Оросын “Русал” компанийн Захирлуудын зөвлөл компанийнхаа бүртгэлийг Жерси арлаас татаж ОХУ-д олон улсын компани гэсэн статусаар бүртгүүлэх шийдвэр гаргасныг Хонконгийн Хөрөнгийн бирж мэдээлсэн байна.
АНУ-аас ОХУ-д тавьсан хоригт нэр нь орсон “Русал” компанийнхаа эрх зүйн орчноо өөрчилж, ОХУ-ын засаг захиргааны аль нэг нэгжид бүртгэлээ шилжүүлэхээр ажиллаж байсан юм.
Хонконгийн Хөрөнгийн биржийн мэдэгдэлд дурдсанаар “Удаан, нухацтай бодсоны эцэст бүртгэлээ Орос руу шилжүүлэх нь компанийн болоод хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт нийцнэ гэж үзлээ” гэжээ.
“Русал” буюу United Company Rusal Plc (UC Rusal) компани нь дэлхийн томоохон оффшор бүсийн нэг болох Жерси аралд бүртгэлтэй юм.
Энэ оны зургадугаар сарын эхээр Оросын Засгийн газраас “Русал” компани нь шинээр бий болж байгаа Оросын оффшор бүсэд бүртгүүлж болно хэмээн мэдээлсэн. ОХУ-ын Засгийн газар Калининград мужийн Октябрьский арал болон Владивостокийн Русский арлыг оффшор бүс болгож байгаа юм.
АНУ-ын зүгээс энэ оны дөрөвдүгээр сард Оросын эсрэг тавьсан хоригт хамрагдах компани болон хуулийн этгээдийн жагсаалтыг тэлэхэд En+ Group, "Группа ГАЗ", "Базовый элемент", "Русал" компаниуд багтсан.
En+ Group-ийн Захирлуудын зөвлөл өнгөрсөн Пүрэв гаригт /2018.11.01/ хуралдаж, En+ Holding Limited охин компаниа Киприйн бүртгэлээс хасч Оросын оффшор бүс рүү шилжүүлэх шийдвэрийг мөн гаргажээ.
“Русал” нь дэлхийн хөнгөн цагаан олборлолтын 7 хувийг дангаар гүйцэтгэдэг.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ