"Ерөнхий сайд бүлгийнхээ хагаралд АН-ыг буруутгах нь утгагүй"

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

"Ерөнхий сайд бүлгийнхээ хагаралд АН-ыг буруутгах нь утгагүй"

"Ерөнхий сайд бүлгийнхээ хагаралд АН-ыг буруутгах нь утгагүй"

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай улс төрийн хүрээнд өрнөж буй зарим үйл явдлын талаар ярилцлаа.


-УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үеэр та Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд багагүй шүүмжлэлтэй хандсан. Бүлгийнхээ хагаралд АН-ыг буруутгалаа гэх зэмлэлийг та Ерөнхий сайдад хүртээсэн шүү дээ ?

-2016 оны сонгуулиар Монголын ард түмэн МАН-ыг олонхи болгож, 65 суудал өгөхдөө төрийг тогтвортой байлгаж, тууштай, эв нэгдэлтэй, шийдэмгий ажиллаарай  гэсэн итгэлийг хамт хүлээлгэж, сонгосон гэж ойлгож байна. 2012-2016 онд АН-ын  хийсэн ажил, хэрэгжүүлсэн бодлогод нь  ард түмэн муу дүн тавиагүй. Харин олуулаа болсон ч засгийн эрхийг бусадтай эвсэж хэрэгжүүлэхдээ эв нэгдэлтэй байж чадаагүйд нь, Засгийн газраа тогтвортой ажиллуулж чадаагүйд нь сануулга өгөх гэж ард түмэн сонголтоо хийсэн гэж боддог. Аль ч улс төрийн нам, хүчин бие биенийхээ алдаа онооноос суралцах хэрэгтэй. Ялангуяа Монголын улс төрийн орон зайг эзэгнэж байгаа хоёр том нам үйл ажиллагаагаа байнга шинэчилж, улс төрийн шинэ соёлыг нэвтрүүлж, оюун санааны чиглэл, хандлагаа эрс өөрчилж, сахилга хариуцлагаа ухамсарлаж ажиллах нийгмийн шаардлага бий болчхоод байна. Нам тойрсон эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн нь төрийн үйл хэргийг гацаагч хүчин зүйл болсныг эрх барьж байгаа намын дарга Ерөнхий сайд хүн өөрөө хүлээн зөвшөөрөхөөр үл барам үүний өмнө хүчин мөхөстөж, шүдгүй арслан мэт байна гэж суугаа нь эмгэнэл юм.

Тогтолцоонд буруу өгөөд суух биш шинэчлэлийг манлайлах, санаачлан, оройлон удирдах үүргийг гишүүдийнхээ өмнө хүлээсэн хүн нь намын дарга. Намын Удирдах зөвлөл.

Өнөөдөр улс төрийн хувьд саад, чөдөр болоод байгаа сөрөг хүчин алга. Эдийн засгийн гадаад орчин хамгийн таатай, санхүү, төсвийн хүндрэлийг төвөггүй давж гарах таатай нөхцөл бүрдсэн орчинд МАН-ын бүлгийн бүх шийдвэр төрийн шийдвэр болох боломж бүрдсэн. Ийм нөхцөлд боломжийг ажиглаж, намаа нягтруулж, бодлогоо хэрэгжүүлж чадахгүй байгаагийн бурууг намын дарга л үүрнэ шүү дээ. Намын дарга улс төрийн багаа бүрдүүлээ. Бүлгийнхээ хагаралд АН-ыг буруутгах нь утгагүй хэрэг.

ХҮЧГҮЙ, СУЛ БАЙГАА НЬ ҮНДСЭН ХУУЛЬ ГЭХЭЭС ИЛҮҮ “ДҮРЭМГҮЙ” УЛС ТӨРИЙН ҮР ДАГАВАР

-Ерөнхий сайд ажлаа хийж, хариуцлага тооцож чаддаг байхын тулд Үндсэн хуульд өөрчлөлт хийх хэрэгтэй гэж ярьдаг л даа. Үндсэн хуулийг өөрчлөхгүй бол засаглалын хямрал үргэлжилнэ гэж улстөрчид ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Монгол Улсад анх удаа Ерөнхий сайд гэдэг албан тушаал бий болж, У.Хүрэлсүх сайд энэ албыг хашиж байгаа юм биш. 1990 оноос хойш ардчилсан Үндсэн хуулийн орчинд бүх Ерөнхий сайдууд ажиллаж ирсэн. Улс төр, нийгэм, эдийн засгийн орчин нөхцөл нь өнөөдрийнхөөс хэд дахин илүү таагүй, хүнд хэцүү үед ч Д.Бямбасүрэн гуай, П.Жасрай гуай гээд өмнөх Ерөнхий сайдууд ажиллахдаа байгаа хуулийнхаа орчинд, гарц гаргалгаагаа олоод төрийн ажлыг саадгүй явуулсаар ирсэн. Өнөөдрийн нөхцөл байдал Үндсэн хуулиас болоогүй. Тэр тусмаа УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нэг намын, нам нь үнэмлэхүй олонх болсон, Ерөнхийлөгч төрийн ажил хэргийг саадгүй явуулахын тулд Засгийн газрын үйл ажиллагааг бүхий л боломжоороо дэмжиж оруулсан саналуудыг нь шуурхай зөвшилцөж, хамтран ажиллахыг эрмэлзэж байхад Засгийн газраа огцруулж, танхимын сайдуудаа нэг нэгээр нь сугалж, хууль бус үйлдлүүд гаргаж байгаагийн буруутныг  өөрсдөөсөө хайх хэрэгтэй. 64 гишүүнд бүгдэд нь хамаатай. Үндсэн хуулийг өөрчлөх хэмжээний кноп МАН-д байгаа гэж хэлмээр байна.

Гүйцэтгэх засаглалыг илүү хүчтэй, хариуцлагатай болгох чиглэлээр Үндсэн хууль болон бусад суурь хуулиудад зарим нэмэлт зохицуулалт, тодотгол хийх шаардлага байгаа ч бүх зүйл зуун хувь зөвхөн Үндсэн хуулиас болоод байна гэдэгтээ санал нийлдэггүй. Хууль  нийгмийн харилцааг зохицуулах ерөнхий хэм хэмжээ бөгөөд хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлаж, ойлгож хэрэглэх чадвар гэдэг ойлголт байна. Улс төрийн намын дотоод зохион байгуулалт, эрх мэдлийн хуваарилалт, тоглоомын дүрмийг нэг бүрчлэн хуулиар тогтоох боломжгүй. Улс төрийн намуудын тухай хуулийн хүрээнд дотоод сахилга, хариуцлагаа журамлаж, дүрэм журам, заавар, аргачлалаа дотооддоо тодорхойлж, үйл ажиллагаагаа дүрэмжүүлэх нь намуудын үүрэг байх ёстой. Хүчгүй, сул байгаа нь Үндсэн хууль гэхээс илүү “дүрэмгүй” улс төрийн үр дагавар л гэж хэлэх гээд байна.

АН-д ч энэ зовлон байсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бидний хийж байгаа намын шинэчлэл мөн ялгаагүй дүрэмтэй, журамтай, бодлоготой, хариуцлагатай нам болохын тулд хийгдэж байгаа ажил. Урдах ажилдаа түүртсэн хүнийг манай нутагт “дээлийн гол” гэж ёгтолдог юм. Үүнтэй зүйрлэн Ерөнхий сайдыгаа ажил, албан тушаалдаа эзэн шиг эзэн болж, намаа болон төр засгаа зоригтойхон, шийдэмгий, ухаан гаргаж удирдаа гэдгийг л би хатуухан сануулж хэлсэн. Үүнд эмзэглэхгүй биз ээ.

-Засгийн газарт  та хангалтгүй дүн тавьж байгаа бололтой?

-Тийм. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд АН Засгийн газрын үйл ажиллагаанд их хүлээцтэй хандсан. Үндэслэл нотолгоогүйгээр хий хоосон улс төр хийж, үгүйсгэж харлуулсан зүйл байхгүй. Засгийн газруудыг нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, шийдэмгий арга хэмжээнүүдийг авах байх гэж хүлээсэн. Гэвч иргэдийн амьдралыг сайжруулсангүй, бухимдал үүсгэж байгаа асуудлууд шийдлээ хүлээсэн хэвээрээ л байна. Мөрийн хөтөлбөрийнхөө амлалтыг ч бодит ажил болгохгүй байна. Ялангуяа  төсвийн үрэлгэн зардал, тэвчиж болох хөрөнгө оруулалтын зардлуудыг хэмнэж, ирээдүйн хуримтлал үүсгэх, өр зээлийг бууруулах зэрэгт дорвитой ахиц гарахгүй байна.

– Намуудын нэр хүнд улам унаж байна. Ялангуяа эрх барьж байгаа нам нэр хүнд навс уналаа. Сөрөг хүчний рейтинг ч муу байгаа. 2016 оны сонгуулийн дараа АН-ынхан намаа шинэчлэх ажилд ханцуй шамлан орсон. Намын даргаа бүх гишүүдээсээ сонгосон зэргээр намаа шинэчлэх ажил АН-д явагдаж байна.  Харин МАН-д хийгдэж байгаа шинэчлэл харагдахгүй байгаа?

-Улс төрийн намуудын хувьд зайлшгүй хийх ёстой ажил шинэчлэл яах аргагүй мөн. Улс төрийн намуудын нэр хүнд иргэдийн дунд урьд өмнө байгаагүй хэмжээнд унаж байна. Тиймээс намууд цэвэршиж, үзэл санааны нэгдэлд суурилсан бодлогын намууд болж, өөрчлөн зохион байгуулагдахгүй бол олон ургальч үзэл, олон намын тогтолцоо гээд ардчиллын үнэ цэнэ, үнэт зүйлүүд улам бүдгэрэх бодит эрсдэл бий болчхоод байна.

ХУУЛИЙН ХАРИУЦЛАГЫГ УЛС ТӨРИЙН ХАРИУЦЛАГААР ОРЛУУЛАХ НЬ ӨӨРӨӨ ХУУЛЬ ЗӨРЧИЖ БУЙ ХЭРЭГ БОЛНО.

-УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанидаа хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан асуудалд та  ямар байр суурьтай байна вэ. Өнгөрсөн жил Засгийн газрын тусгай сангуудыг шалгах асуудлаар та Төсвийн байнгын хороонд санал гаргаж байсан?

-Засгийн газрын тусгай сангуудын зарцуулалт, үүссэн өр, авлагын талаар Үндэсний аудитын газраас хийсэн нийцлийн аудитын тайланг Төсвийн байнгын хороонд танилцуулж хэлэлцүүлэх саналыг  Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 2017 оны хоёрдугаар сард гаргаж, Байнгын хороогоор хэлэлцүүлж байсан. Сангуудад 700 гаруй тэрбум төгрөгийн өр, авлага үүссэн, зарим сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан зэрэг зөрчлүүд илэрсэн байсан учраас өр авлагыг барагдуулах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох, мөн сангуудын үйл ажиллагааны давхардлыг арилгаж, нэгтгэж, нийлүүлэх, шаардлагагүй сангуудыг цөөлөх арга хэмжээг авч, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх чиглэлийг ЗГ-т даалгаж, Байнгын хороо 2017 оны хоёрдугаар сард 03 тоот тогтоол гаргаж, хүргүүлсэн. Харамсалтай нь, энэ ажил хийгдэхгүй байсаар Сангийн яам сая л шалгалт оруулж байх шиг байна. Цаг хугацаанд нь хуулийг нь өөрчилж хяналтаа тавьж чадсан бол тухайлбал, ЖДҮ тойрсон энэ хууль бус зөрчил гарахгүй байх боломж байсан.

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан нэр бүхий гишүүдэд ямар хариуцлага тооцвол зохистой вэ. Тэд авсан зээлээ буцааж төлөөд, уучлал гуйгаад өнгөрөх нь  ёсзүйд нийцэх зүйл мөн үү?

-Хоёр өөр хариуцлагын асуудлыг ялгаж, ярьсангүй. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд төрөөс хуваарилж байгаа мөнгө хамгийн таатай нөхцөлтэй. Бизнесээ эхлүүлж, хөгжүүлэх жижиг аж ахуйн нэгжүүдийг төрөөс тусгайлан дэмжихээр хууль, бодлого, хөтөлбөр баталж, зөвхөн үүнийг хэрэгжүүлэхийн төлөө зарцуулагдах мөнгийг ЖДҮ дэмжих санд хуваарилсан. Гэтэл хуулиар тавьсан нөхцөл, шаардлагыг зөрчөөд зориулалт бусаар ашиглах, ашиглуулах,  олгогдох ёсгүй аж ахуйн нэгжид олгох зэргээр хуулийн шаардлагаас гадуур хуваарилсан нь тодорхой хуулийн зүйл, заалтуудыг зөрчиж байгаа үйлдэл. Тиймээс УИХ-аас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангах үүрэг бүхий Гүйцэтгэх засаглал-Засгийн газар, түүнийг төлөөлж, Ерөнхий сайд эхлээд хууль зөрчиж зээл олгосон болон зээл авсан этгээдүүдэд хуулийн дагуу эрүү, зөрчлийн болон захиргааны хэрэг үүсгүүлэн, шалгуулахаар хуулийн байгууллагад шилжүүлж, хуулийн байгууллага шалгахад саад үүсгэхгүйн тулд төрийн өндөр албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлыг тавьсан бол хуулийн дагуу болох байсан. Шалгах явцад хохирол барагдуулах зарчмынхаа дагуу зээлийг эргүүлэн төлүүлэх ажлыг эрх бүхий хуулийн байгууллагууд хийлгэх ёстой.

Харин уучлалт гуйх бол ёс зүйн хариуцлага. Намын даргын хувьд намаас нэр дэвшиж сонгогдсон гишүүдээ иргэдээсээ уучлалт гуйж, ёс зүйн хариуцлага хүлээхийг шаардах нь улс төрийн хариуцлага ярьж буй зөв үйлдэл. Хуулийн хариуцлагыг улс төрийн хариуцлагаар орлуулах нь өөрөө хууль зөрчиж буй хэрэг болно.

-Жижигхэн, явуургүй л арга гэсэн үг үү?

-Тийм. Бяцхан заль мэх л хэрэглэж байна.

-ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг албан тушаалтнуудад ижил зээл өгсөн асуудлыг намын даалгавар гэж харж байна гэж УИХ-ын зарим гишүүд хэлж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Нэг ижил дүнгээр  буюу жигдхэн хэмжээгээр олон гишүүдэд зээл олгосон нь хардлага төрүүлж байгаа. Хардах үндэслэл, шалтгаан ч байна. Зээл авсан хэд хэдэн гишүүдийн хамаарал бүх аж ахуй нэгжүүдийн төслүүдийн өртөг яахаараа яг адилхан, нэг төгрөгөөр ч зөрөхгүй  дүнтэй байна вэ. Тийм байх ямар ч боломжгүй. Зохион байгуулалттайгаар нэг ижил  мөнгөн дүнгээр, гишүүдэд жигдхэн олгох шийдвэр гараад, авсан хүмүүс, аж ахуйн нэгжүүд энэ үнийн дүнд багтааж, тооцоолсон төслүүдийг  ирүүлсэн байна гэдгийг санхүүгийн наад захын мэдлэгтэй хүмүүс шууд ойлгоно.

-Цаашид  У.Хүрэлсүхийн Засгийн газраас юу хүлээж байна вэ?

– Энэ Засгийн газраас их зүйл хүлээх хэрэггүй л болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж