Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн эдийн засгийн хямралтай тэмцэх нэг төлөвлөгөөний хэсэг бол зарим нэг чиг үүрэг нь давхцсан агентлаг, газруудыг татан буулгаж, нэгтгэх явдал. Үүний хүрээнд Цөмийн энергийн газрыг татан буулгаснаар Монгол Улс эрчим хүчний салбар дахь дэлхийн хөгжлөөс нэг алхам хойш ухарлаа гэж харагдаж байна.
УИХ-ын чуулганы пүрэв гаригийн буюу маргаашийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийх хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Засгийн газар, УИХ гаргасан алдаагаа засахын тулд энэ хуулийн төслийг заавал хэлэлцэхээс өөр аргагүй. Учир нь Цөмийн энергийн газар нь Цөмийн энергийн тухай хуулийн хүрээнд үйл ажиллагааг явуулж, цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага. Үүнийг нь хуульчилж өгсөн хууль тогтоох дээд байгууллага нь гаргасан хуулиа өөрсдөө зөрчөөд эхлэхээр Монголын хууль гурав хоног байхаас яах билээ.
Цөмийн энергийн тухай хуулийн 11.1-т “Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн судалгааг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт аюулгүй байдлыг хангах, мэргэжлийн хяналт тавих чиг үүргийг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг.
Гэвч 2009 онд баталсан эл хуулийг өөрчлөхгүйгээр эхлээд бодлого хэрэгжүүлэх байгууллагаа татан буулгаснаар дараа дараагийн хууль зөрчсөн шийдвэрүүд ч дагалдан гарсаныг улс төрчдөд анхааруулах нь зөв биз.
Анх цөмийн комисс гэж байгуулж, С.Баярын Засгийн газрын үед үүнийг бодлого хариуцсан газар болгон өргөжүүлж, зургаан жилийн өмнө тусгай хууль баталсан юм. Энэхүү хуулийн хүрээнд цөмийн салбарын бүх л үйл ажиллагааг, уран олборлохоос эхлээд эрүүл мэнд, хүнсний салбар, хөдөө аж ахуйд цөмийн технологийг хэрэглэх,судалгаа шинжилгээ явуулах зэрэг олон ажлыг Цөмийн энергийн газар хариуцан ажиллаж байсан билээ.
Харамсалтай нь, энэ байгууллага Шийдлийн Засгийн газрын өнгөн дээр таран бутарч, Монгол Улс цөмийн салбартаа “гологдсон хүүхэд” мэт хандаж байгаад эрдэмтэд шүүмжлэлтэй хандаж байна.
Монгол Улс бол хөгжиж яваа орон. Газрын баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд найдвартай, хямд эрчим хүчний эх үүсвэр хэрэгтэй. Өнөөдрийн шиг өндөр өртөгтэй, эрчим хүчний дутагдалтай, хоёр хөршөөсөө цахилгаан импорлож байгаа нөхцөлд баялгаа боловсруулах, үйлдвэржилтийг явуулах бололцоо бараг байхгүй.
Засгийн газар хууль зөрчин Цөмийн энергийн газрыг татан буулгаж, мөн мөн хуулийн хүрээнд бус, албан бичгийн хүрээнд асуудлыг шийдвэрлэж, МХЕГ руу 35, АМГ руу зургаа, УУЯ руухоёр мэргэжилтэнг нь ажлуулахаар хуваарилжээ. Албан бичгээр хуулийг өөрчлөх эрх хэнд ч байхгүй.
Ерөнхий сайдын хэлсэн шиг Цөмийн энергийн газар чиг үүрэг нь давхардсан, аль эсвэл Монголд хэрэггүй салбар биш. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд энэ салбарт мөнгө харамгүй хаяж байхад Монгол Улс цөмийн салбараа татан буулгаж байгаа нь хөгжлийн бодлого хаана байна гэх асуулт тавихад хүргэж буй юм.
Засгийн газрын 387 тоот тогтоолд “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Засгийн газрын тохируулагч агентлаг-Цөмийн энергийн газрыг татан буулгасугай” гэсэн байна. Энэхүү шийдвэрийн хүрээнд маргаашийн чуулганы хуралдаанаар Цөмийн энергийн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх, Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт хийх хуулийн төслийг хэлэлцэх бөгөөд УИХ-ын гишүүд Монгол Улсын эрчим хүчний бодлогод хэрхэн хандаж байгааг харах л үлдэж байна. Цөмийн салбаргүйгээр хөгжил байхгүй, адаглаад л эрүүл мэндийн салбарт ямар их ач холбогдолтойг манай улстөрчид мэдэж байгаа, тиймээс ч маргаашийн чуулганы хуралдаанаар Монгол урагшлах уу, ухрах уу гэдэгт хэн яаж хандаж байгааг харцгаая.
Ж.ЭРХЭС