НҮБ: Утаанаас хүүхэд, жирэмсэн эхчүүдийг аврах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

НҮБ: Утаанаас хүүхэд, жирэмсэн эхчүүдийг аврах хэрэгтэй

НҮБ: Утаанаас хүүхэд, жирэмсэн эхчүүдийг аврах хэрэгтэй

Хүйтний эрч чангарахтай зэрэгцэн аль хэдийн сааралтаад эхэлсэн Нийслэл хотод их утаа айсуй. Өвлийн улиралд нарийн ширхэглэгт тоосонцор буюу PM 2.5-н өдрийн дундаж хэмжээ 687 мкг/м3 хүрдэг нь  Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвшөөрөгдсөн стандартаас 27 дахин их гэсэн дүгнэлт гарчээ. Энэ нь хүн амын эрүүл мэндтэй салшгүй холбоотой.

Агаарын бохирдлын хамгийн том хохирогч нь жирэмсэн эмэгтэй, хүүхэд болж байна. Монголд ургийн эндэгдэл өвөл зуны хоорондох ялгаа 3.5 дахин зөрүүтэй байгаа бол тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаан уушгины үрэвсэл болж байгааг судалгаагаар тогтоожээ. Иймд Засгийн газар утааны асуудлыг шийдэх дорвитой алхмыг ойрын хугацаанд хийх шаардлагатай байгааг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сангаас анхааруулжээ. Энэ асуудлыг даруй шийдвэрлэхгүй бол 2025 он гэхэд 0-18 насны хүүхдүүдтэй холбоотой Улаанбаатар хотын эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагуудад ирэх эдийн засгийн ачаалал 24.8 тэрбум төгрөг /9.8 сая ам.доллар/ болох тооцоо гарсан байна.

Иймд хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын сөрөг нөлөөг бууруулах чиглэлд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан олон Швейцарын хөгжлийн агентлаг хамтран ажиллах хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо өнөөдөр /2018.11.06/ танилцууллаа. Энэ үеэр агаарын бохирдол хүүхдийн тархины үйл ажиллагаанд шууд нөлөөлж, зан үйлийн өөрчлөлт гарах буюу сэтгэцийн өөрчлөлтөд айж түгших, сэтгэл гутрах болсныг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэсэн.

 

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс: 

Хүүхэд эхийн хэвлийд бий болсон цагаас эхлэн агаарын бохирдол нөлөөлж эхэлнэ. Үүнээс үүдэн тархинд нь  гэмтэл үүссэн байх юм бол насан туршид нь нөлөөлдөг. Тухайн хүүхэд мэндэлсэн цагаасаа хойш насанд хүрсэн ч эрүүл мэндийн асуудалтай байна. Цаашлаад сурах чадварт нь нөлөөлж сайн ажиллах, идэвхтэй иргэн байх үгүй нь шалтгаална. Мөн ой санамжаа алдах зэрэг ноцтой эрсдэлүүд байна.

Монгол Улсын Засгийн газар болон бусад хөгжлийн байгууллагууд агаарын бохирдлын хэмжээг бууруулах урт хугацааны тогтвортой гарц шийдэл хөрөнгө оруулалт хийж байна. Гэвч үүнд цаг хугацаа шаардлагатай. Энэ хооронд хүүхэд, жирэмсэн эхчүүдээ утаанаас хамгаалах арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай байна. Тийм учраас бидний хамтран хэрэгжүүлэх энэ хөтөлбөрийн гол зорилго нь хүүхэд, жирэмсэн эхчүүдийн өртөлтийг багасгах эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах байх болно. Өртөлт гэдэг нь дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах чиглэлд анхаарна. Энэ чиглэлд ямар арга хэмжээ авч болох вэ гэдгийг Баянзүрх дүүргийн хэд хэдэн цэцэрлэгийг хамруулсан. Судалгааны үр дүнг Засгийн газарт танилцуулж бууруулах чиглэлд анхаарч ажиллана.

 

Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын захирал, Ерөнхий Консул Габриела Спирли: 

Агаарын бохирдол эрүүл мэндэд учруулах онц ноцтой хор уршгийн талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас сая гаргасан судалгаа дахин нотоллоо. Энэ баримт нотолгоо дэлхийн улс орнуудын хувьд түгшүүрийн дохио болох ёстой. Ялангуяа байгаль орчин, эрүүл мэндийн салбарынхан цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлагатай байна. Сайн Засаглалын зарчмыг хэрэгжүүлж, эдгээр салбарт онцгой ач холбогдол өгөн авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний үр дүнг баталгаажуулах ёстой. Тийм ч учраас Швейцарын хөгжлийн агентлаг НҮБ-ын Хүүхдийн Сан бусад түнш байгууллагуудтай хамтран агаарын бохирдлоос үүдэх сөрөг нөлөөг бууруулахын тулд дэмжлэг үзүүлэн ажиллана. Монголын хүн ам,  тэр дундаа хүүхэд багачууд жилийн турш цэвэр агаараар амьсгалж эрүүл мэндийн чадвартай сайн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэхийг бид зорьж ажиллах болно.

 

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал: 

“ Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийг ивээх сан Швейцарын хөгжлийн агентлагийн хөтөлбөрийн газар хамтран Баянхонгор аймаг, Улаанбаатар хотод агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрийн хэрэгжүүлэн ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт тэр дундаа хүн ам олноор суурьшиж аймгийн төвүүдэд утааны асуудал нийслэл шиг болсон. Зарим үед салхигүй тохиолдолд багагүй хэмжээнд утаа хуримтлагддаг. Манай Баянхонгор аймагт нийт 27.700 хүүхдийн 11 мянга гаруй нь буюу гурван хүүхэд тутмын нэг нь жил бүр амьсгалын замын өвчлөлөөр эмнэлэгт хандаж байна. Тиймээс аймгийн төвүүд дэх гэр хорооллын уурын зуухны тоог багасгах ёстой гэж харж байна. Утаа гаргадаг цэг л бол ямар нэгэн байдлаар агаарын чанарт нөлөөлж байгаа. Иймд цахилгаан эрчим хүчээр дамжуулан айл өрхийг цахилгаан теньд холбох хэрэгтэй. Бид ирэх хавраас Өмнөд Солонгос улсын зээлийн хүрээнд ирэх хавраас аймгийн төвийг дулааны станцад холбох ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна”

Улаанбаатар хотын нийт хүн амын 30 орчим хувийг 0-18 насны хүүхдүүд эзэлдэг. Судалгаагаар энэ насныхан дунд агаарын бохирдлоос шалтгаалсан халдварт бус өвчний гаралтаас үүдсэн эрүүл мэндийн зардал 40 гаруй хувийг эзлэх төлөвтэй байгаа нь цаашид нэмэгдэх хандлага байгааг харуулжээ.

Нийслэлийн төвийн дүүргүүдэд амьдардаг хүүхдийн уушгины үйл ажиллагаа хөдөө орон нутагт амьдардаг хүүхэдтэй харьцуулахад 40 хувиар сул байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж