“Эхлээд Мегатөсөл гэдгийг ойлгох ёстой”

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

“Эхлээд Мегатөсөл гэдгийг ойлгох ёстой”

“Монгол Улсын Засгийн газар SMBC корпорацитай хамтран Мегатөсөл хөгжлийн форумыг “Blue sky tower” хурлын танхимд зохион байгууллаа.

Уг форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газын дарга П.Цагаан оролцож, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улс түүхий эдийн хавсарга байхаас гадна  хөгжлийн дараагийн шат болох тогтвортой, эрчимтэй хөгжил рүү орохын тулд алдаж, онож явна. Гэхдээ Монгол Улс бол нээлттэй, ардчилсан орон учраас алдаа, онооноосоо суралцаж, бусдын заль мэхийг ч ойлгодог болж, ухаажиж хэрсүүжиж байна. Өнөөдөр Монгол Улсад Мегатөслүүдийг эхлүүлэх улс төрийн хамгийн нэн таатай нөхцөл бүрдээд байна. Энэ таатай бололцоо, боломж, эрэлт хэрэгцээг соргогоор харж, Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллаж байгаа “Сумитомо мицуи банк” корпораци, энд оролцож байгаа хүмүүс их мэдрэмжтэй байгааг ойлголоо” хэмээн онцолсон юм.

Форумын хүрээнд Монгол Улсын сайд М.Энхсайхан “Монгол дахь мега төслүүд: Сорилт, боломж” сэдвээр илтгэл танилцуулж, Японы Сумитомо Мицуй банкны төлөөлөгч “Төслийн санхүүжилт ба Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” гэсэн сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

Энэ үеэр Монгол Улсын сайд М.Энхсайхантай уулзаж форумын ач холбогдлыг тодруулсан бөгөөд тэрээр  “Мега төслөөс улс орны эдийн засгийн, компаниудын хувь заяа хамааралтай цаг үе болоод байна. Иймд Мега төсөл гэдгээ эхлээд сайн ойлгох хэрэгтэй болж байна. Энэ бол маш их эрсдэлтэй. Амжилтын магадлал багатай. Гуравны нэг нь амжилтанд хүрч, гуравны хоёр нь бүтэлгүйтдэг. Иймд мега төсөл гэдгийн онолын ойлголт, яаж мөнгө босгодог вэ гэх суурь ойлголтоо бий болгохгүйгээр амжилтанд хүрэхгүй. Өнөөдрийн хувьд анх удаагаа зохион байгуулагдаж байгаа хөгжлийн форумын гол зорилго нь суурь ойлголтыг зөв төлөвшүүлэхэд л байгаа юм” хэмээн тодотгов.

Японы банкны төлөөлөгчдийн хувьд мөнгө босгох, санхүүжүүлэхтэй холбоотой орчны талаар илүүтэй мэдээлэл өгч байсан бөгөөд хурдан хугацаанд үр дүн гаргахыг урьтал болголгүйгээр сайн тооцоолж, нягталж байж шийдэгддэг зүйл гэж байв. Дундаж үзүүлэлтээр ямарваа нэгэн мега төсөл хэрэгжихэд дор хаяж 5-8 жилийн хугацаа шаардагддаг бөгөөд монгол улсын хувьд төрийн бодлого нь дөрвөн жилийн хугацаатайгаар хувьсан өөрчлөгдөж байдаг нь анхаарах ёстой эрсдэл болж буй аж.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж