35 тэрбумын татвараас зайлсхийсэн байж болзошгүй “Саусгоби сэндс” компанийн экс удирдлагуудын хэргийг шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд гурван өдөр шүүж тэдэнд ял оноолоо. Тодруулбал, "Саусгоби сэндс" компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Каплад 5.10 жилийн хорих ял, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажукомд 5.6 жил, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвидэд 5.10 сарын хорих ял оноосон байна. Мөн шүүгдэгчдээс тус бүр нэг сая төгргөийг гаргуулж улсын орлого болгох шийдвэр гаргажээ. Оноосон ялыг чанга дэглэмтэй хорих ангид өнгүүлэх шийдвэр гаргасан талаар тус шүүхийн Хэвлэл мэдээллийн ажилтан Ж.Энхбаяр мэдээллээ.
Мөн улсад учруулсан 35.252 тэрбум төгрөгийг "Саусгоби сэндс" компанийн данснаас гаргуулахаар болжээ.
Тэднийг ямар хэрэгт буруутгав?
Жастин Капла нь “Саусгоби сэндс” ХХК-ний ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомтай бүлэглэн компанийн 2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байна. Тодруулбал, татвар ногдох орлогын зардлын тоо хэмжээг зориуд нэмж, татвар ногдох орлогыг зориуд бууруулан 90 тэрбум төгрөгийн орлогод ногдох 17 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэж үзжээ. Мөн энэ хэрэгт “Саусгоби сэндс" ХХК-д санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажуком ЖР нь санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан, одоо Канад Улсын “Монголиа Минералс" ХХК-д хянагчийн албан тушаал хашдаг Кристобэл Ж.Дэвид нар мөн бүлэглэн 17 орчим тэрбумын татвараас зайлхийсэн болох нь тогтоогджээ.
Д.ЖАРГАЛ