УИХ, Засгийн газрын хувь заяа хөндөгдөж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

VS

УИХ, Засгийн газрын хувь заяа хөндөгдөж эхэллээ

УИХ-ын чуулганаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг сайдын албан тушаалаас чөлөөлсөн. Энэ асуудлыг хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү хариуцлагыг ганцхан хүнд үүрүүлж байгаа нь шударга бус хэмээн шүүмжилсэн юм. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх шударга ёс тогтоох ажлыг тун удахгүй эхлүүлнэ гэдгээ мэдэгдэв. Ингээд тэдний байр суурийг VS буландаа онцолж байна.


 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх

МАН уугуул нэрээ сэргээсэн өдөр энэ хурал давхцаж байна. Би Ерөнхий сайд болоод жил болж байна. Энэ албан тушаалд томилогдохдоо нэгт, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албанд сахилга хариуцлага тогтоох. Хоёрт, эдийн засгийг сэргээх гэсэн хоёр зорилт дэвшүүлсэн. Хоёр дахь зорилт маань хангагдаж байгаа. Нэг дэх зорилт маань тааруу байна. Ард түмэн зовж байна гэж хэлэхээс илүүтэй нийгэмд шударга ёсыг тогтоох, төрийн албаны сахилга бат, дэг журмыг тогтоох хүсэлтэй байгаа нь харагдаж байна. Ард иргэдтэй уулзахад зөвхөн энэ асуудлыг ярьж байна. Тиймээс би энэ хариуцлагатай индэр дээрээс нэг зүйлийг хэлмээр байна. Нийгэмд шударга ёсыг тогтоохын тулд Ардын нам тун удахгүй асуудлаа ярина. Үнэхээр ард түмний итгэл сэтгэлийг дааж чадахгүй байгаа бол УИХ, Засгийн газар ажиллах эсэх тухай ч ярина. Ярих цаг нь болсон гэж би бодож байна.  Харлаа, хүлээлээ, засах гэж оролдлоо. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүд ард түмнээс уучлалт гуйхгүй бол та нар дахиж нэр дэвшихгүй шүү гэдгийг хэлмээр байна. Зээлээ төлөхгүй бол Ардын намын нэрийн өмнөөс дахин барилдахгүй шүү. Тиймээс би намынхаа гишүүдээс тун удахгүй дэмжлэг хүснэ. Цаашлаад энэ өөрчлөлтийг би хийж чадахгүй бол ард түмнээсээ дэмжлэг хүснэ. Ингээд эцэст нь болохгүй бол өөрөө огцорно. Ийм л зам надад байна. Үүнийг би цэрэг хүний ёсоор, эх орондоо тангараг өргөсөн хүний ёсоор удахгүй хийж хэрэгжүүлнэ. Харин та бүхэн дэмжээрэй. Одоо цаг нь болсон. Үүнийг би түүхэн өдөр хариуцлагатайгаар хэлнэ. Би Ерөнхий сайд болохдоо индэр дээрээс хэлж байсан үгээ одоо ч санаж байна. Би “айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан ард түмний итгэл найдвар алдрах вий гэхээс л айж байна” гэж хэлж байсан. Энэ итгэл найдварын төлөө ажиллах цаг нь болсон.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Б.Батзориг сайд бол тийм ч муу ажиллаагүй, тийм ч муу хүн гэж бодохгүй байна. Харин энэ хүнийг муу байдал руу оруулахад хүргэсэн Засгийн газар, УИХ-ын гишүүдтэй яримаар байна. Өнөөдөр намын санхүүжилт, тойргийн мөнгө, ах дүү нар нь Б.Батзориг сайдыг тал талаас нь боорлож явсан байх. Гэтэл өнөөдөр энэ хүнийг нэг нь ч өмгөөлөхгүй байгаад миний зэвүү хүрч байна. Яагаад гэвэл хувь хүнийхээ хувьд бодлогын алдаа гаргаад, улсад хохирол учруулсан бол ойлгоно. УИХ-ын гишүүдийнхээ гуйлтыг биелүүлж, намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргын “атганд” орсондоо өнөөдөр ийм байдалд хүрлээ. У.Хүрэлсүх та Ерөнхий нарийн бичгийн даргынхаа дарга нь байж өнөөдөр түүхэн өдөр, гоё өдөр, нэрээ сольсон өдөр гээд ярьж байгаа чинь ичгэвтэр. Та хэлэхдээ маргааш “хариуцлага хүлээнэ” гээд байх юм. Маргаашийг хүлээгээд 30 жил болчихлоо. Маргаашийг хүлээгээд дөрвөн жил чинь өнгөрлөө. Өнөөдөр үүдэн хоёр шүд чинь уначихлаа. Өөрсдийнхөө буруугаас болж үүдэн хоёр шүдээ унагаавал муухай харагддаг юм шүү. Одоо хиймэл юм хийж явснаас бүхлээр нь сольчихсон нь дээр. Жижиг дунд үйлдвэрийн зээлийг эрх мэдлээ урвуулан ашиглаж авсан хүмүүс ч хариуцлагаа үүрээч. Танай гишүүдээс нэг нь ч гэмшээгүй. Харин 2020 оны сонгуулиар уначих вий гэж айж байгаа байна. Гэмшиж байсан бол өнөөдөр өөрийгөө өмөөрөхгүй. Би анх удаа “шок”-нд орлоо. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх та танхимаараа огцрох ёстой.

Юун тогтолцоо. Одоо Ерөнхийлөгчтэй нийлж, улсаараа тоглох гээд байгаа юм уу. Өнөөдөр та нарыг дөрвөн жил төр барь гэж сонгосон болохоос хоёр хүний хяналтад оруул гэж сонгоогүй шүү. Та нар намынхаа зовлонг Монгол төрийн зовлон болгох гээд байгаа учраас Засгийн газрын танхимаараа огцор.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж