“Үл  үзэгдэгч гар миний халааснаас таван сая төгрөг авсан”

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

“Үл  үзэгдэгч гар миний халааснаас таван сая төгрөг авсан”

Монголбанкны  баруун талд ханш  уналтын талаар хувираа бизнес эрхлэгч Б.Түвшинбат  өнөөдөр /2018.11.05/ мэдээлэл хийлээ. Тэрбээр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд хандан төгрөгийн тогтвортой байдлыг хангаж ажиллахыг  шаардсан шаардлага бичиг хүргүүлэх гэж байгаа аж. Учир нь түүнийг хоёр жилийн өмнө Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдох үед ам.долларын  нөөц байхгүй байжээ. Харин өнөөдөр гурван  тэрбум ам.долларын нөөцтэй   болсон. Тэгсэн атал ам.долларын ханш өссөн. Зах зээлийн дүрмээрээ бол бараа бүтээгдэхүүн элбэгших тусам үнэ нь буурдаг тогтолцоотой. Монголбанкны хуульд төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино гэж заасан байдаг мөртлөө бодит байдал эсрэгээрээ байна гэж Б.Түвшинбат ярьж байлаа.  Түүний хувьд иргэдэд төгрөгийн ханш уналтыг ойлгомжтой харуулахын тулд самбар хүртэл бэлдүүлжээ. Самбарыг  бүтэн өдөр Монголбанкны  замын баруун талд байлгах гэнэ. Энэ  үеэр  түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

Таныг өнөөдөр эсэргүүцлээ илэрхийлэн энд ирэх хүртэл юу нөлөөлөв?

-Өнгөрсөн  есдүгээр сард  багш нарын ажил хаялт болсон. Тэгэхэд ханш харьцангуй гайгүй  тогтвортой байсан.  Манайх гадаад худалдаа эрхэлдэг компани байгаа юм. Тухайн үед  гадагшаа  500 мянган юань шилжүүлэх гээд мөнгөө цуглуулаад байж байсан.  Гэтэл мөнгө цуглуулж байх  долоо хоногийн дотор ханш арван төгрөгөөр өссөн.  500 мянган юань БНХАУ- руу шилжүүлэх гэж байгаад таван сая төгрөгийн цэвэр алдагдал хүлээчхэж байгаа юм. Тэгэхээр үл үзэгдэгч гар миний халааснаас таван сая төгрөг авсан гэсэн үг шүү дээ. Ханшийн зөрүүнээс энэ мэтчилэн  асар их асуудал үүсээд байна.

-Ханшийн өсөлтөөс шалтгаалан  өөр ямар  бэрхшээл тулгарч байна вэ?

-Ханшийн өсөлтөөс хамаараад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бүгд өснө. Иргэдийн худалдан авалт буураад ирэхээр жижиг дунд бизнес эрхлэгчдийн бизнесийн өсөлт саарна. Бараг ашиг олохгүй. Өнөөдөр мөнгөтэй байж дараагийн  шатны үйлдвэрлэл рүү  ахисан юм хийнэ үү гэхээс мөнгөгүй  хүн хэзээ ч үйлдвэрлэл мөрөөдөөд бүтэхгүй. Надад социализмын  үеэс өвлөөд ирсэн  хөрөнгө, уламжлаад ирсэн янз бүрийн бизнес байгаагүй. Ялгаа байхгүй гахай үүрч яваад  өнөөдрийн түвшинд хүрсэн. Уг нь  бид илүү ахисан түвшинд үйлдвэрлэл рүү хандах ёстой. Мэдээж үйлдвэрлэл хийхийн тулд мөнгөтэй байх хэрэгтэй. Мөнгөтэй болохын  тулд бизнес хийх хэрэгтэй. Бизнес хийнэ гэдэг маань импортыг  л хэлээд байна.  Монголд хамгийн сайн хийж байгаа “Янмал”-ын оймс, хэдэн төрлийн ундаа, бууз баншны үйлдвэрүүд л байна.

-Валютын ханшийн  өсөлт нь хоёр том гүрний дунд худалдааны дайн үүссэнтэй холбоотой гэх тайлбарыг албаныхан өгч байгаа? 

-Бизнес хийдэг хүний хувьд нэг л  зүйл хэлье.  Зах зээлийн зарчмаар юм ховордох  тусам  үнэ нь өсдөг. Гэтэл Монголд валютын нөөц нь хүртэл нэмэгдсэн байтал эсрэгээрээ өргөн  хэрэглээний барааны үнэ өсөөд байгаа юм. Энэ чинь л асуудал болоод байна. Цаашид ханш  өсөх, эсвэл буурах юм уу гэдгийг Монголбанк баталгаатай илэрхийлэх ёстой. Бензин тос өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд байгаа нь валютын ханшийн өсөлт бууралттай  шууд холбоотой. Статистик үзүүлэлтээс харахад гадаад худалдааны тэнцэл тэнцчихээд эсвэл экспорт илүү ашигтай гараад байна гэж яриад байгаа.  Энэ нь  буруу. Учир нь статистик мэдээг харахаар 100 орчим иргэн аж ахуй нэгжүүд  л том, том экспортыг хийж чадаж байна. Гэтэл дахиад импорт хийж байгаа аж ахуй нэгжүүд нь түүнээс олон буюу дунджаар 100   мянга орчим байна. Ингээд үзэхэд экспорт хийж байгаа компаниуд орж байгаа валютаа шууд гүйлгээнд оруулахгүй хав дарчихаар мэдээж хэрэг  валютын ханшны хомсдолд ороод ам.доллар өсөх ийм л нөхцөл бүрдээд байгаа.  Үүн дээр  Монголбанк өнөөдөр хариуцлагатайгаар мэдэгдэл хийх ёстой гэж бодож байна. Тайлбар өгүүлэхийн тулд өнөөдөр үзэл бодлоо илэрхийлж байна. Савлагаатай байгаа валютын өсөлт  хувиараа бизнес  эрхлэгч нар маш их дарамт болж байна.  Тийм болохоор төгрөгийн ханш дээр анхаараач.

-Та хоёр гартаа яагаад гадаад паспортоо барьсан байгаа юм бэ?

-Миний зүүн  гарт АНУ-ын арван жилийн хугацаатай виз, харин  зүүн гарт шенгений виз байна. Миний хувьд АНУ-руу яваад ажиллаж амьдрах хангалттай боломж байна. Гэтэл хүний нутаг бол хүний л нутаг байдаг. Эх орондоо л сайхан амьдармаар байна шүү дээ. Эрх мэдэлтнүүд ард иргэдийнхээ амьдрал ахуйг дэмжсэн бодлого барихыг л хүсэж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж