Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-тай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг бухимдуулсан асуудал нь сангийн үйл ажиллагааг зохицуулж байгаа түр журамтай холбоотой гэж тэд үзэж байна. Тиймээс уг журмыг баталсан ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэнг өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэж үзээд АТГ-т шалгуулахаар гомдол гаргаснаа мэдээллээ. Мөн сангийн төсөл сонгон шалгаруулах хороог ашиг сонирхлын зөрчилтэй ажиллаж байгааг шалгуулна гэлээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард сонгон шалгаруулалтад 1000 гаруй төсөл бүртгүүлснээс 400 орчим нь тэнцэж, түүнээс 134-т нь зээл олгосон байна. Харин төсөл сонгон шалгаруулах нэрээр ирээдүйтэй төслүүдийг хуулбарлаж, хулгайлах явдал гарч байгааг холбооны зүгээс мэдэгдэж цагдаагийн байгууллагад хандана гэв. Хэвлэлийн бага хуралд зээл хүсээд авч чадаагүй компаниудын төлөөлөл оролцов. Тухайлбал, хүүхдийн тоглоомын талбайн резинэн хавтан үйлдвэрлэдэг “Инахис” компани 2015 оноос хойш гурван удаа сонгон шалгаруулалтд оролцсон ч авч чадаагүй байна. Тус компани хаягдал дугуйг буталж хавтан үйлдвэрлэдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд найман сая орчим дугуйг эко аргаар ашиглажээ. Мөн шорлогны нүүрс үйлдвэрлэдэг “MCPT” компани хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлж чадвал бүтээгдэхүүнээ гадаадад экспортод гаргах санал иржээ. Харин зээл авахаар хөөцөлдсөн ч чадаагүй учир энэ боломжоо алдсан талаар захирал Ч.Пүрэв ярив. Тус компани хэрэв хүчин чадлаа нэмэгдүүлвэл одоогийн 27 ажилчнаа 90 хүргэх боломжтой аж.
Эх сурвалж: www.polit.mn