Налайх дүүрэг дэх гүйлтийн замыг ашиглалтад орууллаа

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

Налайх дүүрэг дэх гүйлтийн замыг ашиглалтад орууллаа

Налайх дүүрэг дэх гүйлтийн замыг ашиглалтад орууллаа

Хөнгөн атлетикаар хичээллэдэг баг, тамирчид бэлтгэлээ базааж, тив, дэлхий хэмжээний уралдаанд оролцон, амжилт гаргахад нь дэмжлэг үзүүлэх тартан замыг өчигдөр (2018.09.16) нээж, ашиглалтад орууллаа. Монголын Хөнгөн атлетикийн холбооныхон 2013 онд ОХУ-д болсон Олон улсын хөнгөт атлетикийн 49 дэх удаагийн чуулганы үеэр эх орондоо тартан зам бүхий цогцолбор байгуулах хүсэлт гаргасан нь уг ажлын эхлэл байсан юм. Үүний дагуу Олон улсын олимпын хорооноос буцалтгүй тусламж үзүүлэхээр болж, Италийн “Мондо” компани 320 сая ам.долларын өртөг бүхий замыг авчирч, Налайх дүүргийн нутагт суурилуулсан билээ.

Найман зам бүхий 400 метр урт гүйлтийн талбайн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн бөгөөд Монголын хөнгөн атлеткийн холбооны ерөнхийлөгч Л.Болд, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Нээлтийн ёслолын үеэр УИХ-ын гишүүн бөгөөд Монголын хөнгөн атлеткийн холбооны ерөнхийлөгч Л.Болд хоёр жилийн турш зам тавих газрын эрэлд мордсон нь бүтээн байгуулалтын ажилд учирсан хамгийн хүнд бэрхшээл байсныг дурдаад “Аливаа спортыг хөгжүүлэхэд материаллаг бааз тун чухал. Хөнгөн атлетик бол спортын хатан хаан. Хүссэн бүхэн хичээллэж, эрүүл байх боломжтой. Монголд анх удаагаа тавьж буй тартан зам хөнгөн атлетикийг хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлнэ” гэсэн юм.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга 68 жилийн түүхтэй Монголын хөнгөн атлетикийн холбоо анх удаагаа “өмчтэй” болж буйг онцолсон. Тэрбээр “Манай улс 1964 онд анх удаагаа олимпод хөнгөн атлетикийн төрлөөр оролцож байсан ч амжилт гаргаж чадаагүй. Өдгөө өмнөх амжилтууд буурсаар байна. Бэлтгэл, сургуулилалт хийх зам, цогцолбор байхгүйтэй холбоотой. Удахгүй энд цогцолбор байгуулна. Ингэснээр монголчуудын тив, дэлхийд өөрсдийгөө дархалсан бөх, боксын төрөл дээр хөнгөн атлетка нэмэгдэх боломж бүрдэнэ. Ирэх 2020 онд Азийн хүүхдийн наадмыг Монгол Улсад зохион байгуулна. Нийтдээ 40 гаруй орны хүүхдүүд 21 төрлөөр өрсөлдөх юм. Тус тэмцээнд оролцох баг, тамирчид бэлтгэл хийхэд уг бүтээн байгууллалт том дэмжлэг болно” гэв.

Тус замд 22 төрлийн тэмцээн зохион байгуулах боломжтой. Олон улсын стандартад нийцсэн материал ашиглаж, сайтар наасан тул эдэлгээ удаантай. Ирэх жилүүдэд үзэгчдийн сандал болон цогцолборын барилгыг ашиглалтад оруулснаар бүх л төрлийн бэлтгэл хийх боломж бүрдэх юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан энэ талаар “Засгийн газраас авхуулаад холбогдох бүх албаныхан эл бүтээн байгуулалтад гар, бие оролцсон. Тэр хүмүүсийн дэмжлэгээр өнөөдөр тартан замыг нээж байна. Ингэснээр уурхайн хот, нийслэлчүүдийн эрүүл мэнд, спортын “уурхайн” эх үүсвэр  болох нөхцөл бүрдэж байна. Цаашид улам бүр хөгжүүлж, дөрвөн улирлын турш ажиллагаатай болгоно. Нийслэлээс үүнд анхаарна” гэсэн юм.

Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж