"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК, "Арилжааны төлбөр тооцооны төв" ТӨХХК, үнэт цаасны компаниуд болон "Эрдэнэс таван толгой" ХК-тай хамтран Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудад “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр хөрөнгийн зах зээлийн суурь ойлголтууд, хувьцаа, бондын арилжаанд хэрхэн оролцох, хөрөнгийн зах зээлээс компаниуд санхүүжилт татах боломж зэрэг сэдвээр сургалт явуулснаас гадна "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, иргэдэд олгосон хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, 1991 оны хөрөнгө оруулалтын эрхийн бичигтэй /ягаан цэнхэр тасалбар/ холбоотой дансны мэдээллийг шүүх, ногдол ашгийн мэдээллийг өгөх, арилжааны данс нээх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зэргээр нийт 5,000 гаруй иргэдэд нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүллээ.
Нээлттэй өдөрлөг арга хэмжээг орон нутгийн иргэд талархалтайгаар хүлээн авч үйлчлүүлсэн бөгөөд оролцогч байгууллагууд хамтран цаашид бусад аймгуудад уг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ