“Буянт-Ухаа-2” хороололд түрээсийн гэх тодотголтой 972 айлын орон сууц шинээр баригдаж байгаа. Нийт 18 блок барилгаас бүтэх төсөл арга хэмжээг аравдугаар сарын 30-нд захиалагч талд хүлээлгэн өгөх ёстой ч барилга одоогоор 80 гаруй хувьтай явна.
Товлосон хугацаандаа ашиглалтад орж чадахгүй байгаа шалтгааныг гүйцэтгэгч талаас тодруулахад “Төслийн ажил зургадугаар сарын 6-нд эхэлсэн. Гэрээний дагуу аравдугаар сарын 30-нд барилгыг хүлээлгэн өгөх ёстой байсан ч дулааны шугамаас шалтгаалаад товлосон хугацаандаа ашиглалтад орж чадаагүй. Төслийн гүйцэтгэл одоогоор 80 гаруй хувьтай явна. Дулааны шугамд энэ сард багтан холбогдвол барилгыг энэ онд багтаан хүлээлгэж өгнө. Дулаан ирснээс 45 хоногийн тодор ашиглалтад оруулна” гэлээ.
Барилгыг дулааны шугамд холбох ажлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэдгийг холбогдох талууд хэллээ.
Түрээсийн гэх тодотголтой 972 айлын орон сууцны гүйцэтгэгчээр Үндэсний бүтээн байгуулалтын корпораци ажиллаж байгаа юм. Харин барилгыг түрээсийн хэлбэрээр олгох эсэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх юм байна.
Учир нь, Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа-2”-т барих 972 айлын орон сууцыг Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар барихаар төлөвлөсөн. Гэвч санхүүжилтээс шалтгаалан барилгыг Хөгжлийн банканд хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр 972 айлын орон сууцыг Хөгжлийн банкны 32 тэрбум төгрөгөөр барьсан аж.
Тиймээс түрээсийн орон сууц болгох саналыг Засгийн газраар оруулж, ийм хэмжээний хөрөнгийг шийдсэн тохиолдолд түрээсийн орон сууцаар олгох юм байна.
Холбоотой мэдээ