Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 46 жилийн ой өнөө жил тохиож буй. Монгол Улсад ардчилал, шинэчлэл өрнөж, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн 1990-ээд оноос хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжиж ирсэн. Япон Улсын Засгийн газар 1991-2013 он хүртэлх хугацаанд Монгол Улсад нийтдээ 102.3 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 77.3 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл, 36.5 тэрбум иенийн Техникийн хамтын ажиллагааны тусламж үзүүлжээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа 1997 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан хөгжиж, харилцааны хүрээ өргөжин тэлсээр өнөөдрийг хүрчээ.
Тэгвэл хоёр улсын бизнес эрхлэгчдийг өөр хооронд нь танилцуулах, үйл ажиллагааг нь харилцан сурталчлах, хамтын ажиллагааг нь эрчимжүүлэх зорилго бүхий "Монгол-Хоккайдогийн бизнес форум" өнөөдөр /2018.09.17/ боллоо. Форумд УИХ-ын гишүүн, Монгол-Хоккайдогийн эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн Л.Болд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн Такэббэ Цүтомү, Япон улсаас Монголд суугаа Бүрэн эрхэт элчин сайд асан Шимүзү Такэнори, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нарын албаны хүмүүс болон Монгол, Япон улсад бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо. Японы Хоккайдо мужид үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллага, компаниудын төлөөлөл оролцож, барилга угсралт, хөдөө аж ахуй, архетиктур дизайн, дулаан хангамжийн салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг танилцуулсан юм. Тэдгээр нь цаг агаарын эрс, тэс уур амьсалтай Монгол орны нөхцөлд тохирох давуу талтай байв.
Форумын үеэр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба"Нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт-2018" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрбээр илтгэлдээ "Улаанбаатар хот Хоккайдо мужтай эртний харилцаатай. 1998 онд Япон улсын Саппоро хотод зохион байгуулсан Зүүн хойд Азийн Өвлийн хотуудын уулзалтад Улаанбаатар хот оролцож, гишүүнээр элссэн. Түүнээс хойш Хоккайдо мужийн хоёр ч хоттой албан ёсны харилцаа тогтоож олон чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Жайка, болон бусад байгууллагын төсөл, хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн барилгыг өргөтгөн дулаалж, төрийн үйлчилгээг нийгэмд хүргэх бааз суурийг бэхжүүлж ирсэн. Мөн нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд тус мужаас багагүй тусламж дэмжлэг үзүүлсэн.
Төрийн дээд байгууллагын шүийдвэрийн дагуу Нийслэлийн хоёр дах төвийг Яармагт байгуулах ажлыг эхлүүлээд байна. Мөн Сэлбэ, Баянхошуу зэрэг нийслэлийн 8 байршилд дэд төвүүдийг байгуулах, Налайх, Эмээлт зэрэг 4 байршилд аж үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төслийн ажлуудыг эхлүүлээд байна. Дээрх бүтээн байгуулалтуудад татварын болон бусад хөнгөлөлт үзүүлэх зарчмаар аж ахуйн нэгжүүдийг Барилгын материалын үйлдвэр технологийн паркад төвлөрүүлэхээр тооцсон. Налайхын үйлдвэр технологийн паркад эхний үйлдвэр баригдаж үйл ажиллагаагаа эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаж байна. Эдгээр төслүүдэд хөрөнгө оруулж, хамтран ажиллах боломж хэн бүхэнд нээлттэй.
Гэр хорооллыг дахин барилгажуулж, агаар, хөрсний бохирдлыг бууруулах нь бидний том зорилгын нэг. Өнөөдрийн байдлаар 210 мянга гаруй өрх гэр хороололд амьдарч байна гэсэн статистик бий. Яндангийн тоог бууруулж, Улаанбаатарыг орчин үеийн хот болгохоор ажиллаж байна. Ингэхдээ шахмал түлшний үйлдвэр барих, дулааны алдагдлыг бууруулах чиглэлийг тодорхой ажил, төсөл хөтөлбөрийг дэмжин ажилладаг. Уурын зуухыг цахилгаан халаагуур солих гэх мэт арга хэмжээ авч байна. Мөн аялал, жуулчлалыг хөгжүүлэхээр хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгааг онцолсон. Энэ бүгдэд Япон улсын төлөөлөгчид гар, бие оролцож буйг хэлэхэд таатай байна” гэсэн юм.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Холбоотой мэдээ