Тэтгэврийн зээлийн хүүний дарамтаас салах уу?

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн зээлийн хүүний дарамтаас салах уу?

УИХ дахь МАН-ын бүлэг өрийн дарамтад орсон төр болон түмэн олноо өрөөс гаргах бодлого боловсруулж байна. Энэ үүднээс “Ардаа чилээсэн өрийг даръя” уриан дор эхний ээлжинд ахмадуудад учирсан өрийн дарамтыг сард 0.3-0.5 хувиар нимгэлэх зорилго бүхий УИХ-ын тогтоолын төсөл санаачлан, Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны эдийн засгийн бодлогын зөвлөх Ч.Энхбат, хуулийн зөвлөх Б.Энхбаяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Жилд 63.9 тэрбум төгрөгийг зээлийн хүүнд"залгиулдаг"

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын мэдээлснээр ахмадууд сарын 1.5, жилийн 18 хувийн хүүтэй тэтгэврийн зээлийг арилжааны банкуудаас авдаг аж.  Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй 328 мянган тэтгэвэр авагчдын 60 орчим хувь буюу 190,000 нь тэтгэврийн зээлтэй,  тэтгэврийн зээлэнд нийтдээ 355 тэрбум төгрөг эргэлдэж байна. Эдийн засгийн хүндрэл, үнэ ханшийн өсөлтөөс болж тэтгэврийн зээл авах иргэдийн тоо, мөнгөн дүнгийн хэмжээ огцом өсч, 2012 оны үетэй харьцуулахад зээлийн хэмжээ гурав дахин нэмэгджээ.

Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 355 тэрбум төгрөгөөс хүү тооцож үзвэл ахмадууд сардаа нийт 5.3 тэрбум, жилдээ 63.9 тэрбум төгрөгийн хүү төлж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг ахмад настанд дунджаар жилд 340 мянга, сард 30 орчим мянга төгрөг оногдож байгаа аж. Хэрэв зээлдэгч тэтгэврийн зээлээ төлж барагдуулалгүй нас барсан тохиолдолд оршуулгын тэтгэмж болох 620 мянган төгрөгийг шууд зээлээс суутгадаг "ёс зүйгүй" зарчим үйлчилж байгааг тэд мөн шүүмжиллээ.

Энэ асуудлыг цэгцэлж, өөрчлөх боломж байгааг МАН-ынхан энэ мэдээллийн үеэр онцлов.

Тодруулбал, НД-ын сангаас арилжааны банкинд хадгалуулсан хуримтлал 10.7 хувийн хүүтэй, арилжааны банкнаас ахмадуудад өгч байгаа тэтгэврийн зээл 18 хувийн хүүтэй. Энэ хоёр хүүний зөрүү 7.3 хувь болдог. Харин банкуудын зээл олгох үйл ажиллагааны зардал 1 хувьд ч хүрэхгүй байх магадлалтай. Үлдэх 6.3 хувьд ногдох хэсэг банкинд ашиг болон үлдэж байгаа нь ойлгомжтой. Тиймээс энэ асуудлыг зөвшилцөлд тулгуурлан зохицуулах боломж байгаа гэж тэд мэдэгдэж байна. Түүнчлэн зээлийн хүүгийн хэмжээг сард 0.3-0.5 хувиар бууруулвал ахмадуудын мөнгөнөөс жилдээ 12-18 тэрбум төгрөг хэмнэгдэх тооцоо гарчээ. Энэ нь эдийн засгийн хямралтай үед ахмад настнаа төрөөс бодлогоор бодитой дэмжих нэг хөшүүрэг болно гэж үзэж байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа бид Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж байгаа ч арилжааны банкуудаар дамжуулан жилийн 21 орчим хувийн өндөр хүүтэй цалингийн зээл авч байгаа нь шударга бус байна. Одоогийн байдлаар 260 мянган хүн цалингийн зээлтэй,  үүнд 1.4 их наяд төгрөг эргэлдэж байна. Цаашид цалингийн зээлийн хүүг бууруулах боломжийг судалж байгаа бөгөөд шийдвэрлэх алхмыг удахгүй танилцуулна гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээллээ.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж