АНУ-ыг зорьж буй Төв Америкийн дүрвэгчдийн эхний давалгаа ням гаригт /2018.11.04/ Мексикийн Мехико хотод иржээ. Хүчирхийлэл, ядууралд автсан эх орноосоо зугтсан 1000 гаруй дүрвэгчид Мехико хотын цэнгэлдэхэд толгой хоргодож байна. Орон нутгийн захиргаанаас тэдэнд хоол хүнс, эмнэлгийн тусламж үзүүлж байгаа аж. Эх орноосоо гараад дөрвөн долоо хоногийн дараа ийнхүү Мехикод ирсэн байна. АНУ-руу ороход тэдэнд 800 орчим километр зай үлджээ.
Арван нэгдүгээр сарын 6-нд болох конгрессын сонгуульд сөргөөр нөлөөлөхөөс болгоомжилж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Мексикийн хил рүү хэдэн мянган цэргээ илгээгээд байгаа билээ. Шаардлага гарвал 15 мянга хүртэл цэргээ илгээхэд бэлэн гэдгээ тэрбээр мэдэгдсэн. Цэргүүд Мексикийн хилийн дагуу өргөстэй торон хашаа хийх ажилд яаравчлан ороод байна.
Мөн АНУ-ын засгийн газраас Мексикийн засгийн газарт дүрвэгсдийг АНУ-руу оруулалгүй тогтоон барих даалгавар өгөөд байгаа юм. Үүний дагуу Мексикийн ерөнхийлөгч Энрикү Пена Нието хэрвээ дүрвэгсэд албан ёсоор орогнол хүсвэл тэдэнд түр паспорт болон ажлын байраар хангах шийдвэрийг гаргаад байна. Гэхдээ энэхүү шийдвэр нь Мексикийн өмнөд бүсийн Чиапас болон Оаксака мужид хамаарах гэнэ. Мексикийн засгийн газраас бямба гаригт хийсэн мэдэгдэлд 2800 орчим дүрвэгчид орогнох хүсэлт ирүүлээд байгаа гэжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ