Эх дэлхийн багахан газар нутгаас харагдах боломжтой байсан нарны бүтэн хиртэлт дэлхийн өмнөд хагасын хэсэгхэн газрыг хамарч, Чили болон Аргентин улсын өмнөд хэсэгт төгссөн байна. Тонгагаас зүүн өмнөд зүгт 700 км зайд Гринвичийн цагаар 18.15 цагт нарны бүтэн хиртэлт анхлан ажиглагдаж, Гринвичийн цагаар 20 цаг 11 минутад Пасха аралд харагджээ.
Номхон далайн өмнөд бүс нутгийг дайран өнгөрсөн нарны бүтэн хиртэлтийг ажиглахаар мянга мянган жуулчин, эрдэмтэн шинжээчид Чилийн Пасха аралд цугласан байв. ЮНЕСКО-гийн соёлын өвд багтсан Пасха арлын оршин суугчдын тоо энэ ховор тохиолдлын үеэр бараг хоёр дахин нэмэгдэж, 8000-д хүрсэн гэнэ.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр нарны хиртэлт ажиглагдах үеэр тэнгэр бүрхэг байх тул төдийлөн сайн харагдахгүй байж болзошгүй хэмээн мэдээлж байсан ч нарны хиртэлт Пасха арал руу дөхөх үеэр хүчтэй салхи салхилж, тэнгэр цэлмэсэн байна.
Нар бүтэн хиртэхийг ажигласан нутгийн оршин суугч Франциско Хаоа гэгч “Яг л шөнө дунд цэнгэлдэхэд байгалийн бус гэрэлтэйд байгаа юм шиг санагдсан. 10 ватт орчим гэрэлтэй бүүдгэр өрөөн доторх шиг. Тэнгэр сүүдэрлээд л эхэлсэн, үнэхээр гайхалтай цэнхэр өнгөтэй болсон” хэмээн ярьжээ. Харин найман настай жаалхүү “Нар инээмсэглэж байгаа юм шиг үнэхээр гоё байсан” гэжээ.
Энэ удаагийн нарны бүтэн хиртэлт Номхон далайн өмнөд хэсгээр нийт 11 мянган км замыг туулсан бөгөөд хамгийн удаан ажиглагдсан хэсэг нь таван минут, 20 секунд үргэлжилсэн байна.
С.ЦЭЛМЭГ
Холбоотой мэдээ