Тэр эргэж ирэхгүй ч хэрэг нь үнэн зөв шийдэгдээсэй

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

Тэр эргэж ирэхгүй ч хэрэг нь үнэн зөв шийдэгдээсэй

Өнгөрсөн оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө 13 настай охин Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Очир” төв зочид буудалд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Дээрх  хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх нь өнөөг хүртэл олны анхаарлын төвд байгаа юм. Тэгвэл өнөөдөр /2018.11.07/ гэмт этгээдүүдийг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Хэргийг эргэн сөхөхөд, 13 настай  А охин ээжтэйгээ уулзахаар өнгөрсөн наймдугаар сарын 22-нд гэрээсээ гарч яваад ор сураггүй болж, маргааш нь зочид буудлын өрөөнд амь насаа алдсан байдалтай олдсон. Охиныг гэрээсээ гарч явахад хөрш айлын 19 настай Э.Амарболд гэгч тааралдаж гар утсыг нь шүүрч аван зугтаасаар Дарь-Эх, Ганцхудагийн ойролцоо “Очир” төв  зочид буудал руу дагуулан орж, маргааш нь  охин амь насаа алдсан байдалтайгаар олдсон юм. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Б.Жавхлан, Э.Амарболд  нар хохирогчид архи уулган согтоож, согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан хурьцал үйлдсэн, улмаар хохирогч нь архины цочмог хордлогын улмаас нас барсан болохыг шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоожээ. Тэд хэргийн ул мөрөө баллахын тулд талийгаачийн  биеийг цэвэрлэх, арчих зэрэг үйлдлийг хийсэн байдаг.

13 НАСТАЙ ОХИН ХОЁР ШИЛ АРХИ УУСАН УУ?

Энэ хэрэгт өмгөөлөл үзүүлж байгаа Р.Булгамаа манай сайтад өгсөн ярилцлагадааШүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаачийн цусанд 5.7 хувийн поромилл спирт гарсан байгаа нь өөрөөр хэлбэл ямар хэмжээний архи өгснийг тогтоох боломжгүй маш их архи өгсөн. Гэтэл хоёр яллагдагч этгээдийг цагдаагийн байгууллага шууд баривчлагдмагц шууд согтолтын зэргийг тогтоох үйл ажиллагаа хийх үүрэгтэй байсан. Мөн нэг этгээд нь хэргийн газраас оргон зугтаасан. Тэр үед хэргийг мөрдөн шалгаж байсан болон жижүүрт гарч байсан хяналтын прокуроруудад ямар хариуцлага тооцсон юм бэ. Гэтэл өнөөдөр согтолтын зэргийг шалгаагүйн улмаас хоёр сэжигтэн этгээд өөрсдөө эв эрүүл болж таарч байна. Тэр охин л ганцаараа хоёр шил архи уусан байж таарах нь. 13 настай охин хоёр шил архи уух уу. Гол нөхцөл байдал архи хэмээх хорыг хэн уулгав, дээрээс нь үүдэн шүд хөдөлсөн хамар уруул мурийлттай, хүзүүний эрээн булчинд хар хөхрөлт үүссэн байсан нь хүн амины гэмт хэргээ халхлах зорилгоор энэ охины амруу их хэмжээний архийг цутгасан байхыг үгүйсгэхгүй. Хоёрын хоёр шил архийг хүүхэд өөрийн хүсэл зоригоор уух бодит боломж байхгүй” гэж байсан юм.

ШҮҮХЭЭС  ХЭРГИЙГ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ХИЙЛГЭХЭЭР ПРОКУРОРТ ХОЁР УДАА БУЦААЖЭЭ

Дээрх хэрэгтэй холбоотой анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2018 оны нэгдүгээр сард болжээ. Тухайн  үед нотлох баримт дутуу гэсэн шалтгаанаар хэргийг прокурор руу буцаасан байна. Ингээд гэмт этгээдүүдийг шүүх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал зургадугаар сарын 29-ний өдөр  Баянзүрх дүүргийн шүүхэд болсон. Энэ үеэр  мөн л талийгаач охины хэргийг “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр Б.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна. Талийгаачийн гэр бүлийн зүгээс гэмт хэрэгтнүүдэд хуулийн дээд хэмжээ болох бүх насаар нь хорих ял оногдуулаасай гэж хүсч буй.

ОХИНЫ АМИНД ХҮРСЭН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ХЭН БЭ?

Онц ноцтой хэрэгт холбогдон шалгагдаж буй Д.Жавхлан нь 2011 онд хоёр найзын хамт дээрмийн хэрэгт холбогдон шалгагдаж, шүүхээс хорих ялаар шийтгүүлж байжээ. Хэргийн талаар сануулахад Д. Жавхлан нар нь иргэн Ш.Энхбаярыг дээрэмдсэн хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 2.9 жилийн хорих ял сонссон байна. Ингэхдээ Б.Жавхланг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн дөрвөн сарын баривчлах ялыг нэмэгдүүлж, 3.3 жилийн хорих ял сонсгож байжээ. Өөрөөр хэлбэл түүнтэй хамт хэрэгт буруутгагдсан хоёр залууд зөвхөн дээрмийн хэргээр ял оноосон бол Д.Жавхланг дээрмийн хэрэг үйлдсэн, танхайрсан гэдэг хоёр зүйл ангиар ял оноосон байна. Шүүхээс Д.Жавхланг гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан тул шүүхээс оногдуулсан ял эдлэх, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1. 6 жилийн хугацаагаар хойшлуулсан байна. Гэмт хэрэгт холбогдоод буй Э.Амарболдтой нийлж байнга архи дарс уудаг, зодоон хийдэг байсныг ойр тойрны хүмүүс цагдаа нарт мэдүүлжээ. Мөн Д.Жавхлангийн аав Даваа нь шоронд олон жил ял эдэлж, хорих ангид нас барсан гэх мэдээлэл ч байгаа юм. Д.Жавхлан Монтел төв дээр гар утас засдаг байжээ. Харин Э.Амарболдын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй. Мэргэжил, боловсролгүй нэгэн гэнэ. Өнгөрсөн жил гэртээ хүн хутгалж гэмтээсэн байна.

“ОЧИР” ТӨВ  ЗОЧИД БУУДАЛ НЭРЭЭ ӨӨРЧИЛЖ "ЭЛИТ" БОЛГОЖЭЭ

Үйлчлүүлэгчдийн бичиг баримтыг шалгаж, хяналт тавилгүй ажилдаа хайнга хандсан, насанд хүрээгүй хүүхдийг авч яваа талаар холбогдох газруудад мэдэгдээгүйгээс онц ноцтой гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн, “Очир”төв зочид буудлынхан өнөө хүртэл үйл ажиллагаа явуулсан хэвээр байна. Тэднийг Зөрчлийн хуулиар 250 мянган төгрөгөөр торгоод өнгөрчээ. Ойр хавийн иргэдийн мэдээлснээр тус буудал нь нэр хаягаа авчихсан үйл ажиллагаа явуулж буй хэвээрээ байгаа гэнэ. Мөн доод давхарт нь баар цэнгээний газар, караоке шинээр нээгджээ.

Амьдралын өнгийг бүрэн таниагүй, болох болохгүйгээ ч гүйцэд ухаараагүй нялх үрсийнхээ хайран амийг цурхирсан ээж, цөхөрсөн аав хаанаас хайж, хэнээс нэхэх вэ ?

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж