"Зээлийн хүү шууд огцом буух боломжгүй"

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

"Зээлийн хүү шууд огцом буух боломжгүй"

Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдөр /2018.11.06/ үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарын 2018 оны гуравдугаар улирлын статистик үзүүлэлтүүд болон  үйл ажиллагааны мэдээллийг өглөө.  Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа

ББСБ-ын зээлийн эрэлт өсөхөд юу нөлөөлсөн бэ?

-Эдийн засгийн нөхцөл байдал сайжрахын хирээр зээлийн эрэлт нэмэгдэх хандлага ажиглагддаг. Тэгэхээр Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал эерэг таатай өөрчлөлтүүд гарч байна. Үүнийг дагаад зээлийн эрэлтүүд нэмэгдэж байгааг тоон мэдээллүүд харуулж байна. Ерөнхийдөө, Монгол Улсын хувьд зээлийн эрэлт өндөртэй улсуудын нэг. ББСБ-ын хувьд банкны үйлчилгээ үзүүлэх боломжгүй байгаа зээлийн эрэлтийг хангаж байгаа гэж нөгөө талаасаа ойлгож болно. Зээлийн эрэлтийг хангахад банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээ  чухал.

-Хүүгийн түвшин төдийлөн сайн  буурахгүй байгаа нь юутай холбоотой  вэ?

-2017 оны жилийн эхэнд буюу нэгдүгээр сард санхүүгийн зохицуулах хорооноос зээлийг хүүг бууруулах боломжтой гэдэг мэдэгдлийг хийж байсан.  Өөрөөр хэлбэл, ББСБ-ыг чадавхжуулж мэргэжлийн оролцогчдыг бий болгох шийдвэрүүд гарсан. Үүнд зээлийн хүүг аажмаар буулгах шаардлага ч мөн  багтсан. 2020  он гэхэд  зээлийн хүүг дунджаар 2.2 хувь хүртэл бууруулах боломж байгаа. Тэгэхээр зээлийн хүү шууд огцом хурдтайгаар буух боломжгүй. Зах зээлийнхээ жамаар алгуур боловч буурах эерэг хандлагууд ажиглагдаж байна.

-ББСБ-ын хөрөнгө нь өөрийн зээл олгосон хөрөнгө нь өссөн гэж байна.  Тэгвэл энэ өсөлтөд  жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан хүмүүс банк бус санхүүгийн байгууллага  руу хөрөнгө оруулаад зээл  олгочихлоо гэдэг асуудал гараад байгаа. Танай байгууллагаас хяналт шалгалт хийгээд явж байх үед хөрөнгө нь өсч байгаа эх үүсвэр нь хаанаас байдаг гэдгийг судалж үзсэн үү?

-Гуравдугаар улирлын тоон үзүүлэлтийг харахад хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 26 хувиар өссөн байгаа.  2016 онд ББСБ-ын  хувь нийлүүлсэн хөрөнгийг 2.5 тэрбумд 2021 он хүртэл үе шаттайгаар нэмэх тогтоолыг санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан. Энэ тогтоол жил болгон ББСБ-ууд үе шаттай хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмж явсаар 2021 онд, 2.5 тэрбум төгрөгт хүргэнэ гэсэн ойлголт. Энэ хүрээнд ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгөд орж ирж байгаа хөрөнгө дээр хатуу хяналт  шаардлага тавьдаг. Тухайлбал ББСБ хувь нийлүүлсэн  хөрөнгөө нэмнэ гэхэд тухайн хөрөнгө нь ямар хэмжээний  татвар төлдөг,  хэрхэн олсон мөнгө вэ гэдэг дээр хатуу хяналт тавьдаг. Энэ хяналтыг даваад ББСБ хувь нийлүүлсэн хөрөнгө рүү зээлийн болон бусад бохир мөнгө орох боломжгүй.

-Одоогийн байдлаар санхүүгийн зах зээлийн ердөө таван хувийг хөрөнгийн зах зээл эзлээд үлдсэн 95 хувь нь банкных болж хувираад байна. Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийг ямар бодлогоор дэмжиж ажиллаж байна вэ.

Банкнаас бусад санхүүгийн салбар үндсэндээ дотоодын нийт бүтээгдэхүүний 15 орчим хувийг эзэлсэн байна. Энэ нь санхүүгийн салбарт гарч байгаа ахиц дэвшил. Өнөөдөр 54 үнэт цаасны компани зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компанийн гуравдугаар улирлын санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг харахад нийт хөрөнгийн хэмжээ өссөн дүнтэй харагдаж байгаа боловч санхүүгийн хорооноос тавьсан хөрөнгийн шаардлагын доод хэмжээнд хангаж ажиллаагүй газрууд бий. Хөрөнгийн зах зээлийг дэмжиж ажиллахын тулд үнэт цаасны салбарт ажиллаж байгаа компаниудын чадавх сайн байх  ёстой. Хөрөнгийн зах зээл дээр олон улсын хоёр байгууллагатай хамтарсан төслийн ажил 2019 оны нэгдүгээр улирлаас эхэлнэ. Үүнд компанийн бондын асуудлыг түлхүү хөгжүүлэх хэлбэрээр ажиллана. Хоёр дахь нь хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд болох төлбөр тооцооны хадгаламжийн төв арилжааны төв хөрөнгийн биржүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах хүрээнд хэрэгжих төсөл юм.

Өнгөрсөн хугацаанд хийсэн төлөвлөгөөт  шалгалтуудын үеэр  ямар зөрчил ихээр илэрсэн бэ,

-Санхүүгийн зохицуулах хорооны гол үндсэн үүргүүдийн нэг нь санхүүгийн зах зээл дээрх хэрэглэгч харилцагч нарын эрх ашгийг хамгаалах. Энэ хүрээнд хяналт шалгалтуудыг  байнга хийдэг. Монгол Улс мөнгө угаах терроризмтой  тэмцэх хэрэгжүүлэхтэй  холбоотойгоор олон улсын байгууллагын хар жагсаалт руу халтирах эрсдэлтэй байсан. Өнгөрсөн хугацаанд Монголбанк , Сангийн яам, санхүүгийн  зохицуулах хороо хамтраад олон ажил хийж гүйцэтгэлээ. Ер нь банкнаас бусад санхүүгийн салбарын хяналт зохицуулалтын ажиллагааг хийдэг хороонд хамгийн том ачаалал ирсэн. Учир нь тоогоор нь харахаар санхүүгийн зах зээлд эзлэх хувь  хэмжээ нь  цөөхөн мэт харагддаг болов ч түүнд  оролцогчдын тоо хязгааргүй их.  Үндсэндээ 2000 гаруй хуулийн этгээдүүдэд хяналт тавьж байна гэсэн үг. Энэ нь зөвхөн мөнгө угаах терроризмтой тэмцэх чиглэлээр шүү. Дээрх ажлын хүрээнд 4-7 сарын хооронд хөдөө орон нутагт ажилласан. Олон улсын байгууллагууд бидний хийсэн ажлыг үнэлсэн учраас Монгол Улс хар жагсаалт руу орох аюул тодорхой хэмжээнд буураад байна. Хугацааг нь сунгаад дараа жилийн долдугаар сарын 1-н хүртэл бидэнд хугацаа өгсөн. Энэ бол бидний нөр их хөдөлмөрийн үр дүн гэж харж байна.

 Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж