Автотээврийн үндэсний төвөөс (АТҮТ) тээвэрлэлтийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, зам, тээврийн осол, зөрчил гаргасаар байгаа хот хоорондын тээвэрлэлт эрхлэгч “Арвин шар зам хоршоо”-ны үйл ажиллагааг зогсоожээ. Шийдвэрийг эсэргүүцэн “Арвин шар зам хоршоо”-ны төлөөлөл өнөөдөр /2018.11.6/ АТҮТ-ийн байранд дайран орж, албан хаагчдыг хэл амаар доромжлон, эсэргүүцлээ илэрхийллээ.
Сонирхуулахад, “Арвин шар зам” хоршооны жолооч өөрийн буруу үйлдлээс болж энэ оны нэгдүгээр сард Орхон аймгийн Жаргалант суманд ноцтой осол гаргажээ. Ослоос болж хоёр зорчигчийн биед хүнд гэмтэл учирсан аж. Мөн өнгөрсөн сард тус хоршооны өөр нэгэн жолооч машиныхаа GPS-ийн төхөөрөмжийг салган, тасалбаргүйгээр гурван том хүн, нэг хүүхэд тээвэрлэж явахдаа осол гаргажээ.
Мөн тус хоршоонд бүртгэлтэй 53 тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн тохиолдол өмнөх оныхоос 428-аар нэмэгдсэн байна.
Харин АТҮТ-өөс зорчигчдын амь нас, аюулгүй байдал, тав тухтай зорчих нөхцөлийг хангахын тулд зорчигч тээвэрлэгч аж ахуй нэгжүүдэд шат дараатай шаардлага тавих болно гэдгээ мэдэгдлээ.
Түүнчлэн тус төв нь хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулж, одоогийн байдлаар хоёр сая гаруй зорчигч тээвэрлээд байгаа аж.
Холбоотой мэдээ