Монголчууд бид хөх морин жилийн билэгт сайн өдөр наран мандах өмнийн цэнхэр говьд Их эзэн Богд Чингис хааны удам, хөх толбот гурван сая дахь иргэнээ өлгийдөн авч, Ардчилсан намаас дэвшүүлсэн “Олуулаа” болох мөрийн хөтөлбөр биелэлээ оллоо. Гурван сая дахь иргэнээр охин үр заяасан нь монголчууд бид улам олуулаа болохын ерөөлтэй гэж настан буурлууд билэгшээж байна. Ардчилсан Ерөнхийлөгч маань гурван сая дахь иргэнээ төрийнхөө их цагаан сүлдэнд даатгаж, дуудах нэрийг нь Монголжин хэмээн айлдлаа. Монгол Улсын гурван сая дахь иргэн түүний чацуутнууд болон үрийн зулай үнэрлэсэн ээж, аавууддаа баяр хүргэж, Ардчилсан монгол эх орондоо аз жаргалтай амьдарч, буян заяа, хийморь сүлд нь үргэлж мандан бадарч байхын ерөөл өргөе.
Монголын үрс маш олон болтугай.
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД
Улаанбаатар хот
2015 оны 1-р сарын 28