Яг москвачууд шиг дэмжье

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

Яг москвачууд шиг дэмжье

Улаанбаатар хот чөлөөтэй амьсгалах болно

Яг москвачууд шиг дэмжье

Москвагийн “мээр” байхдаа Юрий Лужковын засаг, захиргаанаас нийтийн эрх ашигт тустай олон сайн үйлийг хийсэн байдаг ч, алдарт Арбатыг эмх цэгцтэй болгосныг нь өнөө болтол москвачууд дурсан, онцлон талархсаар байдаг юм гэнэ билээ. Мань шийдэмгий захирагч Арбатын гудамжаар зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй битүү шаваастай баригдсан бүхий л өргөтгөлийг ямар ч найраагүйгээр албадан буулгахыг зохих нөхдүүдэд үүрэгдэж. Мэдээж маш их эсэргүүцэлтэй тулгарсан байна. Эсэргүүцэгчид нь голцуу улс төр, бизнесийн элит давхаргынхан байсан болохоор Ю.Лужковын албан тушаалдаа байх эсэхнь хөндөгдөж эхэлсэн байдаг. Харин нийслэлийн иргэд нь энэ үед хотынхоо захирагчийн гаргасан шийдвэр, хэрэгжүүлж эхэлсэн арга хэмжээг нь нэгэн дуугаар дэмжин, нэгдэн хүрээлсэн учраас эрх баригчид яаж ч чадсангүй. Тэд Москвагийн захирагчид “гар хүрч” зүрхэлсэнгүй. Орчин үеийн Оросын нийслэл эмх цэгцтэй, уужим гудамж талбайтай болсны учир энэ. Нийтийн эрх ашгийн өмнө ямар ч эрх мэдэл нугардаг байх нь. Тэгвэл яг үүнтэй адил арга хэмжээг Монголд эхлүүлж байгаатай холбоотойгоор хойд хөршийн дээрх жишээг зориуд дурдсан юм. Улаанбаатар хотын өнөөг хүртэлх түүхэнд ийм далайцтай басхүү нийтийн эрх ашигт тустай арга хэмжээг нэг их олон хэрэгжүүлж байгаагүй байх аа!

Жич: Нийслэл хотод хүн амьдрахад ямар их бэрхшээлтэй болсныг бид мэднэ. Үнэндээ өнөөдөр Улаанбаатарын гудамжинд инээмсэглэж яваа нэгнээ харвал гайхах буй за. Хот маань асар их бухимдалд автсан, хөмсгөө зангидсан, хэрүүл хараал болцгоосон хүмүүсээр дүүрэн, бохир заваан, хүн, машин тэрэг нь хөдлөх ч орон зайгүй болтлоо байшин барилгаар битүү шивээлэн бөглөрсөн нэг тийм хар ,бараан орчинтой болсон. Нэг хүнд хааш хаашаа нэг км талбай ногддог, энэ үзүүлэлтээрээ дэлхийд нэгд эрэмбэлэгддэг улсын иргэд уг нь бид байгаад байдаг. Гэтэл газар орон давчидсан мэт нас барагсдынхаа шарил дунд, арай дээр нэг нь үүднээсээ шууд жорлонтойгоо залгалдан амьдрах болтлоо орон зайн хязгаарлалтад орсон. Улаанбаатарын иргэд гудамжиндаа нэгэн цагт тав, арваараа эгнэн алхаж болдог байсан гэвэл өнөө үеийнхний нүд “бүлтэрч”, чих дэлдийж магад. Арга ч үгүй юм даа!Хотын төвийн хамгийн гол гудамжуудаар гэхэд л хоёр хүн шүргэлцэхгүйгээр зөрж гарна гэж байхгүй болсон энэ цагт тэрхүү уужим, саруул Улаанбаатар хэрхэн төсөөлөгдөх ч билээ. Энд нэгэн тоо дурдах нь зөв байх. Сүүлийн 40 жилд Улаанбаатар хотод барилга 40 дахин нэмэгдсэн ч, гудамж талбайг шинээр барьж байгуулах ажил энэ урт хугацаанд дөнгөж л 0,3 хувийн нэмэх үзүүлэлттэйгээр явж ирсэн байна л даа. Эндээс бид өнөөгийн Улаанбаатарын шигүү, түгжирсэн, амьсгалахад ч агаар орохооргүй шахам болсоор буйн гол шалтгааныг олж харж болох юм.

Өгүүлэх нь: Юуны өмнө нийслэл Улаанбаатар хотын захирагчид баяр хүргэе!Баяр хүргэх болсон хоёр гол шалтгааныг өгүүлэгчийн зүгээс лавтайяа хэлж чадах байна. Нэгд, мань С. Батболд нь өөрийн өмнөх хотын удирдлага болон баатар даргын санаачилсан ч, хэрэгжүүлж чадаагүй нийслэл хотын засаг, захиргааг хотын зах руу нүүлгэх ажлыг шийдвэрлэж чадлаа. Эдүгээ Яармагт засаг, захиргааны шинэ барилга баригдсан, урин цаг эхлэхээр нүүдэл хийх нь л үлдсэн болохоор ийн талархаж байна. Хоёрдугаарт, хот дотор иргэд зорчиход саад болсон барилга, байгууламж, хашаа хороо, агуулах, гараашуудыг албадан буулгаж, газар чөлөөлөх арга хэмжээг зоригтой хэрэгжүүлж эхэллээ. Улаанбаатарчуудад ч түүний энэ хэрэгжүүлж байгаа арга хэмжээ тун таалагдаж байгааг эргэн тойрноосоо авахуулаад сонсож болохоор байна. Нийтийн эрх ашигт жинхэнэ нийцсэн арга хэмжээ хүмүүст ямар ч сурталчилгаагүйгээр хүрдэг аж. Харин олны тусын төлөөх ийм ажилд ямагт тулгардаг шиг ямар нэгэн байдлаар улс төржүүлэн, саад тээг хийдэг асуудал хэн нэгний зүгээс битгий гараасай гэж найднам. “Туушинг туушиндлаа” л гэнэ. Яадгийн. Өнөөдөр тэрхүү явган хүний зам руу түрж орсон шатыг буулгаснаар хүн зорчиход ямар амар болчихоод байгаа билээ. Хотын өмнөх дарга нар яриад байдаг байсан хэдий ч, яг ингэж зориглож байгаагүй юм. Манайх шиг нийслэл хотдоо явган зорчигч нь зорчих замгүй болж хумигдсан хот гэж үгүй биз. Нэлээд улс оронд зорчиж байсан ч, би л лав хараагүй билээ. Мэдээж энд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хийгээд хамгийн үр ашигтай, эко тээвэр болсон унадаг дугуйгаар зорчиход зориулсан тусгай замын талаар дурдах ч хэрэггүй. Монголд , Улаанбаатарт лав үгүй болохоор тэр. Байдаг гэж маргах нэгэн байж болох ч, нүд хуурсан, юм хийсэн болж аргацаасан нь илт, магадгүй мөнгө “хусах” зорилгоор шинээр барьсан бус, хуучин зам дээрээ тэмдэглэгээ хийж, будгаар өнгөлсөн нэг, хоёрхон метр газрыг зам гэж тооцож лав болохгүй байх аа!

2018 оны есдүгээр сард эхэлсэн, явган хүн зорчих зам, талбайг нэмэх зорилготой, газар чөлөөлөх ажлын үр дүнд “Натур” худалдааны төв хавийн түгжрэл алга болсон. Нэгдүгээр төрөх эмнэлэг хавийн хөдөлгөөн ямар байлаа даа. Түүнчлэн “Ногоон нуур”орчим гээд эхнээсээ цэлийх боллоо. Одоогоор 11 байршилд нийт 22 хашаа, өргөтгөл, орц гарц, явган шатнуудыг буулгаад иргэд зорчих зам гарган чөлөөлсөн гэдгээ Нийслэлийн Газрын албаныхан мэдээллийн сайтдаа дурдсан байсан. Тэдний төлөвлөж байгаагаар цааш ажлаа үргэлжлүүлэн, энэ ондоо багтаан нийслэлийн хэмжээнд 96 байршил дахь 1841 нэгжийн 220 га талбайг чөлөөлнө гэж байна. Тэгээд Сэлбэ, Баянхошуунд автозам барихын тулд 807 нэгжийг хамарсан 363 га талбайг, сургууль, цэцэрлэг барихад 464 га,эмнэлэг, хорооны цогцолбор барьж байгуулахын тулд нийт 125 нэгжийн эзэмшиж буй талбайг нэн яаралтай чөлөөлөх шаардлагатай гэж байна. Хамгийн гол нь нийслэлийн иргэд энэ арга хэмжээг дэмжих хэрэгтэй юм. Яг москвачууд шиг. Тэд нэгэн дуугаар хотынхоо захирагчийн шийдвэрийг хамгаалан дэмжсэн шиг. Эс бөгөөс бидэнд л тустай, ирээдүй хойчид, томоор харвал Улаанбаатар хот маань “Азийн цагаан дагина” нэрээ эргүүлэн авч болох боломжийн төлөөх маш чухал энэ ажил эсэргүүцэлтэй тулж саатахаар байна. Магадгүй иргэдийн дэмжлэг дутвал бүр зогсож ч мэднэ. Түрүүчээсээ эсэргүүцэл хүчтэй болж байгаа юм байна. Миний бодлоор хүний өмчид Нийслэлийн Газрын албанаас дур мэдэн, хүч хэрэглэн халдаад байгаа явдал биш билээ. Хотын захирагчийн хэрэгжүүлж буй энэ арга хэмжээ нь зөвхөн газар чөлөөлөхдөө ч биш урьд урьдын газрын наймаанд оролцсон нөхдүүдэд том цохилт өгч байгаа явдал гэж харж байгаа. Албадан чөлөөлж буй ажиллагаа нь зөвхөн нийтийн эрх ашгийн эсрэг хууль, журам зөрчиж барьж байгуулсан объектуудад чиглэж байгааг бүгд ойлгож мэдэх учиртай. Түүнээс бус шууд л “туушиндаад” байгаа хэрэг биш юм билээ. Ингэхэд нийтээр дагаж мөрдөх ёстой хууль, журмыг хэн үл тоож, зөрчиж чаддаг билээ? Жирийн иргэд хэзээ ч ийм үйлдэл хийдэггүй. Харин ч хууль, журам сахьснаараа хохирч үлдэх нь олонтаа. Газар чөлөөлөх арга хэмжээ бол “Нийтийн эзэмшлийн газар, олон нийтийн эрх ашигт нөлөөлөхүйц, хот төлөвлөлтөд саад учруулахаар бол иргэн, хувь хүн, аж ахуйн нэгжийн газрыг албадан чөлөөлөх тухай хууль”-нд үндэслэн явагдаж байгаа ажиллагаа юм. Газраа чөлөөлүүлж байгаа нь дээрх хуулийг эсэргэцсэн болоод чөлөөлүүлж байгаа хэрэг. Тиймээс хуулийнхаа дагуу газар чөлөөлөх ажлын цар хүрээг улам өргөжүүлэх хэрэгтэй. Ингэх шаардлага бий.Бид цэлгэр орон зайд, чөлөөтэй амьсгалж, аюулгүй зорчиж, амар амгалан амьдрах эрхтэй биз дээ. Улаанбаатарчууд бүгд үүнийг л хүсэж байгаа. Тиймээс ч С.Батболдоор хаягласан “Нэг хот- нэг стандарт” бодлогыг нь улс төржихгүйгээр нийт олноороо дэмжих болсон байх. Сүүлийн үед эрх баригчдын хийж буй ажил ингэж олны таашаалд нийцэж, иргэд сэтгэл хангалуунаар дэмжиж байсныг санахгүй юм байна. Цааш I хорооллын явган хүний зам таглан барьсан обекътууд, Драгон төвийн орчим, ГССҮТ эмнэлэг орчмын гараашууд, СБД-ийн нэр бүхий 15 байршил дахь хууль зөрчиж баригдсан барилга, байгууламжуудыг нэн даруй буулган, чөлөөлөх хэрэгтэй юм. Тэр ч бүү хэл 1950-иад онд баригдсан эдүгээ 70 жил болж байгаа 40, 50 мянгатын орон сууцнуудаас ч салах цаг болсон. Зарим нэгний мэдэмхийрээд байгаа шиг нийслэлийн соёл иргэншил үүнээс болж устахгүй шүү дээ. Эс бөгөөс 20-30 жилийн дараачаас III, IV хороолол, Сансар хорооллын барилгуудыг ч бас нийслэлийн соёл иргэншил гэж үзэх болох нь. Ядаж 40-50 мянгатын байрнуудын аркуудыг таглаж барьсан бүх байгууламжуудаас нь чөлөөлөх хэрэгтэй санагдана. Тийм биш гэж үү! Өнөөдөр бид бүгдээрээ Улаанбаатартаа хайртай гэдэг. Нийслэл хотын маань өнөөгийн төрх байдлаас харин бидний тэр их хайр харагдахгүй байна.Үр хүүхдүүд маань гадаа гарч сэтгэл амар тоглодог байсан үе бол алга болсон. Харин бид эдүгээ хажуугаар өнгөрөх машинтай шүргэлцэн, түлхэлцэн, зам булаалдан амьдрах болж дээ. Цаашид энэ хэвээрээ байх ахул нийслэлд хүн бүү хэл, өт хорхой ч мөлхөх зайгүй болох дог. Тиймээс улаанбаатарчууд минь битүүрч буй нийслэлдээ ядаж амьсгалах гарц гаргацгаая! Хөдөлгөөнд бөглөөс, таглаас болсон бүхний гзоригтойгоор чөлөөлөх цаг болсон биш үү! Хотын удирдлага үүний төлөө хөдөлсөн байна. Харин та бид дэмжих л үлдлээ.

ДАВААДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж