“News” агентлаг 76:1 буландаа парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Долгорсүрэнгийн Сумъяабазарыг танилцуулж байна.
Энэ парламентын хамгийн олон гуншинтай гишүүн бол Д.Сумъяабазар юм. Тэрбээр УИХ-ын гишүүний үүрэгт ажлын хажуугаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, нийслэлийн намын хорооны дарга, СХД-ийн намын хорооны дарга, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч зэрэг хэд, хэдэн албыг давхар хашдаг. Зүлэг ногоон дэвжээгээ орхиж, улс төрийн дэвжээнд “хүч үзэх” болсон тэрбээр УИХ-ын сонгуульд хоёр удаа ялалт байгуулсан.
Улс төрийн намд ах дүүгээрээ хуваагдан элсэж, аль ч төрд “нүүртэй” явдаг олон гэр бүл бий. Тухайлбал, МАН-ын гишүүн С.Бямбацогт, АН-ын гишүүн Д.Батцогт нар нэг айлын хүргэчүүд. Мөн МАН-ын гишүүн Б.Саранчимэг, АН-ын гишүүн Б.Наранхүү төрсөн эгч дүүс. Тэгвэл Д.Сумъяабазар, Д.Дагвадорж ах дүү хоёр аварга бас л АН, МАН-д зүтгэж явна. Д.Дагвадоржийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын “ойрын хүн” гэгддэг. Тэр утгаараа Д.Сумъяабазарыг Засгийн газрын сайд болоход дэмжлэг үзүүлээд зогсохгүй нийслэлийн МАН-ын дарга болоход тодорхой хэмжээний түлхэц өгсөн гэх яриа бий.
Өнгөрсөн 2012-2016 оны парламентад Д.Сумъяабазарын улс төрийн намтар тийм ч арвин байсангүй. Тухайн үед эрхэм гишүүнийг Монгол бөхийн дэвжээнд түмэн олноо баясгаж явсан бяртай бөх гэдгээр нь олон нийт хардаг байлаа. Харин Ардын нам олонх болсон энэ парламентад улам илүү тодорч, хамгийн олон давхар дээл өмссөн сайд бол Д.Сумъябазар.
Түүнийг үхрийн эвэр шиг хоёр тийш харсан, нам дотроо түлхэлцдэг Сонгинохайрхан /СХД/-ийн намын хороог эмхэлж, нэг толгойтой болголоо хэмээн намынхан нь ихэд үнэлдэг гэх юм билээ. Тэгвэл энэ жилээс тэрбээр дан ганц СХД-ийн намын хороогоор хязгаарлагдахгүй, нийслэлийн намын хорооны дарга болсон. Түүхийг эргэн сөхвөл найман жилийн өмнө нийслэлийн МАН-ын 33 дугаар Бага хурал хуралдаж, Ц.Сандуйг нийслэлийн намын хорооны даргаар сонгож байв. Тэр цагаас хойш нэг ч удаа нийслэлийн намын хороо хуралдаагүй. Гэтэл алдарт “60 тэрбумын бичлэг”-ээс болж Ц.Сандуй өргөдлөө өгсөн үеэс нийслэлийн МАН-ынхан үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймэлдсэн юм. Ингээд хэд хэдэн удаа Бага хурлаа товлосон ч дотоод дайнаасаа болоод хуралдаж чадаагүй. Харин өнгөрсөн есдүгээр сард нийслэлийн МАН-ын 34 дэх Бага хурлаа хийж, Д.Сумъяабазар дарга болсон билээ.
Ганц хүн яаж амжуулдаг байна аа гэж гайхмаар хэд хэдэн давхар дээлээр өөрийгөө хучсан эрхэм гишүүний эрхлэх ажил мундахгүй. Тэрбээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын сайд болонгуутаа Тавантолгойн 30 хувийг олон улсын хөрөнгийн биржид гаргана гэдгээ мэдэгдсэн. Одоогоор албан ёсоор ажил болоогүй ч Лондон, Хонконгийн биржүүд Тавантолгойн хувьцааг арилжаалах сонирхлоо илэрхийлсэн байдаг. Ирэх оны дөрөвдүгээр сард IPO гаргана гэдгээ Д.Сумъяабазар сайд амласан. Үүнээс гадна уул уурхайн салбарын тулгамдсан асуудал, тойргийн асуудал, дүүргийн намын хороо, нийслэлийн намын хороогоо удирдах гээд олон асуудал түүний нуруун дээр бий. Энэ бүхнийг бяр чадлаар биш, бодлого төлөвлөгөөгөөр хийнэ гэдгийг манай аварга мэдэх байлгүй дээ.
Холбоотой мэдээ