Яасан үнэтэй ягаан сарфанчик вэ?

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

Яасан үнэтэй ягаан сарфанчик вэ?

Яасан үнэтэй ягаан сарфанчик вэ?

-Жигтэй нэгэн бичлэг түүхэн үүргээ гүйцэтгэсэн бололтой-

УИХ-ын гишүүн асан Г.Уянга нэгэн яруухан үдэш намуухан байсан сошиал орчинд ямар нэг нууц бичлэгийн тухай сэдэв өдүүлсэн юм. Төрийн өндөр албан тушаалтны гар утасны дугаарын сүүлийн хоёр орныг нууцалж “хүндэтгэл” үзүүлсэн ч өнөөх “этгээд” нь дэндүү олон жил төрд, олны дунд ажиллаж буй тул төвөггүйхэн хэн болох нь танигдах шахам таамаглалд дэвшив. Хэрэв олны таамагласан нь мөн бол… гэж бодож байтал “Су.Батболд” гэдэг нэрийг шулуухан заан нэрлэцгээж эхлэв. Хэн бэ гэж үү? Хэн ч эхэлсэн байж болно. Учир нь, нэг хүн нэлээд хэдэн цахим хаягтай, нэр, дүрээ нууж болдог энэ орчинд гэмтнийг илрүүлэх шиг хэцүү юмгүй болоод байгаа билээ.

Бичлэгт ямартай ч янаг амрагийн явдал гардаг гэнэ. Өрнөж буй үйл явдал нь их хотын байдаг л нэгэн цэнгээн наргианы газарт нэгэн орой болсон гэх. Сүүлдээ хэн, хэн байсан, бүр ямар нэгэн ягаан сарфанчикийг өмссөн төрийн эр хар хүн гүйж явсан болж “өрнөв”. Үлгэр өндөр дээд хэмжээнд үргэлжилж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн маань өнөөх бичлэгийг үзэж байгаад, нэг нь дуусгаж тэвчилгүй гараад явчихсан, түүнээс хойш улс төрийн тохироо өрнөх болсон аж. Харин бичлэг нууц хэвээр. Аргаа барсан “бичлэгийн баатрууд” ар араасаа тайлбар, мэдэгдэл хийж эхэллээ. Хэчнээн сайн аавууд, сайхан өрхийн тэргүүнүүдийг юунд аваачаад хутгасан болоод ийм ёс бус үйлдлийн талаар бараг л улс төрийн эр зориг гарган тоочих болов гэдэг нь үнэхээр сонирхолтой. Тэдний ярианаас Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу гэхэд арай л “заваан” хатуурхах болсныг ойлгов. Учир нь, тэд бичлэгийг дэлгэхийг шаардаж буйгаа тайлбараараа дамжуулан илэрхийлж байлаа. Бичлэг “түүхэн бохир” үүргээ гүйцэтгэсэн бололтой. Өөрөөр хэлбэл, бичлэг нуугдсан ч бай, хэзээ ч огт байгаагүй ч бай, төрийг, төрд ажиллаж байгаа тэр эрчүүдийг олон нийт жигшинэ. Магадгүй  тэдний гэр бүлийн аз жаргалаас жаахан ч атугай хулгайлсан, булаасан байхыг үгүйсгэхгүй.

Энэ үлгэрийг Г.Уянга эхлүүлж Г.Уянга дуусгах учиртай байсан бололтой. Тэрбээр өчигдөр орой /2018.11.05/ 23.00 цагийн орчимд мөн л фэйсбүүк хуудаснаа бичлэг байгаа, гэхдээ өөрт нь байхгүйг сануулахын сацуу яагаад цацаж болохгүй талаар учирлалаа. Нэр хүндээ гутаалгасан нэр бүхий хүмүүсийн тайлбарын дараа хийсэн энэ “учирлал” бол бичлэг огт байгаагүйн баталгаа ч байж болох юм.

УИХ-ын гишүүн асан, Ерөнхийлөгчийн Хүний эрхийн зөвлөх ийм эмзэг сэдвээр хүний эрх чөлөөнд халдаж болох уу. Тэрбээр учирлалаа. “Бэлгийн цөөнх, элдэв гаж зуршлыг хэвийн зүйл мэт нийгэмд сурталчлах нь 3-хан сая хүн амтай үндэстэнд маш аюултай!!!” гэжээ. Үндсэн хуулиа л дагацгаая. Хүний эрхийг дээдэлдэг л бол хэдэн хүнтэй улс байх нь хамаатай гэж үү. Гуравхан сая хүн амтай улсад жагсаал цуглаан хийх хүртэл цагаа тулахад аюултай гэдгийг жагссаар байгаад жагсаалтаар УИХ-д сонгогдсон гишүүн асан сайн мэдэх учиртай. Нөгөөтэйгүүр тайлбар хийсэн хоёр хүн “Бэлгийн цөөн, элдэв гаж зуршлыг нийгэмд сурталчилсан уу? Яаж нотлох юм бол?”

Үзээгүй, магадгүй үзэх ч үгүй бичлэгт анализ хийж “ Үүссэн нөхцөл байдлаас үзвэл бичлэг байгаа нь үнэн бөгөөд бичлэгийг гартаа оруулсан болон бичлэгт өртсөн цөөн хүн мэдэж байгаа нь тодорхой байна” гэж дүгнэсэн нь дахиад гайхшируулав. Тэрбээр “Бичлэгийг хийж болох хоёр субъект байна. Нэг нь бэлгийн чиг хандлагаараа цугларагчид дотроосоо, нөгөө нь гүйцэтгэх ажлын шугамаар. Хэрэв эхний хэсэг бол үүний цацалтыг хянахад түвэгтэй байж мэднэ, хоёр дахь нь бол алдаж болохгүй, бас цацахгүй гэдгээ маш сайн мэдэж байх ёстой. Мартаж болохгүй нэг зүйл бол ийм чиг үүрэгтэй байгууллагын удирдлагыг Ерөнхий сайд томилдог бөгөөд Ерөнхий сайдын шууд мэдлийн байгууллага!” гэснээрээ нэр хүнд нь гутаагдсан хоёр хүн хуулийн байгууллагад хандахаа мэдэгдсэн тул чулуу хөөлгөж бэлгийн чиг хандлагаараа цугларагчид гэгч рүү бухахаар шийдсэн бололтой. Эсвэл “У.Хүрэлсүхийн тагнуулууд”-д бичлэг байж болзошгүй, хэрэв хорвоо дээр тийм бичлэг байгаа, цацагдах юм бол тэд буруутай гэсэн тайлбар мэт уншигдаж байв.

Цаашилбал, МАН-ын “дотоод дайн” гэгчийг Ерөнхийлөгчийн зөвлөх илрүүлж, хотын даргыг ажлаа өгөхийг шаардахын тулд МАН-ын залуус ийм юм хийдэг гэж итгүүлэх гэж оролджээ. Харин өөрийнх нь постыг “дайндаа” ашиглахгүй байхыг сануулсан нь хариуцлага хүлээхээс зугтсан, шилжилтийн насны охины эморол мэтээр хүлээн авахыг хүсэх мэт сэтгэгдэл төрүүлэв.

Тэрбээр яг л Ванга шиг төсөөлөн өгүүлж байна. Тухайлбал, яагаад ЖДҮХС-гийн зээлийн “тэсрэлт”-тэй зэрэгцсэн шалтгааныг энэ бичлэгийг гартаа оруулсан хүмүүс нь маш тодорхой бөгөөд хэнд байгааг ч бичлэгт холбогдогчид нь мэдэж байгаа. ЖДҮХС-гийн зээл болон бичлэг… энэ бүхэн МАН-ын өөрийн нь дотоодын дайны асуудал гэдгийг маш сайн ойлгох ёстой. Энэ бичлэгээс шалтгаалан хотын даргыг ажлаа өгөхийг шахаж байгаа юм байна” гэж тайлбарласан байна.

Цаашид яах вэ? Хуулийн байгууллага нэр хүндээ гутаалгасан хүмүүст эрх зүйн ямар үйлчилгээ үзүүлэх боломжтой бол? Бичлэг анхнаасаа байгаагүй бол яах вэ? Ойлгомжтой. Харин байсан бол? Юуны өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн үзсэн гэх яриа бий. Наанадаж төрийн хамгаалалтынхан хамт байсан болов уу? Цаанадаж тийм бичлэг үзээд сууж байх завтай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бий гэж үү. Тэгээд ч бичлэг бий гэдэгт хүчээр итгэе гэхнэ үйл явдал ажил тарсны дараа, нийслэлийн нэгэн цэнгээн наргианы зориулалттай газар болсон байхаар цуурчхаад байгаа. Ажлын цагаар, төр захиргааны байгууллагад бол “буудсан ч багадах” биз. Ажлын бус цагаар, амарч цэнгэх зориулалттай газар, за бүр бэлгийн цөөнхийн үйлдлээ хийсэн байлаа гэж бодоход ямар хуулиар буруутгагдах бол. Тэр аавууд, тэр өвөөг тэгсэн гэж бодохоор ер итгэж өгдөггүй. Тэр тусмаа нэг ягаан сарфанчикны тухай дурдаад байгаа. Хэрэв зорилго нь хотын даргын суудал, эсвэл ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой бол ягаан сарфанчик хэтэрхий өндөр “үнэ ханштай”-гаар тохиролцоонд орж байгаа юм аа даа.

“УТАСНЫ БИЧЛЭГ” БА Г.УЯНГЫН УЛС ТӨР

УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр Г.Уянга нэгэн утасны бичлэгийг тараасан буруутан болон гүтгэгдэж тэр тухайгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа буюу 2016 оны долдугаар сарын 21-нд фэйсбүүк хуудаснаа яг л ингэж учирлан бичиж билээ. Түүний постоос сануулбал “Утас алдсан тухай Л.Эрдэнэчимэг гишүүнд миний санамсаргүй хэлсэн үг олз болж сандарч бачимдсандаа асуудлыг над руу эргүүлэх боломж олгосныг хожим ухаарлаа. Үнэндээ миний гар утсанд бичлэг байх ямар ч боломжгүйг утас худалдан авсан болон хулгайд алдсанаа тэмдэглүүлсэн цагдаагийн бүртгэлээс мэдэж болно.

Алдагдсан утсанд бичлэг байсан гэж үзье гэвэл I phone 6s маркийн гар утасны хурууны хээ, зургаан оронтой тоогоор кодлогдсон кодыг нээж тайлах ямар ч боломжгүй, доторх мэдээллийг гаргаж авах бололцоо ямар ч тохиолдлоор байх боломжгүй, хулгайлсан утсыг зөвхөн сэлбэгт ашиглаж болохыг мэргэжлийн хүмүүс нотлон ярьж байна.

Хэрэв би тэр бичлэгийг зарсан, тараасан бол бичлэг дээр бусдын дуу, дүрсийг арчсан шиг ядаж өөрийнхөө дууг арилгах байсан гэдэг нь энгийн логик шүү дээ. Би тэр өрөөнд хамт байсан боловч бичлэг хийж тараасан, зарсан, түүнийг улс төрийн зорилгоор ашигласан хүн нь би биш гэдгийг нийгэмд, намайг дэмждэг олон түмэндээ нотлох зайлшгүй чухал шаардлага байна. Жич: Iphone 6s утасны нууцлал, түүнээс мэдээлэл алдагдах боломжийн талаар тодруулахаар Apple компанид хандаж байгаа болно. Мэдээллийг ирсэн даруйд нь хүргүүлнэ. Шаардлагатай бусад материалыг бүрдүүлэхэд тусламж үзүүлэхэд хэзээд бэлэн байх болно” гэсэн. Үүнээс хойш Г.Уянга ч өнөөдрийг хүртэл дахин дурсаагүй, хааяа жишээ татан “дурсан ярих”-аас бусдаар бол бараг мартагдсан.

Гэтэл Г.Уянга өөрөө өчигдөр /2018.11.05/ нууц бичлэгийн талаар ярихдаа дахин сануулжээ. Эцэст нь ийм зовлон амссан хүний хувьд олон нийтэд бичлэгийг цацахгүй байхыг сануулаад төрийн арга хэрэгслээр шийдэх боломжтойг “зөвлөж” бичлэгийг надаас хайх хэрэггүй гээд МАН-ынхны дунд “яс хаяж” өгөөд зугтав бололтой.

Энэ бүхнээс нууц бичлэг гэгчийг Г.Уянга эхлүүлж Г.Уянга дуусгах ёстой байжээ гэж харагдаж байна. Харин нийгэмд түгээсэн баталгаагүй, худал мэдээллийг Ерөнхийлөгчийн зөвлөх байтугай хэн ч “дуусгаж” чаддаггүй. Хэзээ  ч тэр бичлэгийг үзэх боломжгүй нь нэгэнт ойлгомжтой болсон болохоор тэр бичлэг анхнаасаа байсан эсэхэд ч эргэлзэж эхэллээ. Хэрэв энэ нь улс төрийн “дайн”-ы шалтаг, шалтгаан юм бол магадгүй өс хонзонгийн зорилгоор “Г.Уянга, Су.Батболд” гэсэн дуэл ийн үргэлжлээд бичлэгээс амссан хохирлоо бичлэгээр нөхөхөөр шийдсэн төдийгүй тэр орой, тэр цэнгээний газарт байсан эсэх нь тодорхойгүй, хэний ч хараагүй эрэгтэй хүний биед углагдсан ягаан сарфанчик ЖДҮХС-гаас нэр бүхий гишүүдийн авсан зээлийн дүнтэй дүйцэхүйц үнэд хүрэх бололтой.

Ц.ОРХОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж