Угандагийн нийслэл Кампала хотноо ням гаригийн үдэш ресторан болон регбигийн талбайд нэгэн зэрэг тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас 60 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Одоогийн байдлаар нас барсан дээрх хүмүүсээс гадна 71 хүн гэмтэж бэртсэн талаар тус хотын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Жюдит Набакууба CNN-д мэдээлсэн байна.
Угандагийн хөлбөмбөгийн хорхойтнууд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын Испани болон Голландын багийн тоглолтыг үзэхээр бөөнөөрөө цугласан байсан үед дээрх дэлбэрэлт болсон гэнэ. Нэг нь Кампала хотын этоп ресторанд дэлбэрсэн бол нөгөөх бөмбөг нь регбигийн талбайд дэлбэрчээ. Тус хоёр талбайд хөлбөмбөгийн тоглолтыг албан ёсоор өргөн дэлгэцээр үзүүлж байсан бөгөөд орон нутгийн цагаар 22.00 цаг өнгөрсний дөнгөж дараахан дэлбэрэлт болж, хоорондоо 25 минутын зайтай дэлбэрсэн байна.
Одоогоор дэлбэрэлтийн шалтгааныг бүрэн тодорхойлоогүй байгаа ч ямар нэг терроризмийн чанартай халдлага гэж үзэж байгаа юм.
С.ЦЭЛМЭГ