Б.Батзоригийг сайдаас чөлөөллөө
УИХ-ын чуулганы хуралдаанаар "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас Б.Батзоригийг чөлөөлөх тухай” тогтоолын төслийн хэлэлцээд, гишүүдийн 76 хувь нь сайдын ажлаас чөлөөлөхийг дэмжлээ.
Хуралдааны үеэр ЖДҮХС-гийн асуудлыг ганцхан хүнд нялзааж байгаа нь буруу гэдгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Я.Санжмятав, Л.Болд, З.Нарантуяа нар хэлж байв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Санжмятав “Би Б.Батзоригтой хамтарч ажиллаж байсан. Ардын намын санаанд ч орохгүй 1000 айлын орон сууцыг бариад, үйлдвэр эрхлэгчдээ дэмжээд явж байсан. Ийм хүн жижиг дунд үйлдвэрийн сангаас хулгай хийсэн гэж бодохгүй байна. Сангаас зээл олгосон нь намын даалгавар гэж харж байна. Гэтэл Ардын намд зээл аваагүй нэг нь ташаад сууж байна” гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “ганцхан ЖДҮХС-гийн асуудал ч биш бонд, Хөгжлийн банкны мөнгийг хэрхэн зарцуулсныг ярь. Цэвэрлэх гэж байгаа бол өнөөдөр нэг мөсөн ярих ёстой” гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.
У.Хүрэлсүх: Шударга ёсыг бий болгож чадахгүй бол би өөрөө огцорно
Хуралдаанаар "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас Б.Батзоригийг чөлөөлөх тухай” тогтоолын төслийн хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Танай намын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ эхлээд баахан хүн зээл авсан байна. Намын даалгавар уу, Засгийн даалгавар уу. Намынх бол ганцхан хүнд хариуцлага үүрүүлмээргүй байна. Танай ЕНБД-аас эхлээд урдаа барьдаг залуучууд, бизнес эрхлэгчид бүгд уучлалт гуйж байна. Ард түмэн бухимдалтай байна. ЖДҮХС-аас зээл олгосон явдал нь хэний даалгавар байсан бэ. Одоогоор танай Засгийн газар хоёр дахь сайдаа огцруулж байна. Дараа нь хэнийг огцруулах вэ?
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Нийгэмд шатахуун, ам.доллар өсч байна. Энэ нь маш их сөргөөр нөлөөлж байгааг би мэдэрч байна. Үнэ ханш эдийн засгаас хамаарахгүй, гаднын хамааралтай байгааг бид мэдэрч байна. ОХУ-ын төрийн тэргүүн шатахуун импортлогчдоо хүлээж авч уулзаад, үнийг өсгөхгүй байх үүрэг даалгавар өгсөн байна лээ. Харин манайх дотооддоо шатахууны үнийг өсгөхгүй байх арга хэмжээг татвараар зохицуулсан. Цаашид ОХУ-тай тодорхой хэмжээний яриа хэлцэл хийж байна. Тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа. Бидний эцсийн найдлага бол газрын тосны үйлдвэр байгуулах юм. Саяхан би үйлдвэр барих газар дээр нь очиж танилцсан. Ирэх жилийн намар дэд бүтцийн ажлаа дуусгаад, үйлдвэр барих ажлаа эхлүүлнэ. Шатахууны үнэ ганцхан У.Хүрэлсүхийнх биш. Бүх Засгийн газрын үед зовлон байсаар ирсэн. Би “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхгүй. Мөнгө хэвлэж эдийн засгийн суурийг үндсээр нь эвдэх сонирхол алга. 2012-2016 онд 8 их наяд төгрөг хэвлэж, эдийн засгаа сууриар нь хямраах үйлдэл хийсэн. Тиймээс би хүчээр барьж чадахгүй. Харин газрын тос боловсруулах үйлдвэрийг хурдан бариулахгүй байх сонирхолтой хүмүүс мэр сэр байх шиг байна. Энэ хар хүчийг давж гарна гэж бодож байна.
ЖДҮХС-аас зээл өг гэдэг үүрэг даалгаврыг би өгөөгүй. Би намын даргын хувьд зээлээ буцааж төл, ард түмнээсээ уучлалт гуй гэдэг үүрэг өгсөн. Энэ асуудал ганцхан Ардын намд ч биш, бүх улс төрийн намд сургамжтай зүйл боллоо.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Өнөөдөр бид ганцхан сайдын асуудал яриагүй. Монгол төрийн тогтолцоо, Засгийн газар цааш яах вэ гэдгийг ярьж байгаа эхний алхам. ЖДҮХС-аас олгосон зээлд намын оролцоо байхгүй гэж намын дарга нь мэдэгдэл хийж байна. Гэтэл ЕНБД оролцсон байна. Бүлгийн дарга чинь албан бичиг явуулсан гэдэг яриа гараад байгаа. Энэ асуудлыг туг тахих хэлбэрээр явах боломж байхгүй. Энэ УИХ цаашид ажиллах чадамжгүй гэдэг асуудал хөндөгдөөд байгаа шүү. Өнөөдөр та бид энэ асуудал яаж шийдэгдэхээс шалтгаална. Ард түмнийг тэнэгт тооцоод, аргалж сурснаараа аргалаад явна гэж байхгүй.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг:
-Миний бие салбарын сайдаар нэг жил ажилласан. Энэ хугацаанд салбарын бодлогоо тодорхой болгож, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ард иргэдээ ажилтай орлоготой болгохын төлөө ажилласан. Малын гоц халдварт өвчинтэй тэмцдэг байсан бол одоо урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн орчныг бий болгосон. Энэ жил мал сайхан өсч 84 сая толгой мал өвөлжиж байна. “Ноолуур” хөтөлбөр амжилттай хэрэгжиж ноолуурын үнэ өссөн. 415 мянган тонн улаан буудай, 165 мянган тонн төмс, хүнсний ногоо хурааж авсан. Үүгээр дотоодын хэрэгцээгээ хангаж боломжтой. Энэ бүхнийг бүтээхэд хамтран ажилласан салбарынхандаа талархаж байна. ЖДҮХС-аас олгосон зээлийн асуудалд би ёс зүйн хариуцлага хүлээж өргөдлөө өгсөн. Монгол улсын нийт иргэд, хайрт ээжээсээ, хүнс, хөдөө аж ахуйн салбараасаа уучлалт гуйж байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Б.Батзориг сайд уучлалт гуйгаад өргөдлөө өгч байгаа нь зөв жишиг. Энэ бол нэг сайдад хариуцлага тооцоод, өргөдөл аваад өнгөрөх ажил биш. Ард түмний дунд дургүйцлийн гал асч байна. Үүнийг хувинтай усаар унтраана гэж байхгүй.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Би нийгэмд шударга ёсыг бий болгох шинэчлэлийн ажил хийнэ. Ард түмэн үүнийг хүлээж байна. Ард түмнээсээ дэмжлэг хүсээд болохгүй бол өөрөө огцорно. Би өмнө нь “амь насаа алдахаас айхгүй байна, ганцхан ард түмний итгэл найдвараа алдахаас айж байна” гэж хэлж байсан. Одоо ард түмний итгэл найдварыг биелүүлэхийн төлөө ажиллана.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Чуулган: Б.Батзоригийг сайдаас чөлөөлөхөөр хуралдаж байна
УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ. Хуралдаанаар "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас Б.Батзоригийг чөлөөлөх тухай” тогтоолын төслийн хэлэлцэж эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү чуулганы танхимд Ерөнхий сайдыг орж ирсэнгүй хэмээн шүүмжлэв. Мөн тэрбээр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас /ЖДҮХС/ зээл авсан улстөрчид бүрэн эрхээсээ татгалзаад, Ерөнхий сайд огцрох ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв.
Үүнээс гадна УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрөөс ажил хаялтаа зогсоож байгаагаа чуулганы индэр дээрээс илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдөж байхад Ерөнхий сайдад үүнээс илүү чухал асуудал юу байдаг юм бэ. Яагаад хуралдааны танхимд орж ирэхгүй байгаа юм. Өнөөдрийн чуулган бол шударга ёсыг тогтоох хамгийн том ажил учраас ард түмэн харж байгаа. Гэтэл бид арай гэж ирцээ бүрдүүлээд, кнопоо дараад гарах юм уу. Ийм УИХ-ыг ард түмэн хүсээгүй байх. Одоохон Ерөнхий сайд орж ирээд гишүүдийн асуултад хариулах ёстой.
Шадар сайд Ө.Энхтүвшин:
-Би сая Ерөнхий сайдаас утсаар асуулаа. Наашаа хөдөлж байгаа юм шиг байна.
Энэ үед УИХ-ын дарга М.Энхболд хуралдааныг үргэлжлүүлэхийг хүссэн боловч гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууна гэдэг шаардлага тавьсан тул чуулганы танхимд Ерөнхий сайдыг хүлээсэн хүлээлт үүсээд байна.
УИХ-ын чуулган үргэлжилж байна.
Т.ДАВААНЯМ
Б.Батзоригийг сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх УИХ-ын тогтоолын төслийг дэмжив
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас Б.Батзоригийг чөлөөлөх тухай” тогтоолын төслийн хэлэлцэж, дэмжлээ.
Хэлэлцэж буй асуудлтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүд 60 хувийн санал нэгтэйгээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн-ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас чөлөөлөх талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжлээ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлийг өнөөдөр /2018.11.06/ 11.00 цагаас УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм.
УИХ-ын нэр бүхий гишүүд болон түүний хамааралтай компани Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас /ЖДҮХС/ хөнгөлөлттэй зээл авсан нь ил болоод байгаа юм.Үүнтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Хариуцлагаа хүлээж, сайдын албан тушаалаа өгнө” гэж мэдэгдсэн билээ.
Ш.Адъяамаа
Холбоотой мэдээ