Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг, Яргайтын ам орчимд намаржиж байсан найман айл руу баавгай халдаж, гэрийг нь түйвээжээ. Азаар хүн, мал бэртэж гэмтээгүй аж.
Баавгай өнгөрсөн аравдугаар сарын 21-нээс хойш малчдын хот руу дайрч, хэд хэдэн айлын гэр дээр гарч унь, тооныг нь эвдэж, амбаарт нь байсан аарц, тос, өөх, махыг нь идэх болжээ.
Иймээс тус аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газрын дарга П.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг гарч, ажиллаж эхэлжээ. Бид Дархан-Уул аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газрын дарга П.Энх-Амгалантай утсаар холбогдож энэ талаар тодруулахад “Баавгай айлын гэрүүд рүү дайрч, халдсан асуудлыг шалгаж байгаа, тодорхой шийдвэр гараагүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Мөн тус аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Батбаяр “Бидэнд тодорхой мэдээлэл байхгүй. Баавгай бол тусгай хамгаалалттай зэрлэг амьтан учраас агнах хориотой. Тиймээс Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга П.Энх-Амгалангийн хариуцсан ажлын хэсэг намаржаанд байсан айлууд руу дайрсан баавгайг хөвч рүүгээ явсан уу, үгүй юу гэдэгт тандалт судалгаа хийсэн юм билээ. Тухайн үед иргэдээс бидэнд энэ талаар мэдээлэл ирээгүй. Энэ асуудалд бидэнд мэдлэг байхгүй. Баавгай үргээдэг буу нь ч алга. Улаанбаатар хотоос энэ асуудалд ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм билээ” хэмээлээ. Харин цагдаагийн газраас мэдээлэл өгөхөөс татгалзав.
БОАЖЯ-ны захиалгаар Хонгор суманд очсон Амьтан хамгаалах сангийнхан уг баавгайг хоёр хоногийн турш хайж, мод торлогтой газруудад дрон тавьж үзсэн боловч олоогүй байгаа аж. Иймд баавгайг хөвч рүүгээ буцсан гэж үзэж байгаа юм байна.
Дээрх асуудалд Амьтан хамгаалах сангаас баавгайн идээшил нутагт нь айлууд түрж буусан, Хүйтэний голын эхэнд "Эрэл", "Морьт хангай", "Монзол" зэрэг алтны таван уурхай ажиллан экологи, зэрлэг амьтны суурьшил гүйдэлд нөлөөлсөн нь ийн сөрөг үр дагавар дагуулж эхэллээ гэж үзэж байна.
Холбоотой мэдээ