Хэзээ мөдгүй нурах дөхсөн байшинд шинэ өглөө эхэллээ. Энэ бол нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт орших 90-р бага сургууль юм. Хүүхдүүд шуугилдсан их өргөөнд өглөөний 07.30 цагт өвгөн манаач савтай нүүрс барьсаар бага сургуулийн хаалгыг онгойлгов. Тэрбээр ангид байрлах зууханд нүүрсээ хийж галаа өрдөнө.
"Та нар байсхийгээд манайх руу ирэх юм. Бидний юуг нь тэгтлээ их сонирхдог юм" гэсээр өвгөн манаач зуухаа онгойлгон, нүүрснийхээ цогийг унагаахаар хэсэг ноцолдлоо.
Түүнээс "Хүүхдүүд хэзээ цуглах вэ" гэхэд "Одоо ирэх дөхөж байгаа. Хүүхдүүдээ ирэхээс өмнө дахиад нэг нүүрс хийнэ дээ" гээд хаалга өөд ухасхийв. Түүнийг гарсны дараахан төд удалгүй залуувтар бүсгүй ангийн хаалгаар зөрөн орж ирлээ. Бүсгүй энэ сургуульд хоёр дах жилдээ ажиллаж буй бөгөөд сурагчдаасаа түрүүлээд өглөө болгон 30 минутын өмнө ирдэг гэнэ. Багш бүсгүй уулын өгсүүр замаар яваад амьсгаадсан бололтой хэсэг амсхийгээд “Бид хэд өвлөөс шинэ сургууль руугаа нүүх ахиад л худлаа боллоо. Хэдэн хүүхдээ дааруулахгүй өвөлжчих юмсан” гэж санаа алдав.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт орших 90-р бага сургуулийн талаар бид өмнө сурвалжилсан. Өнөөдөр уг сургуульд салбарын яам, хариуцсан дүүрэг, тойргийн гишүүд нь хэр анхаарлаа хандуулсан талаар сурвалжиллаа. Тус сургуулийн 1-3 дугаар ангид 79 хүүхэд сурдаг. Сургууль модон жорлон, ханын зуухтай бөгөөд суралцах орчны хувьд сумын сургуулиуд ч ийм "эртний үзмэрүүд"-ээсээ салсан гэж мөрийцсөн ч болно.
Сурагчид хаа байсан хол автобусны буудлаас алхаж ирдэг учраас Баянзүрхийн товчооны хажууханд байрлах 126-р сургуулийг ашиглалтад орохыг хоног дарам хүлээж байгаагаа багш бүсгүй ярилаа.
Өглөөний 08.20 цаг. Хүүхдүүд хичээлдээ яаран, яаран гүйсээр ар араасаа цувран ангидаа орж ирэв. Нурах дөхсөн нэг давхар модон байшин хүүхдүүд шуугилдаанд амь орох шиг. Хичээл эхлэхэд 20 минут үлджээ. Автобусны буудлаас хол учраас хүүхдээд өглөө эрт босоод ирэхгүй бол хичээлээсээ хоцрох нь байдаг гэнэ.
Хүүгээ хүргэж буй ээж “Түмний олон хүүхэд энд сурч байна шүү дээ. Манайх ойрхон тулдаа хүүгээ өгдөг. Дараа жилээс шинэ сургууль ашиглалтад орвол өгөх санаатай. Манай тойргийн Ж.Батзандан хавар, намартаа үзэгдэхдээ, шинэ сургууль удахгүй ашиглалтад орно л эдэг юм. Гэтэл түүний хэлсэн үг ажил хэрэг болсон зүйл алга. Тэр товчооны ойролцоо баригдсан сургуулийн барилгын ажил эхлээд зургаа, долоон жил болж байна. Гаднаасаа сургууль юм шиг харагдаг боловч доторх засвар хийгдээгүй юм билээ” хэмээн бухимдангуй ярилаа.
Биеийн тамирын хичээл сүүлийн цагт орох тул хүүхдүүд улаан бэлтгэлийн хослол өмсчээ. Харамсалтай нь, тус сургуульд биеийн тамирын заал, тоглоомын талбай байсангүй. Биеийн тамир, дуу хөгжмийн хичээлийг өөр сургуулиас багш нар ирж заадаг аж. Учир нь сургуулийг нь голоод багш тогтдоггүй аж.
Хүүхдүүд л юм хойно, сурагчид ноцолдож, шуугилдаж, эртний тэр "эрдмийн өргөө" хүүхдийн шуугианд өнөө хүртэлж тэсч, тогтож буй мэт. Тус хорооны иргэн Ч.Гантулга “Манай хүү хоёрдугаар ангид суралцдаг. Сургуулийн орчин тааруу. Гэхдээ бидний хүүхдүүдийн төлөө багшилж буй багш нартаа талархаж байна. Хамгийн гол нь товчоонд баригдсан сургуулийг хурдан ашиглалтад оруулмаар байна” гэлээ.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургууль 2011 оноос эхлэн баригдаж байна. 2018 онд багтаагаад ашиглалтад орно гэсэн анхны төлөвлөгөө нь талаар болжээ. 126 дугаар сургууль ашиглалтад орсноор Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны хүүхдүүдийг нийтэд нь хамруулах боломжтой аж. Тус сургуулийн захирал Э.Галхүүгийн зүгээс Ж.Батзандан гишүүнээс барилгын хөрөнгө оруулалт царцсан байдалтай, долоо дахь жилдээ үргэлжилж байгаа энэ асуудлыг яаралтай хөөцөлдөж өгөхийг хүсчээ. Хэрэв дээрх сургууль ашиглалтад орвол нурж унах дөхсөн сургуульд сурч байгаа хүүхдүүд шинэ сургуульд суралцах боломжтой юм. Харин барилгын угсралтын ажлыг “Немон” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд, барилгын ажил 80 хувьтай байгааг дурдлаа.
Ийнхүү хүүхдүүд нурж унах дөхсөн байшинд шинэ сургуулиа мөрөөдөн сууж байна. Гэтэл хувийн компанидаа хэдэн зуун сая, тэрбум, тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй, хүүгүй зээл авсан эрх баригчдын хүүхдүүд хаана сурдаг вэ.
Тэд хорин нэгдүгээр зуунд модон жорлонтой, нүүрсний галлагаатай сургуульд хүүхдээ сургах болов уу. Эрх баригчдын хувийн компанидаа авч өгсөн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгөний "жижигхэн хэсгийг" хэрэвзээ тэдний хэзээ ашиглалтад орохыг нь хүлээж байгаа шинэ сургуульд өгсөн бол бага сургуулийн багачууд өнөөдөр арай өөр орчинд, арай өөр нөхцөлд сурч байх байлаа.
Хичээл эхлэхийн өмнө хоёрдугаар ангийн хүүхдүүдтэй ярилцав. Дунд зэргийн нуруутай, сэргэлэн бор хүү “Манай гэр аймаар хол. Машинаар ирдэг болохоор хэр холыг мэдэхгүй ээ. Их л явдаг” хэмээн ярив. Харин "Өглөө болгон ганцаараа алхаж сургуульдаа ирдэг, өвөлдөө цас орсны дараа зам алхахад хэцүү болдог" талаар долоохон настай хүү ярихыг сонсоход сэтгэл эмзэглэм. Ирээдүйг нь "хулгайлсан" томчууд энэ хүүхдүүдэд юу гэж хэлэх бол? Тэдний яриаг сонсож суухад ийм л гунигтай бодол надад төрөх.
Сургуулийн хашаа руу орох хоёр хаалга бий. Модон жорлонгийн цаахна талд жижигхэн хаалга харагдав. Хаалгны цаахна уулын гуу жалга байна. Өвөлдөө хүүхдүүд унаж бэртэж, гэмтэх аюултай санагдсан. Сургууль нь хорихын хажууд байрладаг учир уул даваад алхдаг хүүхдүүд цөөнгүй байдаг аж. Цүнхээ үүрсэн хүү ганцаараа уулын цаанаас ирж байлаа. Хүү энэ жил долоон настай, хоёрдугаар анги. Гэр нь хоёр буудлын цаана байдаг учир өглөө, оройдоо ганцаараа энхэл доголдсон замаар алхчихдаг гэнэ. "Хүүгээс сургуульдаа ирэхэд хэцүү байдаг уу" гэхэд харанхуйд уул давж явахдаа айдгаа нуусангүй. Үнэндээ харанхуйд хүүхэд байтугай том хүн уул даваад ганцаараа явна гэхэд айдас төрмөөр. Ялангуяа сүүлийн үед хүүхдүүд алга болсон, эндсэн, төөрсөн гэх элдвийн мэдээлэл олонтаа цацагдсан болсныг хэлэх үү, "хүүд болгоомжтой явж байгаарай" гэхээс өөр үг хэлэх үг олдсонгүй. Ганц хүний нарийхан жим дагаад хүүхдүүд өглөөний харанхуй үдшийн бүрийд сургуульдаа ирж очиж байна. Тэд хотын захад амьдардаг учраас л ийм сургуульд сурах ёстой юу, Ц.Цогзолмаа сайд аа. Та тус сургуулийн хүүхдүүдтэй хамт тэнд нэг өдөр хичээллээд, гэртээ харихын тулд уул даваад явдаг жимээр нь алхаад үзээрэй. Сайд биш гэхнээ эх хүнийхээ хувьд сэтгэл тань эмзэглэнэ гэдэгт итгэж байна.
Бид 126-р сургуулийн барилгын үйл явцын талаар эргэн мэдээлэх болно.