УИХ-ын гишүүн Я.Санжмятав Завхан аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа "Гурван тулгуурт бодлого" хэрэгжүүлсэнээр дунд сургуулийн сурагч бүр шатрын спортоор хичээллэх болсон. Улмаар өнгөрсөн оны есдүгээр сард Завхан аймгийн 24 суманд нэгэн зэрэг “Өсвөрийн 9999 монгол шатарчид”ын тэмцээн зохион байгуулагдаж, сурагчид оюун ухаанаараа өрсөлдсөн.
Дээрх тэмцээнд тэргүүн байр эзэлж, гадаадад аялах эрх гардсан хоёрдугаар ээлжийн 10 хүүхэд маргааш Хонконгийг зорих болжээ. Эхний арван сурагч Япон улсад аялаад ирсэн юм байна. Нийт 100 хүүхэд гадаадад аялах эрх гардсанаас ийнхүү хоёрдугаар ээлжийнхэн маргааш хүлгийн жолоо залах аж. Харин дараагийн ээлжийн 10 хүүхэд Москва хотыг зорих юм байна.
Онцлоход, Монголд төдийгүй дэлхийд анхлан нэгэн зэрэг "9999 шатарчид" оюун ухаанаа сорьсон энэхүү тэмцээнийг Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч Кирсан Николаевич Илюмжинов хүрэлцэн ирж сонирхсон юм. Мөн “Өсвөрийн 9999 Монгол шатарчид” тэмцээнийг олон улсын шатрын холбоо албан ёсны хөтөлбөртөө оруулж, Монгол Улсад Шатрын академи байгуулж, цаашид шатрын спортоор тууштай хичээллэж амжилтад хүрсэн хүүхдүүдээс жилд тавыг нь Москвад үнэ төлбөргүй сургахаар болсон билээ.
Г.НАРАН