Саудын Арабын сэтгүүлчийн аллага, түүний эдийн засгийн нөлөө

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

Саудын Арабын сэтгүүлчийн аллага, түүний эдийн засгийн нөлөө

Саудын Арабын сэтгүүлчийн аллага, түүний эдийн засгийн нөлөө

Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын консулын газарт арвандугаар сарын 2-ны өдөр амиа алдсан сэтгүүлч Жамаль Хашоггигийн хэрэг мөрдлөгийн явц үргэлжилж байгаа боловч түүнийг хэн, ямар зорилгоор хөнөөсөн, цогцос нь хаана байгаа зэрэг анхаарал татсан асуултуудын хариулт өнөөг хүртэл олдоогүй байгаа билээ. Харин сэтгүүлчийн аллагад Саудын Араб хамаатай болох нь хэд хэдэн баримтаар нотлогдоод байгаа юм.

АНУ-ын улсын зүгээс Саудын Арабыг “шийтгэнэ”, “хариуцлага тооцно” гэх мэтээр мэдэгдсэн ч хориг арга хэмжээ тавих эсэх тухай мэдээллийг одоогоор өгөөгүй байна. Учир нь АНУ, Саудын Араб нь эдийн засаг, худалдааны гүн гүнзгий хэлхээ, холбоотой тул хориг арга хэмжээ тавивал хэн хэнд нь хүнд тусах нь тодорхой. Саудын Арабын Эрчим хүчний сайд Халид ал-Фатихын хэлснээр, гадаадын компаниудтай байгуулсан нийт 56 тэрбум ам.долларын өртөг бүхий 25 орчим гэрээ хэлэлцээрийн ихэнх нь АНУ-ын компаниудтай байгуулагдсан юм. Гэхдээ уг хөрөнгө оруулалтын 34 тэрбум ам.доллар нь төрийн өмчит газрын тосны “Арамко” компани руу хийгдэх юм.

Харин хэрэг дээрээ сэтгүүлчийн үхэл хэдийн Саудын Арабын Хаант улсын эдийн засагт нөлөөлж эхлээд байна. Учир нь томоохон хөрөнгө оруулагчид уг хэрэгтэй холбоотойгоор аль хэдийн Саудын Арабаас хөрөнгө оруулалтаа татаж, хөрөнгө оруулагчдын  уулзалт зэрэгт очихоос татгалзаж эхлээд байгаа юм. Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар, энэ нь сэтгүүлчийн аллагын хэргээс үүдэлтэйгээр хаант улсын эдийн засагт учрах хохирлын зөвхөн эхлэл гэжээ.

Герман улсын зүгээс сэтгүүлчийн аллагын хэрэг шийдэгдтэл Саудын Арабтай зэвсгийн наймаа хийхгүй гэдгээ зарласан бол Францын зүгээс хориг арга хэмжээ тавих нь тэдний хувьд боломжтой зүйл гэдгээ зарлаад байгаа юм.

Англид төвтэй “Capital Economics” санхүүгийн зөвлөгөөний байгууллагын эдийн засагч Жэсон Тювэй, “Хашоггийн хэрэг болон Саудын Арабын асуудалд хандах “хандлага” нь улс орны урт хугацааны эдийн засгийн хөгжилд тушаа болох төдийгүй, улс төрийн энэхүү шок нь нэг хэсэгтээ л арилахгүй” хэмээн бичжээ.

MSCI байгууллагын дүгнэж байснаар, “өсөн хөгжиж буй” Саудын Арабын хөрөнгийн зах зээл нь өнгөрсөн долоо хоногийн байдлаар 2014 оноос хойш байгаагүй их уналтад орсон байна.

Саудын Арабын этгээдүүд сэтгүүлчийн аллагын хэрэгтэй холбоотой болох нь тодорхой болсон боловч тэд “хэний” тушаалаар хөдөлсөн болох нь одоогоор нотлогдоогүй байгаа юм. Харин Саудын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман тус хэрэгт холбоотой нь нотлогдвол АНУ-ын зүгээс хориг арга хэмжээ авахаас өөр аргагүй болж магадгүй. Учир нь түүний үхэл нь улс төрийн ээдрээтэй асуудал гэхээсээ гадна “хүний эрх”-ийн ноцтой зөрчлийн тов тодорхой жишээ болоод байгаа юм.

Угсаа залгамжлах хунтайжийн хийж бүтээсэн ажил нь дан ганц эмэгтэйчүүдэд машин барих эрхийг олгосноос гадна газрын тосноос хэт хамааралтай эдийн засгаа солонгоруулахын тулд хэд хэдэн төсөлт ажлуудыг санаачилсан явдал байв.

Тэрбээр өнгөрсөн жил “Vision 2030” хэмээх нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн томоохон хөтөлбөрийг боловсруулаад байсан билээ. Хөтөлбөрийн гол зорилго нь бүтээмжийн өсөлтийг нэмэгдүүлж, газрын тосноос хамааралтай эдийн засгийн нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татах явдал байв. Ялангуяа бизнес, технологийн салбарт хөрөнгө оруулалтыг ихээр татаж, залуучуудад зориулсан 500 тэрбум ам.долларын өртөгтэй шинэ хотыг барих төлөвлөгөө уг төсөлд багтсан юм. Харин сэтгүүлчийн аллагатай холбоотойгоор нийгмийн хариуцлагыг эрхэмлэгч гэгддэг технологийн компаниуд хөрөнгө оруулалтаа хойшлуулах, яваандаа цуцлах хандлагатай байгаа юм.

Газрын тосноос бусад салбарт хөрөнгө оруулалтаа ийн алдах нь “Vision 2030” хөтөлбөрт тусгагдсан ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгод нь саад учруулах нь мэдээж юм. Одоогийн байдлаар хүн амын 70 хувийг эзэлдэг Саудын Арабын 30-аас доош насны залуус ажлын байрны хомсдолд орсон байдалтай байгаа. Төрийн өмчит “Aramco” хэмээх газрын тосны томоохон компанийн үйл ажиллагаа нь урагштай байгаа боловч хангалттай тооны, олон төрлийн ажлын байрыг бий болгож чадахгүй байна.

2017 оны Ливан-Саудын Арабын зөрчил, олон зуун бизнесмен, ханхүү нарыг хорьж цагдсан, Йеменд явуулж байгаа дайн болоод Катар, Герман, Канад улсуудтай зөрчилдсөн зэрэг нь аль хэдийн Саудын Арабын дүр төрхийг олон улсын тавцанд муутгаад байсан билээ. Мөн сэтгүүлчийн аллага нь нэг ёсондоо гал дээр тос нэмсэн хэрэг болжээ. Учир нь аллагын хэрэгт сэжиглэгдсэн этгээдүүд нь Саудын хунтайж Мухаммед бин Салманы ойрын хүрээллийн хүмүүс байсан юм.

Тиймээс Саудын Арабын сэтгүүлч, Вашингтон пост сонины нийтлэгч асан Жамаль Хашоггийн аллага нь улс төрийн төдийгүй “эдийн засгийн” томоохон хямрал болоод байгаа бөгөөд үр дагавар нь урт хугацаандаа Саудын Арабд улам ч хөнөөлтэй тусах төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: New York Times, CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж