нь хувийн хэвшлээр ажлаа хийлгэчхээд мөнгийг нь өгөлгүй луу унжаад байж болохгүй. Нэгэнт ажлаа дуусгаад хоёр жил болчихсон юм чинь гээд ажлын хэсэг дээр ярьж байгаад долоон тэрбум төгрөг суулгасан” гэж тайлбарласан байсан.
Хувийн хэвшлийнхэн мөнгөө гаргасан, үүний үр дүнд Дорноговийн Мандах, Хатанбулаг сум нэг өдрийн өмнө ч гэсэн цахилгаантай залгасан. Хорин нэгдүгээр зуунд Монгол оронд цахилгаанд холбогдоогүй гурван сум байсны хоёр нь энэ бүтээн байгуулалтын үр дүнд цахилгаантай болсон. Ийм бодлогын чанартай, бүтээн байгуулалтын чанартай ажлуудыг төр ачаа даах компаниудаараа хийлгэдэг. Эргээд мөнгийг нь өгдөг. Төр хийлгүүлээд авчихсан ажлынхаа хөлсийг өгөхгүй бол сүүлд ажиллах газрууд олдохгүй. Концесс гэхээр их мөнгөний ажил мэт ойлголтыг ЖДҮ зээлийг ичгүүргүй авчихсан хүмүүс өгөх гэж оролдож байгаа нь эргээд төрийн ажилд халгаатай юм. ЖДҮ-ийн зээлийг зүй ёсгүйгээр зарлагадсан энэ байдал шударгаар ажиллаж зээл авч ирсэн жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүст халгаатай туслаа. Бас эргээд концесс гэдэг бүтээн байгуулалтын том ажилд сөргөөр нөлөөлөх гэж байна. Сүүлдээ хэл амнаас айгаад концесс зарлахад орж ирдэг бүтээн байгуулагчид байхгүй болчих аюултай.
Тиймээс ЖДҮ дээр шалгалт нарийн хийж, аль нь эрх мэдлээрээ нөлөөлөөгүй авсан, зээлээ үр дүнтэй ашигласан мэдээллийг цаашлаад концессын нарийн мэдээллийг ч хүмүүст өгдөг болмоор байна. Тэгэхгүй бол энэ тогтолцооны ялзрал эргээд үндэсний хэмжээний бүтээн байгуулагчдаараа туг тахиад дуусахад хүрэх нь.
С.ТӨРТОГТОХ
Холбоотой мэдээ