Чингисийн хөшөө гааль дээр саатсан уу?

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

Чингисийн хөшөө гааль дээр саатсан уу?

Лондон хотын төвд сүндэрлэж асан Чингис хааны “Үлгэрийн Чингис” хөшөөг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ худалдан авч, эх орондоо авчирч байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Тэрхүү хөшөө Монголдоо ирчихсэн, гэхдээ гааль дээр татварт тэрбум төгрөг өгөөгүйгээс хүлээгдэж байгаа тухай мэдээлэл цацагдаад буй. Хөшөөг Монголд авчирсан тухай мэдээллийг дагалдан  “Монголын түүх соёлтой холбоотой  хөшөө дурсгал, урлагийн  бүтээл туурвилыг гаалийн татвараас чөлөөлж болдоггүй юм болов уу” гэсэн асуултыг олон хүн хөндөн тавьсан байна. Тиймээс бид Гаалийн ерөнхий газрын Хуулийн эрхзүйн хэлтсийн байцаагч Ч.Тамираас зарим зүйлийг тодруулан асуулаа.

-Лондон хотын төвд сүндэрлэж байсан Чингис хааны хөшөөг эх оронд нь авчирсан ч гаалийн татварт тэрбум төгрөг нэхсэнээс болж оруулж ирж чадахгүй байгаа тухай мэдээлэл байна. Та энэ талаар мэдэж байгаа юу?

-Одоогоор Лондонгоос хөшөө дурсгал авчирсан гэх мэдээлэл манай байгууллагад ирээгүй.

-Гаалийн татварт тэрбум төгрөг нэмсэн гэдэг нь хэт өндөр татвар байна гэж хүмүүс үзсэн байна?

-Хөшөө дурсгал бол урлагийн бүтээл. Лондонгоос авчирч буй хөшөө хүний гараар бүтсэн урлагийн бүтээл гэдгээс гадна хөшөөг худалдаж авсан болохоор гадаад худалдааны дагуу импортоор орж ирсэн нэг төрлийн бараа гэж үзнэ. Тиймээс бусад барааны нэгэн адил гаалийн 5 хувийн татвар, НӨАТ-ын 10 хувь, нийт 15 хувийн татвараа төлөөд, оруулж ирэхээс аргагүй. Гаалийн татвар тухайн барааны өөрийн өртөг болон тээврийн зардал зэргээс хамаараад их, бага янз бүр байгаа. Хөшөөг хэдээр авсан, хэдий хэрийн тээврийн зардал төлснийг мэдэхгүй учраас тэрбум төгрөгийн татвар ногдуулсан эсэх, ногдуулсан бол энэ нь хэт өндөр үнэлгээ эсэхийг одоо тайлбарлах боломжгүй.

Дашрамд сонирхуулахад, Буриадын уран барималч, Д.Намдагийн бүтээл “Үлгэрийн Чингис” нэртэй энэхүү хөшөөг 2012 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Лондон хотын “Хайд” цогцолборт байршуулж байжээ. Хүрэл цутгаламл  хөшөөнд Чингис хааныг дундад зууны үеийн монгол цэргийн хуяг өмсгөлтэй,  хоёр гараа дэлгэсэн байдалтайгаар дүрсэлсэн байдаг ажээ. Чингисийн хөшөө нь морины туурайнаас малгайны орой хүртэл 1.5 метр өндөртэй юм байна. 

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж