Нийслэлийн Засаг дарга С.Батболд мэдэгдэл гаргажээ. Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МЭДЭГДЭЛ
Сүүлийн үед Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Сундуйн Батболд миний нэр хүндэд халдаж, олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан гүтгэн доромжлох явдал хэрээс хэтэрлээ.
Миний бие 1990 оноос ажил, хөдөлмөрийн гараагаа жирийн инженерээс эхэлж ,улс эх орон, ард түмний итгэлийг хүлээн, тэдний сонголт, томилолтоор төрийнхөө төлөө шат шатны албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн билээ.
Монгол Улсын хүн амын тэн хагас нь амьдарч байгаа Нийслэлийн Засаг даргаар 2016 оноос томилогдон хотоо хөгжүүлж, оршин суугчдынхаа ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бүхий л хүч чадал, боломж бололцоогоо дайчлан ажиллаж байна. Ийнхүү 30 шахам жил төр, нийслэл, ард иргэдийнхээ төлөө ажиллаж ирэхдээ шударга ёс, хууль дээдлэх зарчмыг баримталж, ашиг сонирхлын зөрчил, ёс бус зүйлд автахгүйгээр зүтгэж ирсэн билээ. Гэвч сүүлийн үед миний болон гэр бүлийн , ажил мэргэжлийн минь нэр төрд илтээр халдсан тэвчиж болшгүй зохион байгуулалтай гүтгэлэг хэрээс хэтэрч байгаатай холбогдуулан албан ёсоор мэдэгдэл хийхэд хүрч байна.
С.Батболд миний бие гурван сайхан хүүхдийнхээ эцэг, 30 жил ханилсан ханийнхаа халамжит хань, нэр төртэй эцэг, эхийнхээ хүү гэдгийг ах дүү, найз нөхөд, ажлын хамт олон төдийгүй сонгогч иргэд мэднэ. Хүн итгэхийн эцэсгүй, санаанд ч багтамгүй гүтгэлэг тарааж буй хүмүүсийг би үр хүүхэдтэй, хань ижилтэй, аав, ээжтэй нэгэн байх гэдэгт итгэж байна.Тэгээд ч тэдний удаа дараагийн гүтгэлэг, өдөөн хатгалагт ач холбогдол өгч байсангүй, гэтэл миний эсрэг үйлдлүүд улам өргөжиж, ажил, албатай минь холбон, хотоос хийж буй ажлуудыг харлуулах, нийгэмд гарч байгаа зайлшгүй шалгаж, тодруулах шаардлагатай мэдээллүүдийн эрчийг сулруулж, уг мэдээлэлд хандсан иргэд, уншигчдын анхаарлыг хотын Захирагч над уруу илтээр чиглүүлэх болсныг цааш тэвчих аргагүй боллоо. Энэ бүхний цаана улс төрийн зорилго агуулсан ганц нэг хүний зохион байгуулалттай ажиллагаа байна гэж үзэж байна.
Эдгээр хүмүүс зөвхөн С.Батболд миний төдийгүй, нэг сая 400 мянган оршин суугчтай нийслэл хотын удирдлага, нийслэлд ажиллаж байгаа мянга мянган төрийн албан хаагчдын хийж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, нийгэмд буруу ташаа ойлголт төрүүлэх хор уршгийг дагуулж байна.
Иймд миний бие энэхүү гүтгэлэг, доромжлол хэрээс хэтэрч байгаатай холбогдуулан, илт зохион байгуулалттайгаар нийгмийг төөрөгдүүлэх , хувь хүний нэр төрд халдсан, гэр бүлийн минь нандин холбоо руу илтэд бүдүүлэг давшилж байгаа гүтгэлэгийн үйл ажиллагааг цахим орчинд зохион байгуулалтайгаар хийж буй гэм буруутай этгээдүүдийг олж тогтоолгон, нэр төрөө сэргээлгэхээр 2018 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр хууль, хяналтын байгууллагад хандсан болно. Миний энэхүү хүсэлтийг хууль, хяналтын байгууллага хуулийн хүрээнд шалгаж, үнэн мөнийг тогтоож, нийт ард иргэдэд бодит үнэнийг мэдээлнэ гэдэгт итгэж байна.Гүтгэлэгт хэмжээ, тэвчээрт хязгаар бий .
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД
Холбоотой мэдээ