ЖДҮХС-аас төрийн өндөр албан тушаалтнууд хамааралтай эсэх мэдээллийг IKON.mn цахим сонин олон нийтэд мэдээлж байсан ч мэдээллээ нягтлаагүйгээс андуурал гарчээ. Тодруулбал, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы хамаарал бүхий этгээд Жи Пи Эм ХХК-нд 10 хувь эзэмшдэг ба ЖДҮХС-аас зээл авсан тухай мэдээлэл нь үндэслэлгүй болох мэдэгдлийг Монголбанк хийсэн байсан юм. Харин бид уг мэдээллийг нягтлахаар тус компаний менежер Б.Батмаагаас тодрууллаа.
Танай компани Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай холбоогүй гэсэн тайлбарыг өгсөн байсан шүү дээ. Яагаад ийм андуурал болов, үнэхээр танай компанитай хамааралгүй эсэх дээр та ямар тайлбар өгөх вэ?
Манай компаний хувь эзэмшигчээр урьд нь ч байгаагүй одоо ч байхгүй. Нэрний андуурал гарсан байна. Манай компани бол GPM ХХК гэдэг компани. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы хамаарал бүхий этгээдийн гэх хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн компаний нэр нь JPM гэдэг нэртэй юм байна гэдгийг сүүлд тодруулж мэдлээ. Өөрөөр хэлбэл крилл дээрх товчлолд нь андуурал гарч давхцал гарсан болж таарч байна.
Тэгвэл танай компани ЖДҮХС-аас зээл авсан уу. Авсан бол зээлэнд хэрхэн хамрагдсан бэ?
Зээл авсан нь үнэн. Уг зээлийг 2017 онд сүү, махны чиглэлийн үхрийн фермээ өргөтгөх зорилготой авсан. Нийт зээлийн хүсэлт 500 сая төгрөг байсан. Энэ дүнгээрээ зээл батлагдсан ч олгох үедээ мөнгө хүрэлцэхгүй байна гээд 200 саяыг шийдвэрлэж өгсөн ийм л түүхтэй.
Одоо танай төсөл хэр үр дүнтэй хэрэгжиж байна вэ?
Бид авсан зээлэндээ тааруулаад үнээний фермээ өргөтгөөд ажиллаж байгаа. Манай ферм Багануурын уурхайн дэргэд байдаг. Багануур дүүрэгт сүүгээ нийлүүлдэг жижгэвтэр л аж ахуйн нэгж. Дашрамд хэлэхэд, бид журмын дагуу зээлээ хөөцөлдөж, зохих шаардлагыг бүрэн хангаж, хөрөнгөө барьцаалж байж энэ зээлэнд хамрагдсан. Зээл хүссэн зорилгынхоо дагуу зээлийн хөрөнгөө үр дүнтэй зарцуулж байна. Түүнээс бус төрийн өндөр албан тушаалтай хэн нэгнээс хамааралтай бөгөөд нөлөөн дор нь зээл аваагүй. Үсэг андуурч бичигдсэнээс болж нэрний давхцал гарсан болохыг мэдээлэл анх тараасан хэвлэлийн байгууллагаас залруулга хийхийг хүсч байна. Үүнээс болж манай бизнесийн үйл ажиллагаанд сөрөг үр дагавар гарах вий гэдгээс бид болгоомжилж байна.
Холбоотой мэдээ