Зөвхөн гадаадын иргэд казино тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Зөвхөн гадаадын иргэд казино тоглоно

УИХ-ын гишүүн Д.Загджав, Д.Кёкүшюзан Батбаяр нар Казиногийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барив. Тэд УИХ-ын гишүүн З.Алтай, Б.Батбаяр, Г.Баярсайхан,  Р.Буд, Х.Жекей, Д.Хаянхярваа, Ц.Цэнгэл, Ж.Энхбаяр нартай хамтран энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.
      Монгол Улсын эдийн засгийн үндэс суурийг хөгжүүлэхэд аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлэх шаардлагыг харгалзан Монгол Улсад урьд нь хуулиар хориглосон казиногийн үйл ажиллагааг сэргээж хөгжүүлэх нь зүйтэй гэж үзээд эрхэм гишүүд ийм хуулийн төсөл санаачилжээ. Энэ төрлийн бизнесийг эдүгээ дэлхийн олон улс оронд эрхэлж, ашиг орлого нь ч нэмэгдэх хандлагатай байгаа. Харин манай хоёр хөршид энэ төрлийн биенесийг эрхлэхгүй, эрхлэхийг түр хориглосон нь манай улсын хувьд орлогын таатай нөхцөл юм гэж тэд үзэж байгаа аж.
     Хуулийн төсөлд Казиногийн төв байгууллагын эрх зүйн байдал, зохион байгуулалт, энэхүү үйл ажиллагааг эрхлэхэд тавигдах шаардлага, казино байгуулах, тусгай зөвшөөрөл олгох, бүртгэх, ажиллуулах, үйл ажиллагааг нь хянах, дуусгавар болгох, зөвхөн гадаад орны иргэдийг тоглуулахтай холбогдсон харилцааг хэрхэн зохицуулах зэргийг тусгажээ. Казиногийн орлогын нэг хувиар “Сайн үйлс“-ийн сан байгуулж нийгмийн арга хэмжээнд зарцуулах, Засгийн газар нь тухайн казиногийн тодорхой хувийг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй байхаар хуулийн төсөлд тусгаснаа төсөл санаачлагчид дурдав.
     УИХ-ын дарга эрхэм гишүүдийн санаачилсан энэхүү хуулийн төсөл нь өмнөхөөсөө сургамж авч, олон улсын туршлагыг сайн судалж нягталсан чамбай төсөл болсон байх гэж найдаж буйгаа хэлээд хуулийн төслийг олон түмэнд сайн сурталчилж зөв ойлгоц өгөх, нийгмийн сэтгэл зүйд анхаарах талаар идэвхтэй ажиллахыг төсөл санаачлагчдад зөвлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж