"Эрэгтэй захирлууд хүссэнээр нь байхгүй бол асуудал үүсгэнэ"

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

"Эрэгтэй захирлууд хүссэнээр нь байхгүй бол асуудал үүсгэнэ"

Ажлын байр бүр айдасгүй, дарамтгүй, аюулгүй байх ёстой

Хүний амьдралд хэд хэдэн суурь хэрэгцээ байдаг. Түүний нэг нь ажил хөдөлмөр эрхлэх. Нийгэмд хүн шиг амьдрахын тулд өөрийн хүссэн, хийж чадах мэргэжлээ эзэмшиж, түүнийхээ дагуу ажил хөдөлмөр эрхэлдэг. Ажил хийж, цалин авч, хүн өөрийн гэсэн санхүүгийн баталгаатай болно. Ажлын байр гэдэг идэвхтэй амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлдэг чухал газар. Амжилттай, үр бүтээлтэй ажиллахад ажлын байрны орчин, хамт олны уур амьсгал чухал нөлөөтэй гэдгийг хэн хүнгүй л мэддэг. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд ажлын байрны дарамт, тэр дундаа бэлгийн дарамт ихсэж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх болжээ.

“Эгч маань нас бараад удалгүй бас хадам ахын биеийн байдал муудаад эрхлэгчдээ хэлж чөлөө авч асарсан. Удалгүй нөгөө хүн маань нас бараад ажил явдлыг нь өнгөрөөчхөөд ажилдаа очиход ажлаас халсан байсан” талаар  “Хөдөлмөрлөх эрхийн зарим  асуудал 2017” сэдэвт  судалгаанд  дурджээ. Судалгаанд хамрагдсан нийслэл болон орон нутаг дахь 78 аж ахуй нэгж байгууллагын 1577 хүний ихэнхэд ажлын байрны дарамт,  нас хүйс зэргээр ялгаварлан гадуурхалт их байгааг харуулжээ.

“Ажлын байран дахь дарамт” гэдэг нь хэн нэгэнд ажил олгогч, дээд шатны албан тушаалтан /менежер/ хувь хүн болон бүлэг хүмүүс хэл ам, бие махбод, нийгмийн болон сэтгэлзүйн дарамт учруулахыг хэлдэгАжлын байран дахь дарамт ямар хэлбэрээр илэрч байгааг тодруулахад судалгаанд оролцогчдын 12.2 хувь нь хийсэн ажлыг үндэслэлгүйгээр шүүмжилдэг, 11 хувь нь хэл амаар доромжилдог, 9.6 хувь нь албан бусаар илүү цагаар ажиллуулдаг, 7.3 хувь нь ажлын байрны тодорхойлолтод зааснаас өөр ажил  гүйцэтгэдэг гэжээ. Салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээний салбарын оролцогчид хийсэн ажлыг үндэслэлгүйгээр шүүмжлэх, загнах, хэл үгээр доромжлох, хараах зэрэг тохиолдол их гардаг бол бусад салбарын оролцогчид албан бусаар илүү цагаар ажиллуулдаг  гэжээ.

Тухайлбал, ажлын  байрны тодорхойлолтод зааснаас өөр ажил хийлгэх нь энгийн үзэгдэл гэнэ.

  • “Би камер хянагч ажилтай боловч дэлгүүрийн гадна, дотно цэвэрлэгээ талбайн цас цэвэрлэхээс авхуулаад бараа зөөх, буулгах зэрэг ажил хийдэг. Цас цэвэрлээд гадаа ажил хийж байх хооронд дотор бараанаас дутчихвал харсангүй, хянасангүй гэж загнана. Та намайг цас цэвэрлэ гэсэн шүү дээ” гэхэд “Би чамаар гэрийнхээ ажлыг хийлгээгүй дэлгүүрийн л ажил хийлгэсэн” гэдэг. Бараа дутахад  надад адилхан төлбөр тавьдаг”
  • “Манай нэг ажилтны ах нь нас бараад хүн бүл муутай учир чөлөө авъя гэхэд “Чиний төрсөн эцэг  эх чинь биш” гээд чөлөө өгөөгүй тохиолдол гарсан. Хэрвээ явбал тэр чигээрээ яваарай гэж дарамталдаг. Энэ мэт асуудал  их гардаг”

"ЭРЭГТЭЙ ЗАХИРЛУУД ХҮССЭНЭЭР НЬ БАЙХГҮЙ БОЛ ЯНЗ БҮРИЙН АСУУДАЛ ҮҮСГЭНЭ"

Ажлын байрны ялгаварлан гадуурхалтын хэлбэрүүдээс насаар ялгаварлан гадуурхах явдал түлхүү илэрчээ. Судалгаагаар ажлын байрны бэлгийн дарамт далд хэлбэртэй оршин байх магадлалтай гэж үзсэн байна. Энэ нь  ажилтантай хийсэн ганцаарчилсан болон экспертийн ярилцлагаар илэрсэн аж.

  • “Зочид буудлын үйлчлэгч ресейпшин, гайгүйхэн  царай төрхтэй өрөөний үйлчлэгч нар хэцүүхэн байдалд байдаг. Эрэгтэй захирлууд хүссэнээр нь байхгүй бол янз бүрийн асуудал үүсгэнэ. Түүний зэрэгцээ эмэгтэй захирлууд эсвэл захирлын эхнэрүүд чи манай нөхөртэй ямар нэгэн холбоотой биш биз гэх мэтээр  дарамталдаг”

Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хохирогч амиа алдах, эрүүл мэнд, сэтгэл санаагаар мөн эдийн засгаар хохирох, ажлын байргүй болох, гэр бүл, хамт олон нь буруутгах, оршин суугаа орон нутагтаа ч нэр хүндгүй болох зэрэг олон эрсдэлийг үүрч байдаг байна. Мөн нийгмийн хандлага хохирогчийг буруутгадаг байдал зонхилж байгаа нь энэ талаар иргэдийн ойлголт, мэдээлэл хангалтгүй мөн жендэрийн тогтсон хэвшмэл ойлголтууд ч нөлөөтэй байгааг гэдгийг судалгаанд дурджээ. Ер нь ажлын байрны бэлгийн дарамт бүх шатны байгууллага, хувийн хэвшилд байгаа бөгөөд тэр дундаа олон эрчүүдтэй ажилладаг эмэгтэйчүүдэд илүү тохиолддог гэнэ. Мөн боловсролын орчинд эмэгтэй оюутан сурагчид ч эрэгтэй багш нарын бэлгийн дарамтад өртөж, жирэмсэлсэн тохиолдол цөөнгүй байгаа нь судалгаагаар гарчээ.

Хөдөлмөрийн хяналтын байцаагчидтай ажлын байран дахь дарамт шахалт, ялгаварлан гадуурхалттай холбоотой асуудлаар 2003-2004 онд хяналт шалгалтыг Улаанбаатар хотын 150 гаруй зочид буудалд шалгалт хийсэн байна. Тухайн үед зочид буудал хариуцсан байцаагч, эрүүл ахуйн  байцаагч, хөдөлмөрийн хяналтын байцаагчид явж шалгалт хийж байхад ажлын байрны бэлгийн дарамттай таарч байжээ. Бүр гэрт нь хариулахгүй тэндээ хонуулдаг. Ажлын байраа гэр орон шиг болгочихсон. Янз бүрийн асуудал гарвал чи миний гэрт амьдарсан. Чамаас би тийм юм авна, ийм юм гаргуулна цахилгааны төлбөр авна гэх зэргээр дарамталж эрхшээлдээ байлгадаг тохиолдол илэрсэн байна. ХЭҮК-т жил дунджаар 600-710 гомдол хүлээн авч шийдвэрлэгддэг гэнэ. Сүүлийн гурван жилийн байдлаар ажлын байрны бэлгийн дарамтын асуудлаар нийт 21  гомдол хүлээн авч шийдвэрлэжээ.

Хүн бүр ээжтэй, эхнэртэй, эгчтэй, охин дүүтэй, охинтой, ач охинтой учраас мөн хүн бүр нийгмийн аль нэг салбарт ажил, хөдөлмөр эрхлэх эрхтэй учир ажил, ажлын байр бүр айдасгүй, дарамтгүй, аюулгүй байх ёстой. Эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх.

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж