УИХ-ын чуулганаар дөнгөж сая Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай өмнөх хуулийг хүчингүй болгон, шинэчилсэн найруулгыг баталсан байна.
Шинэчилсэн найруулга гэдэг нь өмнөх хуулийн талаас илүү хувь нь үндсэндээ өөрчлөгдөж буйг хэлдэг бөгөөд 2003 онд батлагдсанаас хойш нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан төслийг ийн шинэчлэж буй аж.
Хуулийн этгээдийг шинээр бүртгүүлэхэд иргэн дунджаар 2-4 цаг зарцуулдаг бөгөөд өдөрт 400-450 иргэн үйлчлүүлж байна. Үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр нэг хүний өргөдлийг хүлээж авах зэрэг ажилд зарцуулах хөдөлмөр зарцуулалт буюу хугацааны норм хоёр дахин багасна хэмээн төсөөлжээ.
Онцлох зохицуулалт гэвэл, хуулийн этгээдийн төрөл, хэлбэрээс үл хамааран иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр болон хуульд заасан журмын дагуу байгуулагдсанаар үүсч, татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болдог бүхий л хуулийн этгээдийг зөвхөн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэх, хуулийн этгээдийн бүртгэлийг 2-3 хоногийн дотор хийх, цахим гэрчилгээг өргөдөл гаргагчдад илгээх, хүссэн үедээ хэвлэх боломжтой боломжтой болох, хуулийн этгээдийн бүртгэлийн асуудлаар төрийн болон бусад байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцсоноор иргэд төрийн байгууллагад биеэр очдог чирэгдлийг багасган, бүртгэлийн байгууллага болон төрийн бусад байгууллагууд өөр хоорондоо мэдээлэл шуурхай солилцож, цаасгүй орчинд шилжих, хуулийн этгээдийн жагсаалтыг гараар хөтөлдөг байдлыг халж цахим хэлбэрээр хөтлөхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан байна.
Уг хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж буйтай холбоотойгоор 30 орчим хуулийн зарим зүйл заалтад өөрчлөлт орж буй аж.
Б.ЭНХ