Францаас тусгаар тогтнохын төлөөх санал хураалтын дүн гарлаа

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

Францаас тусгаар тогтнохын төлөөх санал хураалтын дүн гарлаа

Францаас тусгаар тогтнохын төлөөх санал хураалтын дүн гарлаа

Францын Номхон далай дахь муж болох Шинэ Каледонид өчигдөр /2018.11.04/ тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн сонгууль болж өндөрлөлөө. Санал хураалтын дүнгээс үзэхэд сонгогчдын олонх нь Францын бүрэлдэхүүнд байхыг илүүд үзжээ.

Санал хураалтын ирц 81 хувьтай байснаас 56,4 хувь нь Францын бүрэлдэхүүнд байхыг дэмжиж, 43,6 хувь нь эсэргүүцсэн санал өгсөн байна. Санал хураалтын дараа Францын ерөнхийлөгч Макрон телевизээр хийсэн мэдэгдэлдээ, “Та бүхнийг энэхүү түүхэн алхмыг хийсэнд баяртай байна” хэмээн хэлжээ.

Санал хураалт хэвийн, тайван нөхцөлд явагдаж дууссан ч дүн гарсны дараа уурлаж, бухимдан эсэргүүцлээ илэрхийлэх хүмүүс ч байсан юм. Тухайлбал, нийслэл Нумеа хотод машин, дэлгүүр шатсан хэрэг гарсан бөгөөд эсэргүүцэгчдийн хөдөлгөөнийг хязгаарлахын тулд зарим зам, гудамжуудад хөл хорио тогтоожээ.

Номхон далайд Фижи, Тонга улсуудын урд хэсэгт байрладаг Шинэ Каледони нь цахилгаан барааны үндсэн түүхий эд болох никелийн асар их нөөцтэй учраас Францын хувьд стратегийн болон эдийн засгийн чухал бүс нутаг юм. Шинэ Каледони нь 1853 онд Францын колони болсон байна. Харин 1980-аад онд Францын цэргийн хүчин болон нутгийн уугуул иргэдийн хооронд хүчтэй мөргөлдөөн болж байжээ. Тус газар нутагт гарч байсан тусгаар тогтнолын төлөөх цус урсгасан ширүүн тэмцлийг зогсоохын тулд Францын засгийн газар нутгийн уугуул иргэдтэй 1988 онд бүх нийтийн санал хураалтыг 2022 он хүртэл хоёр удаа явуулахаар амлан, гэрээ байгуулсан аж.

НҮБ-ын зүгээс колончлолыг задлах ажил хийгдэж байхад 17 газар нутгийг “колони” буюу “өөртөө засах газар нутаг” хэвээр үлдээсний нэг нь Францын Шинэ Каледони юм. Шинэ Каледонийн нийт хүн амын 39,1 хувийг нутгийн уугуул иргэд болох “Канак” үндэстэн бүрдүүлдэг. Харин үлдсэн хүн амын хувьд тусгаар тогтнолыг нь эсэргүүцсээр ирсэн байна.

Шинэ Каледони нь Францын засгийн газраас жил бүр 1,5 тэрбум ам.долларыг төсөв болгон авдаг аж. Түүнчлэн тус бүс нутгаас Францын парламентад хоёр депутат, хоёр сенатор суудаг байна.

Хамгийн сүүлд Джибоути 1977 онд болон 1980 онд Вануату улсууд Францаас тусгаар тогтносон байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж