АНУ Ираны эсрэг дайн эхлүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

АНУ Ираны эсрэг дайн эхлүүлэв

АНУ Ираны эсрэг дайн эхлүүлэв

Олон улсын хэмжээнд хурцаар хөндөгдөж буй сэдэв бол АНУ болон Ираныг тойрсон маргаан болоод байна. Иран улс нь 1979 оны исламын хувьсгалаар хаант засгаа түлхэн зайлуулж исламын шашны хэт үзэл бүхий улс болон хувирсан. Хувьсгалын дараагаас АНУ-тай харилцаагаа эрс муутгасан Иран улс 1979-1988 оны хооронд Ирак улстай дайтсан бөгөөд хэн хэн нь ялалт байгуулж чадалгүй дайн зогссон түүхтэй. Тухайн үед АНУ нь Иракийг дэмжин зэвсэг санхүүгээр тусалж байсан гэдэг. Энэ өдрөөс эхлэн АНУ, Иран хоёрын  харилцаа хурцаар хөндөгдөж эхэлсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн кампанит ажлын үеэсээ эхлэн АНУ-д ашиггүй бүхий л гэрээ, хэлэлцээрээс гарна хэмээн хэлж байсан билээ.Түүний ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан олон гэрээ хэлэлцээрийн нэг нь 2015 онд байгуулагдсан “Ираны цөмийн хэлэлцээр” байсан юм. Энэ гэрээ хэлэлцээрийн гол зорилго нь цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх Ираны боломжийг хязгаарлахад оршиж байв. Ираны зүгээс өндөр түвшинд баяжуулсан уранаа хорогдуулж, дахин уран баяжуулахгүй байх замаар цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй гэх баталгааг их гүрнүүдэд өгөхөд оршиж байв.

2015 онд энэхүү хэлэлцээр байгуулагдах үед олон улсын цөмийн зэвсгийн эсрэг тэмцэгчид, хэлэлцээрт оролцогч улс орнууд тэр дундаа тухайн үеийн АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама цөмийн зэвсэг хураах чиглэлд гарсан түүхэн, чухал ач холбогдолтой гэрээ хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байлаа. Уг гэрээнд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээгээр хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсэгтэй таван орон болох ОХУ, БНХАУ, АНУ, Франц, Их Британи болон ХБНГУ зэрэг улсууд оролцсон юм.

Гэвч 2018 оны тавдугаар сарын 8-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп дээрх гэрээг Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах бус харин ч эсрэгээрээ терроризмыг санхүүжүүлэхэд нь Тегеранд тусласан, АНУ-д ямар ч ашиггүй маш муу гэрээ гэж үзэж байгаагаа илэрхийлээд гэрээнээс гарахаа албан ёсоор зарласан. Ингээд Ираны эсрэг цуцлагдаад байсан хоригууд шат дараатайгаар дахин сэргэж эхэлсэн билээ.

Өчигдөр буюу арван нэгдүгээр сарын 5-нд үлдсэн бүх хоригууд хэрэгжиж эхэллээ. Энэ удаагийн хоригт эрчим хүчний салбар, газрын тостой холбоотой гэрээ хэлцлүүд болон тус улсын Төв банкаар дамжуулан хийсэн хувьцааны арилжаа, хөлөг онгоцны тээвэр болон хөлөг онгоцны үйлдвэрлэлийн салбар хамрагдаж байна. Эхний ээлжийн хориг Ираны ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, үндэсний вальютын ханш нь тал хувиар унаад байсан бол энэ удаагийн хориг нь Ираны газрын тосны экспортыг бүрэн зогсоох зорилготой юм.

Газрын тосны олборлолт, түүний борлуулалтаас олж байгаа ашиг орлого нь Иран улсын нийт төсвийн 80%-ийг бүрдүүлдэг байна. Тиймээс энэ удаагийн хориг Ираны эдийн засагт том цохилт болох нь дамжиггүй гэж судлаачид үзэж байна. Үүний нөлөөгөөр Ираны хамгийн том худалдан авагчид болох Хятад, Япон, Итали, Грек, Энэтхэг, Өмнөд Солонгос, Турк зэрэг улсууд мөн сандралд орох нь гарцаагүй гэнэ. Харин  эдгээр улсууд АНУ-ын хоригийг хүлээн зөвшөөрч, Иранаас авах газрын тосны импортоо багасгахаар болсон гэж АНУ мэдэгдээд байгаа ч Ираны боловсруулаагүй газрын тосны гуравны нэгийг импортлогч Хятад улс энэ хоригийг дэмжиж байгаа эсэх нь эргэлзээтэй юм. Үүнээс гадна Хятад болон АНУ-ын хооронд томоохон худалдааны маргаан дэгдээд байгаа энэ цаг үед Хятад улс АНУ-ын үгийг дагана гэдэг эргэлзээтэй асуудал билээ.  Европын Холбоо Ираны Засгийн газар гэрээг хангалттай хэрэгжүүлж байгаа гэж үзээд АНУ-ын хоригийн эсрэг байр суурьтай байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Энэ хориг бол Вашингтоны зүгээс Иранд авч хэрэгжүүлсэн хамгийн хатуу хориг арга хэмжээ байх болно. Зорилго нь терроризмыг санхүүжүүлэгч хамгийн том улсыг зогсоох. Бидний авч хэрэгжүүлж байгаа хориг арга хэмжээнүүд хэдийн үр нөлөөгөө өгөөд эхэлсэн. Ираны газрын тосны экспорт сая гаруй баррелиар буураад байна. Энэ тоо цаашид ч нэмэгдэх болно” гэж мэдэгдэв.

Харин Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани үндэсний төв телевизээрээ дамжуулан “Манай улс дайны нөхцөл байдалд шилжлээ. АНУ-ын эсрэг эдийн засгийн дайны нөхцөл байдал үүсч байна. Бидний дайсан маш дээрэлхүү хүмүүс. Эдийн засгийн дайнд ялахын төлөө бат зогсох болно. АНУ-ын энэхүү хоригийг үл харгалзан газрын тосоо экспортлосоор байна” хэмээн мэдэгджээ.

Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Зариф “Бидэнд газрын тосоо худалдах  маш олон арга зам бий. Бид газрын тосны худалдаагаа ямар ч тохиолдолд үргэлжлүүлсээр байх болно. Үхлээ хүлээгээд хэвтэхийг тэвчихгүй. Нээлттэйгээр худалдахыг зөвшөөрөхгүй байгаа бол шаардлагатай тохиолдолд бусад арга замыг ч сонгож болно” хэмээн мэдэгдсэн нь шаардлага гарвал газрын тосыг хар зах дээр худалдана гэсэн сануулга байв.

АНУ БОЛОН ИРАНЫ ТҮҮХЭН ДЭХ “ХАР ӨДРҮҮД”

АНУ болон Иран улсуудын бие биеийнхээ эсрэг чиглэсэн бүх шийдвэр, дайралтууд “арван нэгдүгээр сарын 5”-ны өдөр тохиодог байсан нь сонирхолтой. Учир нь 1979 оны арваннэгдүгээр сарын 5ны өдөр Иранд АНУ-ын Элчин сайдын яам байгуулагдсан бөгөөд уурлаж бухимдсан Иранчууд АНУ-ын Элчин сайдын яамны өмнө төрийн далбааг нь шатаасан байна. Иранчууд энэ өдрийг “Хар өдөр” хэмээн нэрлэдэг гэнэ.

1980 оны арваннэгдүгээр сарын 5. Ираны дунд сургуулийн хүүхдүүд АНУ-ын төрийн далбааг урав.

1981 оны арваннэгдүгээр сарын 5. Ираны хэт шашны үзэлтэй гэгддэг “Махир” охидын сургуулийн сурагчид АНУ-ын төрийн далбаа дээр гишгэлэв.

1982 оны арваннэгдүгээр сарын 5. Ираны залуусын котолин гудамжинд АНУ-аас сэрэмжлүүлсэн “Ар талаа сайн хар, ард чинь Америк зогсч байна”гэсэн утгатай үгсийг бичжээ.

1989 оны арваннэгдүгээр сарын 5. Ираны хэсэг залуус АНУ-ын Элчин сайдын яамыг хаахыг хүсч гурван хоногийн турш өлсгөлөн зарлав.

1999 оны арваннэгдүгээр сарын 5. Ираны худалдааны төвүүдээр АНУ-ын төрийн далбааг газарт дэвсжээ.

2009 оны арваннэгдүгээр сарын 5. АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама Иран-АНУ хоёр улс нэг шугамд явах учиртай гэж мэдэгдэл гаргаснаас болж, түүний зургийг цовдолжээ.

2018 оны 11 дүгээр сарын 5. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн үед цуцлаад байсан Ираны эсрэг бүх хоригийг дахин сэргээж хэрэгжүүлж эхлэв. Үүнийг эсэргүүцсэн Ираны иргэд хуучин АНУ-ын Элчин сайдын яамны өмнө 100 ам.долларын дэвсгэртийн зургийг томоор хэвлэн дэвсэж дээр нь Дональд Трампыг дүрсэлсэн мануухайг байрлуулсан байна. Удалгүй Дональд Трампын мануухайг шатааж эхлэв. Түүний хажууханд АНУ-ын мөнгөн тэмдэгтийг мөн шатааж, 100 ам.долларын дэвсгэртийн зураг бүхий хулдаасан хэвлэл дээр гишгэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж