Үлэг гүрвэлийн чулуун дээр тамгалагдан үлдсэн мөр олдсон

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

Үлэг гүрвэлийн чулуун дээр тамгалагдан үлдсэн мөр олдсон

Үлэг гүрвэлийн чулуун дээр тамгалагдан үлдсэн мөр олдсон

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Сээр нуруутны лабораторийн Эрдэм шинжилгээний дэд ажилтан, үлэг гүрвэлийн мөр судлаач Б.Майнбаяртай ярилцлаа.

-Өмнөговь аймгийн Шар цав гэдэг газар бол үлэг гүрвэлийн хамгийн олон мөр байдгаараа алдартай. Хэчнээн төрөл зүйлийн үлэг гүрвэлийн мөр байдаг вэ. Эртний амьтны мөр нэг дор олноороо байдаг газар нутаг Монголоос өөр бий юу?

-Шар цавын олдворт газар бол Монголд төдийгүй дэлхийн палеонтологийн хувьд чухал байр суурийг эзлэх олдворт газрын нэг. Яагаад гэвэл одоогоос 100 орчим  жилийн  өмнө 1920-иод онын эхэн үед Монгол оронд анхлан ажилласан Америкийн байгалийн түүхийн музейн Төв Азийн 3 дахь экспедиц Төв Азиас тэр дундаа Монгол оронд хүн үүссэн гэдгийг судлах зорилготой ирсэн бол эсрэгээрээ эртний амьтны олдвор олоод буцсан байдаг. Энэ цаг үеэс хойш Монгол Улсын палеонтологийн олдвор, олдворт газрууд дэлхийд танигдаж эхэлсэн. Ер нь өнгөрсөн 100 жилийн турш үлэг гүрвэлийн судалгааг маш эрчимтэй хийж, олон тооны экспедиц хамтарч ажилласан байдаг. Хамтарсан экспедицүүд нь Үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монгол орны нутгаас маш олны олж тогтоосон хэдий ч түүний чулуун дээр тамгалагдан үлдсэн мөр 1990-ээд оны дунд үе хүртэл зөвхөн ганцхан газраас олдсон гэх эх сурвалж үлдээжээ. Үндсэндээ судалгаа шинжилгээний шугамаар анх Монгол улсын ШУА-ийн Палеонтологийн төв (одоогийн Палеонтологи, геологийн хүрээлэн), Япон улсын Окаяма хотын Хаяшибара байгалийн шинжлэлийн музейн хамтарсан Монгол-Японы палеонтологийн экспедицийн судлаачид Шар цав хэмээх үлэг гүрвэлийн мөрний хэв, дардас бүхий олдворт газрыг 1995 оны 7 сарын 31-ны өдөр нээсэн юм. Дараа жил нь буюу 1996 онд тус хамтарсан экспедиц хээрийн судалгааг энэ газарт эрчимтэй явуулж 2800 гаруй үлэг гүрвэлийн мөрний дардас, байгалийн хэвийг илрүүлж, улмаар 2001, 2010 онд нарийвчилсан судалгааг дахин хийснээр махан идэшт болон өвсөн идэшт 4-5 өөр төрлийн үлэг гүрвэлийн 6-69 см урттай 18000 гаруй мөрийг шинээр тогтоосон байна. Судалгааны явцад Шар цавын мөрнөөс ойролцоогоор 1500 орчмыг нь зурагжуулж, нарийвчилсан судалгааг хийж, олон улсын хурал цуглаанд танилцуулах, хэлэлцүүлэх, нэр хүндтэй мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэх замаар дэлхийд баталгаажуулжээ. Энэ олдворт газрыг нээснээс хойш Монголын үлэг гүрвэлийн мөрний судалгааг эрчимтэй хийгдэх болсон. Одоогийн байдлаар манай улсад 20 гаруй үлэг гүрвэлийн мөр, мөний хэв дардас хадгалагдаж үлдсэн газар бий болоод байна. Эдгээр олдворт газруудын гайхамшигтай нь үлэг гүрвэлийн мөр, үлэг гүрвэлийн ясны олдвортойгоо цуг байдгаараа онцлог юм.

-Үлэг гүрвэлийн судалгааны салшгүй хэсэг нь мөр судлалын шинжлэх ухааны салбар. Энэ талаар уншигчдад сонирхуулахгүй юу. Хээрийн судалгааны явцад шинээр илрүүлсэн олдворын тухайд?

-Үлэг гүрвэлийн мөрний судалгааг хийснээр эрт цаг үед амьдарч байсан амьтадын яснаас авах боломжгүй мэдээллийг олж авдгаараа чухал ач холбогдолтой. Мөрнөөс нь тухайн амьтны жин, биеийн хэмжээ, хурдыг нь тодорхойлж болохоос гадна сүргийн бүтцийг нь тогтоодог. Түүнчлэн явж өнгөрсөн чиглэл болон тухайн амьтны зан авирыг тогтоодог бөгөөд сүргээрээ эсвэл ганцаараа бие даан амьдарч байсныг нь мэдэх боломжтой. Мөрний судалгааг хийхийн тулд өмнө нь судалгаа шинжилгээ хийж байсан томоохон эрдэмтэн судлаачдын төлөөллийн ном товхимол гарын авлагыг баримталж ажиллахаас гадна газар дээр нь авсан мэдээлэл буюу тухайн мөрний олдворын шинж тэмдэг, хадгалалтын байдал алхам буюу мөр хоорондын хэмжээс чухал бөгөөд энэ бүгдийг тодорхойл тогтоохын тулд, математик, геометрийн нарийн шинжлэх ухаан шаардагддаг.

-Тухайлбал?

-Бидний дурдаад өнгөрсөн “Шар цав”-ын  олдворт газарт үлэг гүрвэлийн мөртэй холбоотой маш том мэдээллүүдийг агуулсан олон тооны олдворууд бий.

Биеийн хэмжээгээрээ тэмээн хяруултай төстэй, дундаж өндөртэй, махан идэшт тэмээн хяруул  маягийн үлэг гүрвэл гэж байдаг. Энэ амьтан 20 орчим бадгаль зэрэгцэн давхиж явсан мөр бий. Мөн 80 гаруй жижиг хэмжээтэй  шувуун төст үлэг гүрвэл нэгэн зүгт зэрэгцэн 10 гаруй метр явж байснаа өөр чиглэлд давхисан баримт бий.  Тухайн үйл явцыг дэргэд нь байсан юм шиг ярих аргагүй ч бидний дүгнэлтээр чиглэлээ өөрчилсөн шалтгаан нь энэ амьтадын өөдөөс аварга биет амьтан дайрсан учраас зугтаж зайлсхийсэн байх хэмжилт судалгааны үр дүн байдаг. Мөн Шар цавд шувуун төст үлэг гүрвэл, заворподын олдвор зэрэг олдвор мөртэйгөө олддог нь энэ газрын үнэ цэнийг тодорхойлж байгаа юм. Тиймээс бид энэ газрыг байгалийн өв гэж үзэн хадгалалт хамгаалалтыг сайжруулах  тал дээр анхаарч ажиллаж байна.

-Шар цав шиг үлэг гүрвэлийн мөр, олдвортойгоо зэрэгцэн оршдог газар дэлхийд бий юу.?

-Мөртэй холбоотой судалгааг хийж, энэ салбарыг хөгжүүлээд явж байгаа улс орон зөндөө байгаа. Монгол орны хувьд тухайн амьтны  мөр нь болон эзэд нь нэг дор хадгалагдан үлдсэн байдгаараа онцлог. Гэтэл Австрали улсад байгалийн өвийг газар дээр нь хадгалж хамгаалах том төсөл хэрэгжиж байна. Уг төслөөс харж байхад үлэг гүрвэлийн мөр хадгалагдаж үлдсэн нөхцөл байдал нь Монголтой ижил боловч ганц нэг цөөн тоогоор л илэрдэг. Гэвч яс болон олдвор нь олддоггүй. Өмнөд Солонгос, Япон зэрэг арлын орнуудад бас  байдаг ч хэзээ ч Монгол шиг нэг дороос олон тооны мөр, олдвор зэрэг нь олддоггүй.

-Хоёр жилийн өмнө 2016 онд дэлхийд хаана ч байхгүй маш том үлэг гүрвэлийн чулуужсан олдвор олдсон гэх. Титинозавр нэртэй үлэг гүрвэлийн мөр  билүү?

Монгол Улсын нутаг дэвсгэрээс палеонтологи тэр дундаа сээр нуруутан амьтдтай холбоотой олдворт газрууд болох 120 гаруйг илрүүлж судалгаа шинжилгээний ажлыг хийж бүртгэсэн байдаг ч  бидний хамтарсан болон бие даасан хээрийн судалгааны ажлын үр дүнд шинэ шинэ олдвор, олдворт газруудыг нээсээр байгаагийн нэг жишээ нь тэр аварга том мөрний олдвор бөгөөд тус олдвор нь Ханбогд, Манлай сумдын зааг нутаг болох Хавиргын бууц хэмээх шинэ олдворт газрыг нээсэнтэй холбоотой юм. Энэ газраас Титинозаврын бүлэгт хамаарах Завроподын зүүн хойд талын хөлийн мөрийг анх олсон бөгөөд бид хээрийн судалгааны ажлын үр дүнд цааш үргэлжлүүлэн илрүүлэлт хийж үзсэнээр Азид хамгийн том, дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэх аварга өвсөн идэшт гүрвэл хөлт үлэг гүрвэл завроподын хойт хөлний 4 ширхэг байгалийн хэв буюу мөрийг тогтоосон бөгөөд судалгааны шинжилгээний үр дүнд уг мөрийг үлдээсэн амьтны биеийн хэмжээг тодорхой аргачлалаар тооцоолж гаргаснаар, биеийн нийт урт нь 30 орчим метр, амьдын жин нь 40-50 тонн хүрч байв.

-Олон сая жилийн турш газарт хадгалагдсан эртний амьтадын ул мөр, бүтэн олддоггүй. Олдлоо гэхэд хүмүүс таних боломжтой юу?

Үлэг гүрвэлийн мөр, зам, хөлийн дардас нь байгалийн хэв (natural cast), хонхор ор мөр (concave imprint) байдлаар хатуу элсжингийн үе давхаргад хадгалагдан үлдсэн байгалийн бүтээл бөгөөд хэлбэр хэмжээний хувьд олон янз болох нь тогтоогдсон юм. Мөрний хувьд олон янз байхаас гадна 1-5 хүртэлх хуруутай байдгаараа ихэд сонин болов олон зуун сая жилийн турш байгалийн элэгдэл өгөршилд орсон мөр гэж үзэх бараг чулуу маань ихэнх тохиолдолд бүтэн олдох нь ховор юм. Мөн энгийн хүн танилаа гэхэд боломж тийх их биш байх гэж бодож байна. Мөр гэж энгийн хүн олж харах нь ховор. Нэг удаа  энгийн хүмүүс одоо бидний хадгалалт хамгаалалтыг сайжруулан байгалийн өвийг хамгаалах нэг ажлын хэсэг болох Шар цавын олдворт газрын мөрнөөс хөрөөдөж авч явсан ч байдаг. Мөн машинтай дээгүүр нь явсан байдаг. Тийм ч учраас бид  хамгаалах асуудлыг тавьж одоо бол ШУ-ны үндэстэй аялал жуулчлалын томоохон бүтээгдэхүүн болсон байгаа.

-Жуулчид Монгол орныг зорих шалтгааны нэгд үлэг гүрвэлийн эх өлгий нутаг, олдворыг нь үзэх сонирхолтой байдаг. Палеонтлогийн олдвороороо баялаг улсын хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж хэр байгаа гэж та харж байна вэ?

Сайн цаг ирвэл болохгүй юм байхгүй. Бүх юмыг арай өөрөөр хардаг болъё л доо. Бид 1990 оноос хойш байгалиа л мөлжиж амьдарлаа. Зарж үрээд дууссан. Одоо бидэнд юу үлдэх юм гэвэл байгалийн олдворт газраа түшиглэн дэлхийн стандартад нийцсэн тохижилт бүхий хамгаалалтын зурвас, пале-парк барьж жуулчдыг татах нь үеийн үед олох орлого болно. Өнөөдөр уул уурхай л гэж ярьдаг боловч эцэст нь тэнд ухсан нүх л үлдэнэ шүү дээ. Магадгүй уул уурхайгаас олсон ашгаа холбогдох байгууллагуудад нь түгээж хөрөнгө оруулалт босгоод ирээдүй хойчдоо үлдээх зүйл хийх хэрэгтэй.

Палеонтологийн салбар, аялал жуулчлал  ирээдүй хойч үед хэрэгтэй юм шүү гэдэг өнцгөөс харвал түүхэн газар дээр нь зөндөө бүтээн байгуулалт эхлүүлэх боломжтой. Одоогоор аялал жуулчлалын 80 хувь нь говь руу аялдаг. Палеонтологийн олдворт газруудыг үздэг сонирхдог боловч харахаас бус тэндээс ямар амьтан олдсон юу байсныг мэдэхгүй. Энэ тал дээр зарим тохиолдолд үл ойлголцол гардаг байх. Нэг сайхан зүйл харах гээд олон зуун км бараад очтол элс үзүүлээд л ирлээ ч гэх гомдол, үл ойлголцол гардгийг үгүйсгэхгүй.

-Үлэг гүрвэл нь хэр хурдан амьтан байсан бэ. Биеийнхээ хэмжээнээс шалтгаалан хурд нь харилцан адилгүй байсан уу. Монгол оронд хэчнээн төрөл зүйлийн үлэг гүрвэл амьдарч байсан бэ?

Өвсөн болон махан идэшт амьтдын хурд харилцан адилгүй. Мэдээж махан идэшт үлэг гүрвэл одоогийн бидний амьдарч байгаа эх газрын чонотой адил хурдан шаламгай, хүчирхэг байж гэж бодоход. Дунд зэргийн биетэй махан идэштнүүд бол маш хурдан. Ойролцоогоор 60 гаруй км цагийн хурдтай давхидаг байсан гэсэн тооцоо байдаг. Харин өвсөн тэжээлт завропод гэх мэт бол маш болхи. Бараг 2 км цагийн хурдтай явдаг агуу удаан амьтан байсан. Дунд болон жижиг Махан идэшт үлэг гүрвэлүүд сүрэглэж амьдардаг байсан бол бусад том жижиг болон өвсөн идэшт үлэг гүрвэлүүд нь ганц нэгээрээ амьдардаг байсныг нотолгоо бий. Байгалийн жам ёсоор нэгийгээ идэш болгодог байсан түүхэн баримт ч байдаг. Та бүхэн мэдэж байгаа байх махан идэшт, өвсөн идэшт үлэг гүрвэл зодолдож байгаад үхсэн олдвор хүртэл зөвхөн Монголоос олдож байсан. Дэлхий дээр хамгийн урт хугацаанд оршин тогтнож байсан амьтан бол үлэг гүрвэл шүү дээ. Ойролцоогоор 150 сая жилийн турш амьдарч байхдаа хувьслын хувьд маш эрчимтэй хөгжсөн.

Монголд өнөөдрийн байдлаар 85 түүнээс ихгүй төрөл зүйлийн үлэг гүрвэл амьдарч байсныг судалгаагаар тогтоосон.

-Төв аймгийн Эрдэнэсант сумын Сайжрах гэдэг газраас үлэг гүрвэлийн мөр олдсон гэх хуучны тэмдэглэл л үлдсэн байдаг гэх?

-Энэ бол 1990 оныг хүртэл үлэг гүрвэлийн мөртэй холбоотой судалгаа шинжилгээ хийгдээгүй байсан. Үүнээс өмнө аман мэдээлэл, баримт байдаг. Бид О.Намнандорж гэж газарзүйч, судлаач мундаг хүний намтар түүхийг харуулсан цуврал боть номтой танилцаж байхад аварга амьтны мөр олсон тэмдэглэл байсан. Энэ нь одоогийн Төв аймгийн Эрдэнэсант сумын Өвөр жаргалантын Сайжрах гэдэг газраас олдсон 55 см урт, гурвалжин хэлбэртэй, тус бүр нь гурван хуруутай мөрийг олж тэмдэглэсэн байдаг юм билээ. Судалгааны явцад бидний сайн мэдэх Б.Явуухулангийн үлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан Онгон цэнхэр нутгийг эзэгнэнхэн төрлөө би шүлгийн тухай  яруу найрагч Г. Мэнд-Ооёо гуайгаас хэдэн онд зохиосныг асуухад 1959 онд бичсэн хариулж байсан юм. Тэгэхээр энэ шүлэг зохиогдохоос өмнө үлэг гүрвэлийн мөрийг олсон байж таарна тэгээд тухайн тэмдэглэлийг нэгжсээр 1950 оны эхэнд олсон гэсэн таамагт хүрсэн юм. Тухайн үед тус мөрний хэвийг нь авч хуулбарлан Байгалийн түүхийн музейд тавьж байсан. Тус музейг хаагдтал 60 жил гаруй олны хүртээл болжээ гэсэн үг. Одоо бол бид нарт хадгалагдаж байгаа.

-Хайгуулын баг, эрдэмтэн судлаачид нэг олдворыг илрүүлэхэд хэр их хугацааг зарцуулдаг вэ. Энд тэнд малтаж байх явцад л олдвор гараад ирдэг юм шиг нийтлэг ойлголт байгаа. Ер нь хээрийн судалгааны явцад хоосон буцсан тохиолдол байдаг уу?

– Бид хээрийн судалгаанд явахдаа ямар нэгэн шинэ зүйлийг үргэлж илрүүлэн олохын төлөө явдаг. Ер нь хоосон буцаж байсан түүх байхгүй. Хээрийн судалгаанаас эхлээд техник боловсруулалт хийж дуусаад дахин судлаачийн гараар орж хэвлэгдэн нийтлэгдэх зам бол маш урт зарим тохиолдолд  нэг сар заримдаа хэдэн сар жил шаардагдах нь ч бий. Хүмүүсийн хувьд бидний ажлыг хялбар гэж ойлгодог. Маш их түвэгтэй цаг хугацаа туулсан ажил. Ажиллах нөхцөл нь хэвийн бус. Нэг олдвор олж  Улаанбаатар луу тээвэрлэх, судалгааг явуулж нийтэд дэлгэх хүртэл хамгийн багадаа гурван жил, түүнээс дээш15 жилийн хугацааг зарцуулах нь ч бий. Үүний цаана ийм олон зовлон байдгийг хүмүүс мэдэхгүй. Зүгээр нэг яс авчраад угсраад мөнгө олдог, сенсаци болдог юм биш. Эсвэл энд тэнд малтаж орхидог гэдэг бол маш том  эндүүрэл юм.

-Хайгуулын явцад санамсаргүй байдлаар олдвор илрүүлэх тохиолдол байдаг. Сонирхолтой байдлаар олдсон олдворын тухай  хөгжилтэй дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Хээрийн судалгаа хийх гэж л өчнөөн км цагийг туулж байгалийн янз бүрийн нөхцөлд ажилладаг. Санамсаргүй байдлаар гэнэт олдвор олсон тохиолдол их. Бид хээрийн судалгаагаа явуулах газруудтайгаа урьдчилсан байдлаар танилцах гэж явахдаа замд жижигхэн шар эрэг байхыг хараад машинтайгаа очоод л түр бууцгаасан. Морь харчихаад л эргээд харахад дээр дурдсан аварга том үлэг гүрвэлийн мөр байсан. Бид машинаасаа буухаас өмнө  мөр ч гэж анзааралгүй аварга том чулуу гэж бодсон.

2014 онд манай салбарын эрхлэгч н.Бадамхатан олдворт газар дээрээ олон хоног ажилчихаад майхнаа хурааж байхдаа доороос нь тоть хошуут маягийн үлэг гүрвэлийн бүтэн толгойн яс олдсон түүх бий. Бүр 1990 оны эхээр академич Р.Барсболд гуайн машин нь элсэн суучихаад л түрж байтал дороос нь үлэг гүрвэлийн толгойн яс гарч ирсэн гээд яривал маш олон түүх бий.

-Уул уурхайн компани болон иргэд түүхийн хосгүй үнэт олдворыг санамсаргүй  байдлаар олох тохиолдол байдаг. Өнгөрсөн наймдугаар сард гэхэд Ховд аймгийн Мянгад сумын иргэн Б.Одбаяр Дорнод аймгийн Баяндун сумаас арслан зааны соёог олсон тухай мэдээлэл цацагдсан.  Ийм тохиолдол танай байгууллагад хэр их бүртгэгддэг вэ. Мэдээж ач холбогдлоор нь авч үздэг байх?

-Тухайн иргэд манай байгууллагад хандаж олсон олдвор цуглуулгаа хүлээлгэн өгсөн мэдээ баримт байдаг. Ерөнхийдөө манай байгууллагын сан хөмрөгт шилжүүлэн өгөх ажлыг хууль хяналтын байгууллага болоод иргэд нэлээдгүй бүртгэгдсэн байдаг. Иргэд палеонтологийн дурсгалд хамаарах олдвор олсон даруй холбогдох мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй. Манай байгууллагад иргэдээс маш их мэдээлэл ирдэг. Ихэвчлэн Хангай, Хэнтий том  голын ай савын ойролцоо алт олборлодог нинжа нар арслан зааны соёо олсон гэх мэдээлэл их ирдэг. Говийн аймгуудаар бол үлэг гүрвэлтэй холбоотой. Хүмүүс саваагүй зангаасаа болдог юм уу мэдэхгүйн улмаас газар дээр нь эвдэлж сүйтгэх, олсон даруйдаа дураараа авч явах, буруу тээвэрлэснээс болж эвдэлснийхээ дараа биднийг дууддаг нь буруу юм. Тиймээс олсон л бол шууд мэргэжлийн байгууллагад хандах нь зүйтэй. Ингэснээр судалгаа шинжилгээний талаасаа ч томоохон нээлт гарах боломж илүү нээгдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж