УИХ-ын гишүүн Д.Сумъяабазартай ярилцлаа.
-Төсвийг тодотголоо. Ямар тодотгол болсон гэж та бодож байна вэ?
-Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулсантай холбогдуулан, мөн эдийн засгийн хүндэрсэн нөхцөл байдаатай уялдуулан төсвийг тодотгох шаардлага үүссэн. Төсвийн тодотголоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлыг 50 хувиар буурууллаа. Шинэчлэн зохион байгуулсан Засгийн газар төсвийн зардлыг нэг их наяд төгрөгөөр танах санал УИХ-д оруулж ирсэн.
Урсгал болон хөрөнгө оруулалтын зардлаа нэлээд танаж чадлаа. Эдийн засагт үүссэн бодит нөхцөл байдалтайгаа уялдуулсан нь энэ удаагийн төсвийн тодотголын онцдог. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улсын өрийн таазыг дотоодын нийт бүтээгдэхүүний 40, төсвийн алдагдлыг хоёр хувиар хязгаарласан байсан. Өрийн таазыг бодит түвшин болох 58.3 хувьд нь хүргэлээ.
Хөгжлийн банкны зардлыг төсөвт оруулан тооцдог болсон. Ингэснээр төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувьтай дүйж байгаа. Төсвийн алдагдлын хязгаарыг ч дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувьд хүргэж өсгөлөө. Бодит тоо- нуудад тулгуурласан төсөв болсон. Өнгөрсөн хоёр жилд төсвийг хэт хөөсрүүлсэн гэж би хардаг. Улсын төсвийг "Чингис” бондын болон Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зарцуулалт хөөсрүүлсэн гэдэгтэй санал нийлдэг, Харин бид энэ удаа үүссэн нөхцөл байдлаа бодитоор харж чадсан.
-Төсвийн хөрөнгө оруулалт эдийн засгийг тэлдэг гэдэг. Төсвийн хөрөнгө оруулалтыг буурсныг зарим эдийн засагч таатай хүлээж аваагүй.
-2000 оноос хойш эдийн засаг өсөхийн хэрээр төсвийн хөрөнгө оруулалтыг тэлж, гишүүд сонгогдсон тойроггоо сургууль, цэцэрлэг, соёлын төв барих мөнгө хуваарилуулж ирсэн. Одоо энэ ханддагаа орхихгүй бол байдал бишдээд байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн онуудад барьж эхлээд өнөөдрийг хүртэл дуусгаагүй барилга – олон бий.
Төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийх нь зөв. Гэхдээ төлөвлөсөн хугацаандаа эхэлж, бас дуусгах ёстой. Барилга 7-8 жил дамжин баригдахад чанарын шаардлага хангах, эсэх нь ч эргэлзээтэй. Валютын ханш, инфляцын өсөлтийг дагаад зардал нь жил тутамд өсөх нь тодорхой.
Үүнийг л УИХ-ын гишүүд ойлгох хэрэгтэй. Тиймээс миний хувьд өмнөх жилүүдэд оруулалттай барилгуудыг яаралтай дуусгах байр суурь баримталдаг. 2008, 2009 онд эхэлсэн барилгуудын хөрөнгө оруулалтыг гүйцээж дуусгаа- сай гэж бодож байна.
-Танай тойрогт, өөрөөр хэлбэл Сонгинохайрхан дүүрэгт “дуусдаггүй” барилга байна уу?
-Олон бий. Өмнө нь сонгогдсон гишүүдийн эхлүүлсэн, дуусаагүй барилгууд байдаг. Эдгээр нь жил бүр багахан хөрөнгө төсөвлөж, түүгээр ажлыг нь жаахан урагшлуулдаг нь буруу жишгийн илэрхийлэл. Сонгино хайрхан дүүргийн Баянхошуу бүсийн 124 дүгээр дунд сургуулийн барилгын ажил 2008 онд эхлээд өдий хүртэл дуусаагүй.
Миний хувьд онцгой ач холбогдол өгч ажиллан энэ жил барилгыг бүрэн ашиглалтад оруулах хөрөнгө төсөвт тусгуулсан. Тус сургуулийн барилга ашиглалтад оролгүй удсанаас болж 67 дугаар сургуульд багш нарын ажлын ачаалал нэмэгдэж, сурагчид нь 3-4 ээлжээр хичээллэж байгаа. Энэ сургууль баригдсанаар Баянхошуун бүсийн багш нарын ажлын ачаалал буурах, сурагчдын сурлагад сайнаар нөлөөлөх болно.
Мөн манай тойрогт цэцэрлэг дутагддаг. Сонгинохайрхан дүүргийн 4, 8, 20 дугаар хороонд цэцэрлэг барих асуудлыг төсөвт тусгууллаа. Мөн Сонгинохайрхан дүүрэгт спорт цогцолборыг барих, ‘Орбитын уулзвараас Толгойтын эцэс буюу үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэлийг хийх санхүүжилтийг бүтнээр нь тусгасан.
Спорт цогцолбор барьснаар хүүхэд багачууд спортоор хичээллэх өргөн боломж нээгдэж байгаа юм. Эдийн засгийн хүнд үед хөрөнгө оруулалтыг хойшлуулж болохгүй, хойшлуулж болох гэж ангилмаар байгаа юм. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэргийг хойшлуулж болохгүй ангилалд оруулах хэрэгтэй.
-Төсөв эдийн засгийг өсгөх үндэсгүй боллоо гэж ярьж байна. Энэ жил эдийн засаг хэрхэх бол?
-Эдийн засгийн өнөөгийн зургийг харахад хүндрэх төлөвтэй байна. Ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларч буй нь иргэдэд болгоомжлол төрүүлээд байгаа. Ам.долларын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд гадаадын шууд хөрөнгө оруулалт татах учиртай. Юуны түрүүнд Гацууртын алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай.
Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд валютын нөөцөө нэмэх бодлогыг Монголбанк, Засгийн газрын зүгээс барьж ажиллах байх. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлууд, төсөв болон Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хийгдэх хөрөнгө оруулалтын хүлээгдэж буй гүйцэтгэлийг харахад сайн дүр зураг харагдахгүй байна.
-Тавантолгойн хөрөнгө оруулалтын хэлэлцээ шуурхай явж байна. Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилтийг эхлүүлэх хэлэлцээр ч үргэлжилнэ. Уул уурхайн хоёр том төсөл хөдөлбөл эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны санхүүжилтийг шуурхай үргэлжлүүлэх шаардлагатай юу?
-Нэгэнт хийсэн гэрээгээ цааш нь үргэлжлүүлээд явах хэрэгтэй. Гэрээ- гээ эргэж харна гэвэл хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Анх хувь эзэмшихгүйгээр роялти, татвараар ашгаа хүртээд явах гэрээ хийж чадаагүйгээс хойш одоо тэгэх байсан, ингэх ёстой гэж ярих нь утгагүй.
Зардлаа өсгөөд ашгийг бууруулаад байна гэсэн яриа гараад байгаа. Хөрөнгө оруулагч талдаа ч, үр ашгийг нь хүртэх гэж хүлээж буй иргэдэд ч зовлонтой, гүйцэтгэх засаглалынханд ч ярвигтай харагддаг.
“Оюутолгой” төслийн хоёр дахь шатны санхүүжилтийг явуулах ёстой. Хөрөнгө оруулагч нар манай төрийн бодлого тогтвортой байх эсэхийг анхааралтай ажиглан харж байгаа. Ам,долларын урсгал татарч байгаа, энэ үед “Оюутолгой”-г хөдөлгөх нь маш чухал асуудал. Уг төслийг хөдөлгөх нь бараг нэр төрийн хэрэг болчихоод байна. Тавантолгой төслийн хөрөнгө оруулалтын хэлцлийг шуурхай явуулах шаардлага байгаа. Тавантолгой ордоос Хятадын хил рүү өргөн царигтай төмөр зам тавина, нарийныг тавина гэж маргасаар зургаан жил алдсан.
Эцэст нь анхны санал буюу нарийн царигаар тавихаар боллоо. Тавантолгойд хөрөнгө оруулахаар үндэсний хөрөнгө оруулалттай “Энержи ресурс”, Хятадын “Чайна Шенхуа энержи”, Японы “Сумитомо” компанийн консорциум шалгарсан. Төсөл шалгарснаар гадаадынханд өгөхгүй, дотоодын компаниудад л өгөх хэрэгтэй гэсэн яриа гарч байна.
Надад бол Оюутолгойтой адил Тавантолгойгоо гацаачих вий, эх орондоо хайртай дүр эсгэсэн хүмүүсийн тоглолт болчих вий гэсэн айдас төрж байгаа. Монгол Улсаа боддог, хөгжүүлэхийг хүсдэг л бол Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой. Уул уурхайд суурилсан эдийн засагтай улс болчихоод хоёр гол баганаа нурааж болохгүй шүү дээ.
-Мега төсөл их мөнгө дагуулдаг, өндөр үр ашигтай байдаг учраас зүйрлэвэл ховор ан юм. Тиймээс геополитик, улс төрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхээр буураад унагачих магадлалтай. Төрийн туйлбартай бодлого нь мега төслийг амьдруулдаг бололтой.
-Мега төслийг хэрэгжүүлэхийн тулд нэгдсэн бодлого байх ёстой. Эрх баригчид мөн Засгийн газарт хамтарч байгаа МАН, МАХН, МҮАН-ын нэгдсэн бодлого л улс орноо хүндрэлээс гаргана. Эдийн засаг бол амьд бие организм. Амь тавиад унах юм бол босгож ирэхэд хэцүү. Дэлхийн банк, Олон улсын валютын сангийнхантай уулзахад Монголбанкны Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоох ёстой, хагас төсвийн байдалтай байна.
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг оролцуулбал танай төсвийн алдагдал ДНБ-хээ долоон хувьтай дүйнэ гэдэг. УИХ, Монголбанк, Сангийн яам нэгдсэн бодлоготой байж цааш явна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг төсөвт оролцуулан тооцвол Төсвийн тогтвортой байдлын хуулиар сая тогтоосон хязгаар бас л давах нь байна.
-Өрийн таазыг 70 хувьд хүргэх Засгийн газрын саналыг дэмжсэн бол хүндрэлээс гаргах өөр нэг хөшүүрэг байсан юм биш үү?
-Ч.Сайханбилэгийн Засгийн газарт УИХ итгэл үзүүлэх үү, эс үзүүлэх үү гэдгээр санал хагалуулах байсан. Хэрвээ итгэл үзүүлэхгүй гэвэл ажлаа өгөх, итгэл үзүүлнэ гэвэл 70 хувиа хамгаалаад гарах байсан. Гэтэл ийм эрсдэл хийсэнгүй. Боддогоо зоригтой хамгаалах хэрэгтэй. Буцаж няцах нь сайн чанар биш.
Эх сурвалж: "ӨНӨӨДӨР СОНИН"