Монголын нийгэмд засч залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үг энэ буланд байх юм.
Ж.Дэлгэрсайхан
Эдийн засагч
“Алдагдалтай төсөв батлах шаардлага бий юү гэвэл үгүй. Өр үүсгэж байгаа гол сурвалж бол төсвийн алдагдал. Манайхан төсвөө зөв төлөвлөж чаддаггүй. Орлого нь төлөвлөснөөсөө их хэмжээгээр дутдаг, тэр хэмжээгээр алдагдал нь нэмэгддэг. Төсвийн бодлого тэр чигтээ муу гэж би хэлнэ. Төлөвлөлт, хэрэгжилт нь муу. Төсвийн нийгэм, эдийн засгийн үр ашиг гэж алга. Тиймээс төсвийн шинэчлэлийг даруй хийх шаардлагатай. Нийгэм, эдийн засгийн үр ашиг байхгүй юм бол төсвийг өндөр хэмжээгээр тэлж, алдагдалтай батлах хэрэггүй. Төсвөө аль болох алдагдалгүй баталж, эдийн засагтаа дарамт үүсгэх хэрэгтэй юм биш үү. Төсвийн онолын хүрээнд алдагдалтай байхыг зөвшөөрсөн хандлага байдаг. Гэхдээ зөв засаглалтай байгаад, алдагдал нь нийгэм, эдийн засгийн өндөр үр ашиг авчрах тохиолдолд ингэхийг зөвшөөрдөг юм. Бид зөв засаглалтай байж, өндөр үр ашиг хүртэхийн төлөө төсвөө алдагдалтай баталж байна уу гэвэл асуудалтай. Сүүлийн жилүүдийн төсвийн тэлэлт иргэдийн амьжиргаа, нийгмийн эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, аюулгүй амьдрах орчныг сайжруулсан уу гээд асуухаар эргэлзээтэй. Бид төсвийн бодлогоо маш хурдан засах ёстой. Ингэхгүй бол нийгэм, эдийн засагтаа тус биш, ус болох нь гэсэн өнцгөөс харах цаг болсон.”
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Ч.Улаан
УИХ-ын гишүүн
“Сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой. Дээрээс нь Сонгуулийн хуулийн гажуудал эдийн засагт маш том дарамт болж байна. Жижиг тойргууд Монгол Улсын нэгдмэл байх зарчмыг сулруулж байна. Гишүүн бүр тойрог руугаа юм чангааж байна. Тэрийг Байнгын хороон дарга их зөвтгөж, тойрогт очихоор ингэдэг шүү дээ гэж ихэд эвлэрэнгүй хандаж байна билээ. Сонгуулийн хуулийн гажуу тогтолцоон дээр төрийн бодлого тодорхойлсон нь буруу байгаа юм. Монгол Улсад олон мандаттай томсгосон пропорциональ систем илүү зохино. Сонгогч өөрөө шууд гишүүнээ сонгосон энэ тохиолдолд Үндсэн хуулийн зөрчил байхгүй. Хамгийн том ач холбогдол нь Монгол Улс нэгдмэл улс гэдэг тэр концепцтой илүү нийцнэ. Бүгд Монгол Улсынхаа төлөө санаа зовно. Жалга довны үзэл байхгүй болно. Төсвийн зарцуулалтыг том бодлогоор авч үзнэ. Хамгийн том дэвшил нь өнгө мөнгөний нөлөө орж ирэх боломж байхгүй болно. 76 жижиг тойрогт өнгө мөнгөний нөлөө дээд зэргээр орох боломжтой. Мөн гаднынхан тодорхой зорилгоор мөнгө гаргах юм бол УИХ-ыг бүрдүүлэх бүрэн бололцоотой. Монгол Улсын нэгдмэл байдал алдагдаад байгаагийн шалтгаан нь жижиг тойргууд байгаа учраас хоорондоо толхилцоод улсаа хөгжүүлэхгүй байна.”
Эх сурвалж: news.mn
Холбоотой мэдээ