ЗТХЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Мэргэн, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун нарын ажил хариуцсан албаны хүмүүсийн хамтаар Улаанбаатар хотын Туул гол дээгүүрх баригдаж буй Баянзүрхийн 321 метр урт гүүрийн барилгын ажлын явцтай танилцлаа.
НИТХ-ын дарга С.Амарсайханы зүгээс гүүрний ажлын явцад гарч буй хүндрэл бэрхшээл юу байгааг асуугаад, нийслэлийн хамаарах аливаа асуудал гарах тохиолдолд холбогдох байгууллагын удирдлагуудад хандан уламжлахыг дурьдаад Нийслэлийн ажил хариуцаж байгаа байгууллагын удирдлагуудад хандан гүүрний гүйцэтгэлийн ажлын хугацааг аль болох наашлуулах, ингэхдээ чанар, стандарт, хяналт, аюулгүй байдлын шаардлагыг сахин ажиллахыг үүрэг болголоо.
2020 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гүүрний ажил одоогоор 35 хувьтай, ажлын гүйцэтгэл нь төлөвлөлтийн дагуу явагдаж байгаа, бороо хур элбэгтэй зун болж байгаа ч хоёр ээлжээр ажиллан гүүрний зам барилгын ажлыг аль болох төлөвлөсөн хугацаанаас нь өмнө ашиглалтад өгөхийг зорьж ажиллаж байгаа гэж гүйцэтгэгч компанийн удирдлагууд НИТХ-ын даргад мэдээллээ.
Баянзүрхийн гүүр ашиглалтад орсноор зүүн аймгуудын автозамын ачааллыг бууруулж, мөн үер усны үеээр зорчигч тээвэрчдийн аюулгүй байдлыг бүрэн хангах юм.
Үүний дараагаар НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс зүүн бүсийн аймгуудаас Улаанбаатар хотруу орох орц, гарц болсон Баянзүрхийн товчоон дээр очиж бодит байдалтай нь газар дээр нь очиж танилцлаа.
Баянзүрхийн товчооноос Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км зам барих газрыг чөлөөлж, гүйцэтгэгч компаниа шалгаруулаад хоёр жил өнгөрсөн байдаг. Тус замыг БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр барихааар төлөлвлөсөн хэдий ч БНХАУ-ын зүгээс хөрөнгө шийдвэрлэх гэрээ нь хийгдэлгүй хүлээлт үүсгэжээ. Баянзүрхийн товчоогоор өдөртөө 6-10 мянган машин орж гардаг гэсэн судалгаа байдаг. Өнөөдрийн байдлаар тус замын даац хэтэрсэн, эвдрэл ихтэй нь осол аваар гарах нөхцлийг бүрдүүлж байдаг гэнэ.
НИТХ-ын дарга С.Амарсайхан "Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 25 км авто зам бол зөвхөн Налайх, Улаанбаатар хотын иргэдийн зорчих зам төдий биш бөгөөд Зүүн таван аймаг, Өмнөд хоёр аймгийг Улаанбаатар хоттой холбосон, мөн Нийслэлд ирсэн гадна дотнын жуулчдыг Горхи Тэрэлж, Цонжин болдогийн амралт, аялалын бааз руу хүргэх гол зам юм. Иймээс энэ замын ажлыг эхлүүлэх асуудлыг бид хаана, хаанаа анхааран ажиллаж байна. Нийслэлийн зүгээс зам барихтай холбоотой газар чөлөөлөлтийн ажлууд хийгдэж дууссан. Замын санжүүжилтийн асуудлыг БНХАУ-ын Засгийн газраас олгох зээл тусламжийн хөрөнгөөр эхлүүлэх болсон. Гэрээ нь байгуулагдаад ажил эхлүүлэх чиглэлийг Засгийн газраас өгсөн тохиолдолд маргааш ч гэсэн замын ажлыг эхлүүлэхэд бид бэлэн байгаа. Түүнчлэн Баянзүрхийн товчооноос Налайх-Чойрын уулзвар хүртэлх зам нь эвдэрч муудсаны улмаас зорчигч тээвэрчдийн аюулгүй байдлыг хангах тал дээр асуудал байгаа. 2015-2018 онд тус зам дээр 40 хүн зам тээврийн ослоор нас барж, 980 гаруй хүн бэртэж гэмтсэн гэсэн тоон мэдээлэл байдаг. Хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод зам тавих ажлыг хойшлуулсаар ирсэн. Бид Баянзүрхийн шинэ гүүрний ажлыг дуусахаас өмнө хөрөнгө мөнгөний асуудлыг нь шийдвэрлээд өгчихвөл Налайхын 20.9 км замын ажлыг эхлүүлж, дуусгахаар төлөвлөөд байна. Мөн Баянзүрхийн товчоон дээр орон нутгаас нийслэл хот руу орж буйгаа автомашинаас автозам ашигласны татвар хураамж нэртэй цөөн хэдэн төгрөг авахын төлөө урт дараалал үүсгэдэг үйл ажиллагааг зогсоож, Баянзүрхийн товчооны тасалбар хураах цэгийг ойрын хугацаанд татан буулгах, улмаар автомашины хяналт, зам ашигласны тасалбар тураах пост, малын хөлийн гоц халдвар зэрэг хяналтуудыг Налайхын 4-р зөрлөг Баянгийн болон Тэрэлжийн поструу шилжүүлэх ажлыг зохион байгуулах, энэ асуудлын хүрээнд ЗТХЯ-тай холбогдох гэрээ хэлэлцээр байгуулан ажиллах үүргийг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр, НГА-ны дарга Э.Болорчулуун нарт үүрэг даалгалаа.
Тэрбээр “Хотоо постоор хувааж, Баянзүрхийн товчоон дээр орон нутгаас ирэх цөөн хэдэн машинаас зам ашигласны хураамж авахын тулд тулд очир дугаар, замын түгжрэл үүсгэдэг ямар ч зохион байгуулалтгүй ажил явуулдагыг таслан зогсооно. Налайх-Хонхор-Амгалан-Вокзал-Толгойт гэсэн чиглэлд төмөр замын Рейлбас явуулах ажлыг эхлүүлэхээр судлаж эхэлсэн. Төмөр замын ашиглалтыг сайжруулж олон тэрбум төгрөгөөр авсан ашиглахгүй байгаа рейлбасын ашиглалтыг бий болгон, Налайхад баригдах Үйлдвэр-технологийн паркийг Хоттой төмөр замаар холбох боломж нээгдэнэ. Мөн аялал жуулчлалыг давхар хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж харж байгаа. Энэ чиглэлийн судалгааны ажлууд хийгдэж байна" гэв.
Энэ талаар ЗТХЯ-ны ТНБД-ын үүргийг орлон гүйцэтгэгч Р.Мэргэн “Налайхын замын хөрөнгийг Улсын төсөв болон гадаадын зээл тусламжийн төсвөөр хэрэгжүүлэхээр болсон байсан боловч тусгайлсан зээлийн хэлэлцээрийн асуудал удаа дараа хойшилсон. Энэ нь дотоодын эх үүсвэрээс санхүүжих хувь хэмжээтэй холбоотой. Ер нь энэ замын санхүүжилтийг дотоодын болон БНХАУ-ын зээл гэсэн хоёр эх үүсвэрээс санхүүжүүлэхээр тогтсон. Улсын төсвөөс 15 хувийн санхүүжилтийг хийхээр зээлийн ерөнхий хэлэлцээрт тусгагдсан байсан. Гэвч Засгийн газраас зээлийн хэлэлцээрээ өөрчилж дотоодын эх үүсвэрийн санхүүжилтийн хувь хэмжээг бууруулж 95 хувийг гадаадын зээл тусламжаар, 5 хувийг улсын төсвөөс гаргахаар шийдвэрлэсэн. Тиймээс уг замыг барих хөрөнгийн асуудал 8 сарын сүүлээр юмуу, 9 сарын эхээр шийдвэрлэгэнэ гэсэн хүлээлттэй байна" гэв.
Үүний дараагаар НИТХ-ын дарга С.Амарсайхан Налайхын Цагдаагийн постын шинэ барилгатай танилцаад, дараа нь ЗТХЯ-ны Төмөр замын барилгын технологи хариуцсан мэргэжилтэн Ж.Болдхүү, Улаанбаатар төмөр замын суурь бүтэц хариуцсан албан дарга Ю.Нямжаргал, Налайх дүүргийн удирдлагуудын хамтаар Налайх дүүрэгт өмнө нь ашиглагдаж байсан төмөр замын нөхцөл байдалтай газар дээр очиж танилцаад, тус замыг ашиглах боломжийг холбогдох арга тооцоо судалгааг хийж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллах чиглэлийг өглөө.
Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ