Р.Хадбаатар: Монгол дахь үргүйдлийн гол шалтгаан БЗХӨ

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

Р.Хадбаатар: Монгол дахь үргүйдлийн гол шалтгаан БЗХӨ

Монгол эрчүүдийн 7.5 хувь нь үргүйдэлтэй хэмээх судалгааны дүнг та өмнө нь уншиж байсан байх. Уг судалгааг түүврийн аргаар 2000 гэр бүлийн дунд явуулжээ. Нууц байгааг нь тооцвол энэ хувь  нэлээд нэмэгдэнэ. Үргүйдлийн талаар “Unimed” олон улсын эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах төвийн захирал, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Р.Хадбаатараас тодрууллаа.


-Хэдий хугацаанд жирэслэхгүй байвал үргүйдэл гэж үзэх вэ? 

-Жирэмсэн болохыг хүсээд, жирэмслэлтээс хамгаалах эм, бэлдмэл огт хэрэглэлгүй бэлгийн харьцаанд тогтмол орж байгаа ч нэг жилийн хугацаанд огт жирэмслэхгүй бол үргүйдэл гэж үзнэ. Дээр үед хоёр жил гэж үздэг байсан бол одоо нэг жил болсон.

-Сүүлийн үед үргүйдэл залуужиж байна гэх юм. Энэ үнэн үү. Үргүйдлийн шалтгаан юу байна вэ?

-Дэлхий дахинд үргүйдэл ихэсч байгаа. Энэ нь бэлгийн замын халдварт өвчин, үрэвсэлт өвчин, бэлгийн олон хамтрагчтай байх, архи, тамхины замбараагүй хэрэглээтэй холбоотой. Мөн үргүйдэлд үр хөндөлт, нийгмийн стресс, жирэмснээс хамгаалах эмийн замбараагүй хэрэглээ, хэвлийн хагалгааны наалдац зэрэг нөлөөлж байгаа. Монгол Улсын хувьд үргүйдэлд хүргэж байгаа гол шалтгааныг бэлгийн замын халдварт өвчин (БЗХӨ) эзэлж байна.

-Үргүйдлийн хэдэн хувь нь эрчүүдээс шалтгаалж байна вэ?

-Өмнө нь үргүйдлийн 10-15 хувь нь эрчүүдээс хамаарч байна гэж үздэг байсан. Одоо үргүйдлийн 50 хувь нь эрчүүдээс шалтгаалдаг нь тодорхой болсон.  Эрчүүдийн үргүйдэл ийм өндөр хувьтай болсон нь оношилгоо сайжирсантай холбоотой. Мөн эрчүүдийн үргүйдэл нь сувгийн битүүрэл, халдварт өвчин, гэмтэл, төрөлхийн төмсөггүй, үр дамжуулах суваггүй байх, өнчин тархины дутмагшил, вирусийн халдвар зэргээс шалтгаалдаг. Сүүлийн үед хромсомын гажгаас үүдсэн үргүйдэл илүүтэй их оношлогдож байна.

-Таны хувьд нөхөн үржихүй, үргүйдлийн чиглэлээр ОХУ-д анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Олон улстай харьцуулахад Монголд үргүйдлийн оношилгоо, эмчилгээ хэр байна вэ?

-Орон бүрт үргүйдэл өөр байдаг. ОХУ-д 15хувьтай байдаг бол Канадад 17 хувьтай байдаг. Монгол Улсад үргүйдлийн талаар хийсэн нэгдсэн суурь судалгаа байдаггүй. Ерөнхийдөө 10 гаруй хувьтай байгаа болов уу. Манайд бактерийн гаралтай өвчнөөр үргүйдэлд хүрч байгаа бол барууны оронд вирусийн гаралтай өвчнөөр үргүйдэл үүсч байна. Мөн барууны оронд хромсомын гажиг,  мөн төмсөгний хураагуур судасны өргөсөл нөлөөлж байна. Харин Монголд үрэвсэлт өвчин, гэмтлээс үүдсэн үргүйдэл давамгайлж байна. Эмчилгээний хувьд Монголд дэлхийн төвшинтэй адил эмчилгээ хийж байгаа. Мөн эрэгтэйчүүдийн үргүйдлийг эмчлэхэд харьцангуй урт хугацаа шаарддаг. Мөн үргүйдлийн 30 хувийнх нь шалтгаан тодорхойгүй байдаг. Хэт таргалалт, сахарын шижин, хөдөлгөөнгүй байдал, хар тамхи, уураг, эр бэлгийн  даавруудыг их хэмжээгээр тариулах зэрэг нь үргүйдлийн суурь болдог. Хэрэв шалтгааныг нь олж чадвал эрэгтэй үргүйдлийг урт хугацаанд ч эмчлэх боломжтой.  Гэхдээ шалтгаан нь тодорхойгүй үргүйдэл 30 хувийг эзэлж байгаа.

-Бактерийн гаралтай үргүйдлийн талаар тодруулахгүй юу. Вирусийн гаралтайгаас юугаараа ялгаатай вэ?

-Бактерийн гаралтай үрэвсэл гэхээр тэмбүү, заг хүйтэн гэх мэт, мөн гарын бохироор дамжих бактериуд, шулуун гэдэсний савханцарууд орно. Харин нь вирусийн гаралтай үрэвсэлд  гахайн хавдар, герпес  голлох байр эзэлнэ. Өөрөөр хэлбэл, эдгээр үрэвсийн  нэг нь бактериар, нөгөө нь вирусээр үүсгэгдэнэ.

-Үрийн шингэнд хэдий хэмжээний эр эс байвал үр тогтоох чадвартай вэ?

-Ерөнхийдөө нэг мл үрийн шингэнд ойролцоогоор 15 саяас дээш эс байдаг. Түүний 32-оос дээш хувь нь хөдөлгөөн хийж байх юм бол байгалиараа жирэмслүүлэх боломжтой гэж үзнэ.

-Эрчүүдийн үргүйдлийг хэрхэн оношилдог талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Юун түрүүнд үрийн шингэнд шинжилгээ хийнэ. Үрийн шингэнд өөрчлөлт байхгүй, өөрөөр хэлбэл, хэвийн байвал үргүйдэл  эрэгтэйгээс хамааралгүй хэмээн үзнэ. Өөрчлөлттэй байх юм бол 14-21 хоногийн дараа давтан шинжилгээ авна. Хэрвээ хоёр дахь шинжилгээнд өөрчлөлт гарсан бол цаашид онош тодруулах зорилгоор нарийвчилсан шинжилгээнд хамруулна. Үүнд дааврын шинжилгээ, үрийн шингэний биохимийн шинжилгээ, цаашид хромсомын бүтэц, тоог судлах шинжилгээ зэргийг хийдэг. Мөн будаж морфологи харах, дархлааны гаралтай үргүйдэл байгаа зэргийг тодорхойлох нь чухал.

-Эрэгтэй хүний үр тогтох чадвар хэр удаан үргэлжилдэг вэ. Тухайлбал, 40, 50, 60 насанд аав болох боломж хэдэн хувьтай байх вэ?

-Яг хувийг нь хэлж мэдэхгүй юм. Гэхдээ эрэгтэй хүн амьдралын зөв дадал зуршилтай, эрүүл саруул, төмсгөнд гэмтэл бэртэлгүй, халдвар авч байгаагүй тохиолдолд 65, 70 нас хүртэл үр тогтоох чадвар хадгалагдана. Энэ үед үрийн шингэн дэх эр бэлгийн тоо цөөрч, тэдгээрийн хөдөлгөөн удааширдаг гэж үздэг.

-Үргүйдэлд удамшил нөлөөлөх үү?

-Нөлөөлнө, гэхдээ хувь нь бага. Зөвхөн эрэгтэй хүүхдүүдээр дамждаг генд өөрчлөлт, гажиг үүссэн тохиолдолд л үргүйдэл цаашид удамших магадлалтай.

-Чалх сайжруулах эм байнга уух нь үргүйдэлд хүргэдэг үү?

-Мэдээж чалх сайжруулах эмийг их хэмжээгээр удаан хугацаагаар уувал төмсөгний үйл ажиллагаа муудаж хатингарших талтай. Үүнээс үүдээд эр бэлгийн эс үүсэхэд шаардлагатай дотоод тестостероныг ялгаруулах эсийн үйл ажиллагаа буурдаг.

ӨНДГӨВЧ, ТӨМСӨГ ХАТИНГАРШААГҮЙ Л БОЛ ХҮҮХЭДТЭЙ БОЛОХ МАГАДЛАЛ БИЙ

-Үргүйдлийг хэрхэн эмчилдэг вэ. Эмчлэх физик эмчилгээ байдаг уу?

-Үргүйдлийг эмчлэхийн тулд эхлээд шалтгаанаа зөв тогтоох хэрэгтэй. Эрэгтэй үргүйдлийн 30 хувийн шалтгаан тодорхой бус байдаг талаар дээр дундсан. Шалтгаан тодорхой бус байгаа  тохиолдолд туршилтын эмчилгээ хийж болно. Мөн өнчин тархины дааврыг гаднаас нөхөх, халдваруудыг эмчлэх, массаж хийх, зүү тавих гээд олон аргууд бий. Гэхдээ эдгээр эмчилгээ нь цаг хугацааны хувьд хязгаартай. Хэрвээ 3-6 сар эмчлээд илэрхий сайжрахгүй бол үр шилжүүлэн суулгах замаар, түүн дотроо эр бэлгийн эсийг өндгөн эс рүү тарьж үр шилжүүлэн суулгаж жирэмслүүлэх боломжтой.

-Үргүйдэл гэж оношлогдоод эмчилгээ хийлгэсэн ч үр дүнд хүрэхгүй байгаа тохиолдолд үр шилжүүлэн суулгах ажилбар хийж, хүүхэдтэй болох “аз үзэхэд” хүрдэг. Монголд ихэвчлэн хэдэн насныхан үр шилжүүлэн суулгуулж байна вэ. Мөн үр шилжүүлэн суулгалтын хэдэн хувь нь амжилттай болсон бэ?

-Одоогийн байдлаар манай эмнэлэгт нийт үр шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн 35-40 хувь нь амжилттай болж, 800-гаад хүүхэд мэндлээд байгаа. Үүний 40 хувь нь  хоёр ихэр, 17 нь гурван ихэр байна.

-Үр шилжүүлэн суулгалтыг Монголд хэзээнээс хийж эхэлсэн бэ. Бусад оронтой харьцуулахад өртөг, болон чанарын хувьд хэр байна вэ?

-Монголд 2009 оноос эхлэн үр шилжүүлэн суулгах үйл ажиллагааг хийсэн байдаг. Манай эмнэлэг 2012 оноос эхлэн үр шилжүүлэн суулгаад, одоогоор 800-гаад хүүхдийг эх бариад байна.  Монголд үр шилжүүлэн суулгах ажилбарын өртөг бусад орноос хамгийн бага үнэтэйд тооцогдоно.

-Үргүйдэл гэж оношлогдоод эмчилгээ хийлгэсэн ч үр дүнд хүрэхгүй байгаа тохиолдолд үр шилжүүлэн суулгах ажилбар. Наснаас хамааран үр шилжүүлэн суулгалтаар хүүхэдтэй болох магадлал хэдэн хувь бэ ?

-Ерөнхийдөө 43 нас хүрээд л өндгөвчний үйл ажиллагаа зогсдог бол төмсгийн үйл ажиллагаа 65, 70 нас хүртэл явагддаг. Тиймээс өндгөвч, төмсөг хатингаршаагүй л бол хүүхэдтэй болох магадлал бий ч 35-аас дээш насны эмэгтэйчүүдийн жирэмсэн болох магадлал огцом буурдаг. Хосууд маань хэдий чинээ эрт нөхөн үржихүйн эмнэлэгт хандана хүүхэдтэй болох магадлал төдий чинээ өндөр байна. Ихэнх орон 44-өөс дээш насныханд  үр шилжүүлэн суулгалт хийдэггүй. Түүнээс дээш насанд өндгөн эсийн тоо  болоод чанар буурч  өндгөвчний нөөц барагдан цэвэршилт явагддаг. Мөн 40-өөс дээш насны эмэгтэй жирэмсэн болж байгаа тохиолдолд гажиг хүүхэд гаргах магадлал 50 хувиар ихэсдэг. Өөрөөр хэлбэл, өндгөн эс чанаргүй болдог юм. Түүнчлэн абортод олон дахин давтан орох, хэвлийн эд эрхтнүүдэд  болон умайд хийгдэж байгаа янз бүрийн  хагалгаа, ажилбарууд, халдварт өвчин, сэтгэцийн эм, нойрны эм зэрэг бэлгийн булчирхайд хоруу үйлчилгээ үзүүлж байдаг эм зэргүүд нь  өндгөвчний нөөцийг  хурдан барагдуулах хүчин зүйлүүдэд хамаарна.

Тиймээс үр шилжүүлэн суулгах ажилбарыг хүүхэдтэй болох боломж  гэж харах хэрэгтэй. Үр шилжүүлэн суулгаад хүүхэдтэй болох магадлал наснаас хамаараад янз бүр байна. Тухайлбал, 28  хүртэлх  насны  эмэгтэйчүүдэд  хүүхэдтэй болох магадлал 60-70 хувь байдаг бол 35 хүртэлх  насанд 45 хувь болно, 40 хүртэлх насныханд 25 хувь, харин нь   40-өөс дээш насныханд 10-15 хувиас хэтэрдэггүй.

-Үргүйдлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөхгүй юу?

– Эр хүний хоёр дахь зүрх бол түрүү булчирхай биш харин төмсөг гэж хэлмээр байна. Төмсгөнд хүний удмын санг дамжуулж байдаг эр бэлгийн эс үйлдвэрлэгддэг. Эрэгтэй хүний хүч чадал, үс сахал, гадаад үзэмжийг тодорхойлдог дааврын ихэнх нь төмсгөнд үйлдвэрлэгддэг. Бэртэл аваад төмсгийг  гэмтээсэн тохиолдолд түүнд үйлдвэрлэгдэж байгаа эр бэлгийн эсийн тоо болоод даавар огцом багасдаг. Өөрчлөлтөд орсон төмсөг эргэж сэргэх нь бага. Тиймээс төмсгөө гэмтээхээс зайлсхий. Бэлгийн замын халдварт өвчнийг тэр дор нь эмчил. Спортоор хичээллэ, сайн унтаж амар, тэжээллэг хоол, хүнс хэрэглэ. Үр хүүхэдтэй болъё гэж бодож байгаа л бол энэ бүхнийг дагаж мөрдөх шаардлагатай юм.

Хэрэв та үргүйдэлд өртөхийг хүсэхгүй байгаа л бол эмчийн зөвлөгөөг хэрэгжүүлэхийг хичээгээрэй. “Эрүүл монгол эрэгтэйн эрэлд” цуврал дараагийн удаа үргүйдлийн шалтгаан болоод байгаа уураг нь ямар уршигтай болохыг хөндөх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж